Үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ


7 жил

УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.05.31) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, энэ талаархи Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулав. Уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсний дагуу бүх Байнгын хороод хуралдан тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гаргасан санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаа Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн байна.

Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, үндсэн чиглэлийн төсөлд Үндэсний аудитын газраар дүгнэлт гаргуулж Байнгын хорооны хуралдаанаар сонссон бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6-д “Бусад байнгын хороо Үндсэн чиглэлийг хэлэлцсэн бол гаргасан санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд өгнө” гэсний дагуу Байнгын хороодоос үндсэн чиглэлийн төслийг хэлэлцээд ирүүлсэн санал, дүгнэлтийг хуралдаанд танилцуулж, тэдгээрээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэжээ. Мөн уг төсөл нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлогын үндсэн  баримт, бичгүүдтэй хэр уялдсан талаар дэд ажлын хэсгээр дүгнэлт гаргуулсан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарзориг, Х.Баделхан, Б.Ундармаа, М.Билэгт нар Байнгын хорооны дарга болон Сангийн сайдаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэлсэн юм.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж,  тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй 61  саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулахад 24 санал нь гишүүдийн олонхийн дэмжлэг авч, 37 нь санал нь дэмжигдээгүй аж.

Иймээс эхлээд Байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, тогтоолын төслийн хавсралтын 9 дүгээр зорилтын 3 дахь хэсэгт “гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах” гэж; төслийн хавсралтын 18 дугаар зорилтын 4 дэх хэсэгт “цэргийн сургалт, бэлтгэлийн тогтолцоо, материаллаг баазыг бэхжүүлэх” гэж тус тус нэмэх; төслийн хавсралтын 16 дүгээр зорилтын 16.1 заалтын “Төрийн өмчийн талаар баримтлах бодлогыг шинэчлэх” гэснийг “Төрийн өмчийн үр ашгийг сайжруулах, хувьчлах үндсэн чиглэл, бодлогыг шинэчлэх гэж өөрчлөн найруулах; тогтоолын төслийн хавсралтын 5 дугаар зорилтод “Багануурын ДЦС-ыг барих ажлыг үргэлжлүүлэх” гэж; хавсралтын 10 дугаар зорилтод “зарим их, дээд сургуулиудыг Дархан-Уул, Орхон, Багануур, Сэлэнгэ аймагт нүүлгэн шилжүүлж, ажлыг эхлүүлэх,” гэж тус тус нэмэхээр тогтов. Мөн тогтоолын төслийн хавсралтын 1 дүгээр зорилтод “Үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнесийн таатай орчныг сайжруулах, жижиг зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар 45000 ажлын байр шинээр бий болгох.” гэж; хавсралтын 14 дүгээр зорилтод “Их, дээд сургууль, МСҮТөв төгсөгчдөд өөрт бий болгосон ур чадвартаа түшиглэн ажлын байр, орлоготой болгох гарааны бизнесийн дэмжлэг үзүүлэх тоног төхөөрөмж лизингээр олгох хөтөлбөр хэрэгжүүлэх.” гэж; хавсралтын 13 дугаар зорилтод “Иргэн бүрийг жилд 1 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах бодлогыг үе шаттай хэрэгжүүлж эхлүүлэх.” гэж тус тус нэмэхээр боллоо.

Түүнчлэн тогтоолын төслийн хавсралтын 14 дүгээр зорилтод “Эрүүл мэндийн даатгалын бие даасан, даатгуулагч төвтэй, орчин үеийн менежменттэй тогтолцоог бий болгох, эрүүл мэндийн даатгалын иргэдэд хүрэх үр өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх." гэж; хавсралтын 9 дүгээр зорилтод “Малчдад учрах эрсдлийг бууруулах зорилгоор цаг агаарын гэнэтийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлэх мэдээллийн сүлжээ байгуулах” гэж; хавсралтын 1 дүгээр зорилтод “Бизнес эрхлэлтийн санхүүгийн зардлыг бууруулах бодлого хэрэгжүүлэх”; “Хөрөнгийн зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, олон нийтийн оролцоог хангах эрх зүйн орчныг сайжруулах”; “Засгийн газрын гадаад зээлийн үйлчилгээний төлбөрийг бууруулах хөтөлбөр боловсруулах”; “Үндэсний хэмнэлтийн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх” гэж тус тус нэмэхээр тогтов.

Дараа нь тогтоолын төслийн талаар Байнгын хорооноос дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэлсэн ч гишүүдийн ирц хангалтгүй байсан тул хуралдаан даргалагч чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулж, 15 цагаас ирц бүрдүүлж байж асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрлэхээр боллоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү