Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцлаа


7 жил

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр нар Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохиогддог Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн 2017 оны 06 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.

Баг тамирчидтай уулзах үеэр бригадын генерал Т.Бадрал“Бидний өмнө түрүүлнэ гэсэн ганцхан зорилго байгаа. Нийслэлийн Онцгой байдлын газраас тэмцээний бэлтгэл хангахад бүх талын шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Биеэ бэлд, сэтгэл зүйгээ бэлтгэ. Тэмцээн болохоод 28-хан хоног үлдлээ. Хүчний байгууллагын олон аавын хүүхдүүд та нартай адилхан бүгдээрээ бэлтгэлээ хангаж байгаа. Тэднээс яагаад илүү байж болохгүй гэж. Онцгой байдлын алба илүү шүү. Бид өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна. Иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө байнгын бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна. Бид нэг баг. Та нар чадна” хэмээн тамирчдадаа урам өгч, амжилт хүслээ.



Харин дасгалжуулагч, онцгой байдлын хурандаа Б.Баттулга сарын өмнөөс бэлтгэлээ базааж эхэлсэн тамирчдын маань бэлтгэл сургуулилт жигдэрч, сэтгэл санаа өөдрөг байгаа гэсэн юм.

Мөн тамирчдын бие бялдар, сэтгэлзүй, эрүүл мэндийн бэлтгэлийг хангахад шаардагдах ,хөрөнгө, хүч хэрэгслийг нийслэлийн Онцгой байдлын газар онцгой анхаарч ажиллаж байна. Өмнө нь ийм хэмжээний хөрөнгө, хүч хэрэгсэл зориулж бэлтгэл хангаж байгаагүй гэж онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр онцолсон.

Уулзалтын дараа тамирчдын үзүүлэх тоглолтыг сонирхож, албан хаагчдын ахуй нөхцөлтэй танилцав.

Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд албан хаагчдаас цэргийн бэлтгэл, сургуулилт, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, ур чадварыг шаардсан, аливаа бэрхшээлийг даван туулах, чадвар, арга барилыг эзэмшүүлдэг ач холбогдолтой юм.

Д.Тэмүүжин: Бид бие бялдар, сэтгэлзүйн өндөр түвшинд бэлтгэгдэж байгаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохиогддог Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд оролцохоор бэлтгэл хангаж байгаа Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Тэмүүжинтэй бэлтгэл сургуулилтын талаар цөөн хором ярилцлаа. Тэрбээр Онцгой байдлын албанд 16 дахь жилдээ ажиллаж байгаа, Өмнөд Судан улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан манай туршлагатай аврагчдын нэг юм.

–Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд хэд дэх удаагаа оролцож байна вэ. Ямар амжилтууд үзүүлж байв?

-Манай Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага анх удаа 2011 онд энэ тэмцээнд баг тамирчдаа оролцуулсан. Миний хувьд 2011, 2013 онуудад тус тус оролцож байсан. 2013 онд  бид амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн. Энэ жилийн тэмцээнд алтан медаль авна гэсэн зорилготой бэлтгэж байна.



-Өөр ямар нэгэн спортын төрлөөр хичээллэдэг үү?

– Би Нийслэлийн Онцгой байдлын газраас жил бүр зохион байгуулдаг Марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд тасралтгүй 15 жил оролцсон. Хөнгөн атлетикийн спортоор 12 наснаасаа хойш хичээллэсэн. Спортын мастер зэрэгтэй. Энэ маань бас бэлтгэл сургуулилт хийхэд давуу тал болдог.

-Тэгвэл тэмцээний бэлтгэл хэр хангагдаж байна даа?

-Бид сарын өмнөөс бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Бэлтгэл маш сайн хийгдэж байна. Багийн маань дийлэнх нь залуучууд. Тэгээд ч бэлтгэл сургуулилтад маань ОБЕГ, НОБГ-ын удирдлага, албаныхан маань бүх талын дэмжлэг үзүүлж байна. Тиймээс бид бие бялдар, сэтгэлзүйн өндөр түвшинд бэлтгэгдэж байгаа. Багаараа алтан медаль авна гэсэн зорилготой. Энэ спорт эр зориг, хурд хүч, авхаалж самбаа шаарддаг. Баг тамирчид маань урам зоригтой, эрч хүчтэй бэлтгэлээ хангаж байна. Энэ дашрамд биднийг бэлтгэлээ хангахад бүх талаар дэмжиж байгаа удирдлагууддаа талархалаа илэрхийлье гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү