Эх дэлхийн өдрөөр ”Эко элч”-үүдийг тодрууллаа


7 жил

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн “Эко элч” тодруулах ёслолын арга хэмжээ “Эх дэлхийн өдөр” –өөр зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд БОАЖЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Алтангэрэл болон холбогдох албан тушаалтнууд, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн УЗ-ийн гишүүд, орон нутгийн салбар зөвлөлийн дарга нар, гишүүн байгууллагын төлөөлөл оролцсон байна.

2017 оны “Эко элч”–ээр 7 иргэнийг тодруулсан бөгөөд БОАЖЯ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл хамтран хэрэгжүүлсэн “Цэвэр агаар - Иргэн миний үүрэг оролцоо” төслөөс гарсан судалгаа, мониторинг дээр үндэслэн нийгмийн хариуцлагатай, бүтээлч, шинийг санаачлагч иргэн, аж ахуй нэгжүүдийн байгаль орчинд хийгдсэн сайн туршлагуудыг алдаршуулж, түгээн дэлгэрүүлэх болзлыг хангасан хэмээн үзэж дараах хүмүүсийг тодруулсан байна.

“Эко –Элч ААН” -ээр "Мөнх хада" ХХК-ийн машин угаалгын газар тодорсон байна. Тус байгууллага нь машин угаасан усаа цэвэршүүлэн 100% дахин ашигладаг бөгөөд хаягдал тос, тортог баригч бүхий өндөр технологитой цэвэрлэх байгууламж барьж ашигладаг ажээ.

“Ногоон үйлдвэрлэгч –Элч” –ээр  Баруун хараагийн иргэн, өрхийн АА эрхлэгч “Хөгжлийн төлөө түншлэл” ТББ-ын тэргүүн Дагвадорж тодорсон байна. Тэрээр жимс хүнсний ногоо тариалж, өөрсдөө зах зээлд шууд нийлүүлдэг, хаягдал ногоо, бууцаар чийгийн улаан хорхой ашиглан үржил шимт хөрс боловсруулан гаргадаг бөгөөд олон нийтэд зориулан сургалт явуулж 7 аймгийн 44 нөхөрлөлтэй хамт хөгжиж байгаа Нийгмийн хариуцлагатай өрхийн үйлдвэрлэгч юм байна.

“Эко –Элч сургагч багш” – аар хүлэмжийн аж ахуйн шилдэг агрономич, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, үрсэлгээг үйлдвэрлэлийн зориулалтаар гаргаж зах зээлд нийлүүлэгч сонгодог жишээ, компостын технологийг хэрэгжүүлэгч, Нийгмийн хариуцлагатай сургагч багш С.Тунгалаг.

“Эко-Элч Эрдэмтэн” –ээр Гэр хороолол болон суурин газрын цэвэрлэх байгууламжийн технологийн инноваци хийж амьдралд нэвтрүүлсэн Доктор Д.Басандорж тодорчээ. Тэрээр Гацуурт тосгонд хоногт 25 м3 ус цэвэрлэх хүчин чадал бүхий төв цэвэрлэх байгууламжийг байгуулсан нь үндэсний хэмжээнд шинэ технологи, туршлага болж чаджээ.

“Эко –Элч сэтгүүлч” –ээр Монголын үнднсний радиогийн Нийгэм эдийн засгийн нэвтрүүлгийн редактор, сэтгүүлч Ц.Даваадулам, “Time” сайтын ерөнхий  редактор, сэтгүүлч Б.Бат-Эрдэнэ нар тодорсон байна. “Эко Элч- Иргэн” ээр СХД-ийн иргэн, үлгэр жишээ өрх айл цахилгаан, дулаан, түлш, жорлон, хашааны ногоон байгууламжийн шилдэг жишээг нэвтрүүлсэн Ш.Гэлэгжамц тодорсон бол “Эко-Элч- Ойжуулагч” –аар "Баян чацаргана" ТББ-ын тэргүүн Б.Довдондэмбэрэл Тужийн нарсыг нөхөн сэргээх ажлыг хийж 12 жилийн турш тууштай  арчилж ургуулсан зэрэг үзүүлэлтүүдээр тус тус тодорч өргөмжлөлийг гардан авчээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү