Батлан хамгаалах салбарын "Нээлттэй хаалганы өдөр" болж байна


7 жил

БХЯ, ЗХЖШ, ҮБХИС, Нийслэлийн болон дүүргүүдийн Цэргийн штаб, яамны харьяа, аж ахуй нэгж байгууллага хамтран Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг Төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдэд сурталчлах зорилготой “Нээлттэй хаалганы өдөр”-ийг өнөөдөр 10:00-17:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Энэхүү өдөр нь “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр”-тэй давхцаж байгаагаараа онцлог юм.

БХЯ, ЗХЖШ-ын бодлого үйл ажиллагааны чиглэл, зорилгыг Төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдэд сурталчлан таниулах, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл түгээх, ард иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, бодлого үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэхэд “Нээлттэй хаалганы өдөр”-ийн гол зорилго оршино. Өнөөдөр БХЯ, ЗХЖШ-ын бүтцийн нэгж, харьяа байгууллагууд бүтэц зохион байгуулалт, үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааныхаа талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга хийхийн сацуу тэдний сонирхсон асуултад хариулт өгч, холбогдох үйлчилгээг үзүүлж байна. Мөн өдөр БХЯ болон Батлан хамгаалахын төв архивын лавлагаагаар үйлчлэх, офицер, ахлагчийн алба хаах журмын талаар мэдээлэл, танилцуулга хийх, Батлан хамгаалах яамны долоо хоног тутмын дотоод үйл ажиллагаа, гаднаас иргэдийг хүлээн авах журмын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх, хариу өгөх асуудлаар нийтэд танилцуулан мэдээлэх, санал, хүсэлт хүлээн авах, хариулт өгөх, саналын хайрцаг ажиллуулах зэрэг арга хэмжээ өрнөж байна.

Түүнчлэн Энхийг сахиулах болон Олон улсын ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэрэг дайчдын оролцсон байдлын тухай төрөлжүүлсэн  зурагт самбар, видио бичлэг, хүндэт харуулын цэргүүдийн жагсаалын үзүүлбэр,  гадаадад үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдын ар гэрийг хүлээн авч санал, сэтгэгдлийг нь сонсож, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад мэндчилгээ хүргэх боломж бүрдүүллээ.

“Нээлттэй хаалганы өдөр”-т хүрэлцэн ирсэн иргэд Батлан хамгаалахын төв архив, Цэргийн төв эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах боломжтой. Тухайлбал, хөдөлгөөнт хээрийн лабораториор рентген зураг авах, эхо, зүрхний бичлэг хийх, нүд, чих хамар хоолойн эмч үзлэг хийн зөвлөгөө өгч, сахарын хэмжээг тогтоох зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлнэ. Түүнчлэн Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн элсэлтийн журам, сургалтын тогтолцоо, цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж буй тэнхимүүдийн сурталчилгаа, БХЯ-ны харьяа “Бөртэ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын хамт олон дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа явуулахын сацуу Батлан хамгаалах салбараас хэрэгжүүлж байгаа Зам тээвэр, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, осол, зөрчил, хөдөлмөр аюулгүй ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл сурталчилгаа хийж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү