Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн батлав


7 жил

УИХ-ын чуулганы өчигдрийн (2017.05.11) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа. Тус байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулахдаа агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан байна. Мөн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар төслийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрийг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн төслийн зарим зүйл, заалтын талаар тодруулан асуулаа. Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэг нь Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн тухай бөгөөд 19.1 дүгээр зүйлд “Монгол Улсын иргэн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор дайны, дайн бүхий байдал, зэвсэгт халдлага, мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ” хэмээн тусгасан байдаг. Энэ хууль 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжинэ гэдгийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар тайлбарлалаа. Түүнчлэн тус хуульд “Олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явах, танхайрах” гэсэн хоёр төрлөөр танхайрах зөрчлийг тус тусад нь ялгаж тусган, зохицуулалтыг тусгасан гэв. Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчим, гудамж талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш хаясан бол олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явах гэж үзэх юм. Харин хэрүүл маргаан үүсгэсэн, бусдыг өдөөн хатгасан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, олон нийтийг илтэд үл хүндэтгэсэн, дарааллын журмыг зөрчсөн, бусдын эд хөрөнгийг эвдэж, сүйтгэж, гэмтээж биеэ авч явах зэргээр нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн бол танхайрах зөрчил хэмээн үзэхээр төсөлд тодорхойлсон байна. Түүнчлэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалсан, байр саваар хангасан, тариалсан гэх мэт үйлдлүүдтэй холбоотой Эрүүгийн хуулийн зохицуулалтын талаар дэлгэрэнгүй тайлбарлав. Харин мансуурах зорилгоор газ, цавуу үнэрлэж байгаа үйлдлийг зөрчил хэмээн тооцож, хариуцлага хүлээлгэхээр тусгасан гэлээ.

Ийнхүү хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Үргэлжлүүлэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 74.5 хувийн саналаар дэмжин баталлаа. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нэг бүрийг батлах санал хураалт явуулж, УИХ-ын гишүүдийн олонх дэмжин баталсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү