Зөрчлийн тухай хуультай холбоотой хуулийн төслүүдийг баталлаа


7 жил

УИХ-ын чуулганы өчигдрийн (2017.05.11) үдээс хойших нэгдсэн хуралдаан Зөрчлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно” хэмээн заасныг үндэслэн хуулийн төслүүдийг боловсруулсан байна. Хууль зүйн байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүн анхын хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргаж, уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийн мөн танилцуулгад дурдсан.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор ял шийтгэлийн “эрх хязгаарлах” гэсэн шинэ төрлийн зохицуулалт тусгах боломж бий эсэхийг асуусан юм. Шинэ төрлийн ял шийтгэл тусгах боломжгүй гэдгийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хэлээд “Хуулийн төсөлд гэр бүлийн хүрээнд үйлдэж буй хууль зөрчсөн үйлдлийг эхний удаад зөрчил, давтан үйлдсэн тохиолдолд эрүүгийн хэрэг хэмээн тооцох юм. Энэ зохицуулалттай нийцүүлэн Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн” гэж тайлбарлав. Мөн дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж буй хүрээнд “эмийн түүхий эд” хэмээх нэр томъёог хуульд нэмж тусгах, ингэснээр эмийн найрлагад ордог “мими” хэмээх түүхий эдийг хууль бусаар хилээр оруулсан үйлдлийг зөрчил хэмээн тооцох зохицуулалт тусгагдсан гэв. Үүний дараа төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах Байнгын хорооны горимын саналыг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд дараагийн санал хураалт явагдаж Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг анхны хэлэлцүүлгээр батлахыг гишүүд 70.6 хувийн саналаар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг мөн 70.6 хувийн саналаар дэмжин баталлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү