Х.Нямбаатар: Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт хойшилж, зардал хэтэрсэн нь геотехникийн асуудлаас болоогүй гэсэн дүгнэлт гарсан


3 жил

“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах Засгийн газрын ажлын багаас мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн эхэнд ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэг тэрбум 450 саяар нэмэгдсэн нь төслийн геотехникийн асуудалтай холбоогүй гэдэг дүгнэлтийг танилцуулж байна. Оюутолгойн төслийн менежментийн багаас "Зардал их хэмжээгээр өсч буй нь гүний уурхайн геотехникээс болсон. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил хоёр жилээр хойшилсон нь мөн л ийм шалтгаантай" гэх тайлбарыг  Монгол улсын Засгийн газарт ирүүлж байсан. 

Бүтээн байгуулалтын ажил 22 сараар хойшилсон асуудлаар Засгийн газраас компанийн ТУЗ-д удаа дараа хүсэлт тавьсны үндсэн дээр дэлхийд нэр хүндтэй хөндлөнгийн шинжээчид ажиллуулахаар болсон. Энэ хүсэлтийн дагуу өнгөрсөн гуравдугаар сард хөндлөнгийн шинжээчид томилогдож, таван сар гаруй хугацаанд ажиллаж өнөө өглөө хөндлөнгийн шинжээчид Засгийн газрын Ажлын хэсэгт дүгнэлтээ хүргүүллээ.

Ингээд хөндлөнгийн шинжээчид төслийн гүйцэтгэл хойшилж, зардал хэтэрсэн нь геотехникийн асуудлаас болоогүй гэсэн дүгнэлтийг танилцууллаа. Оюутолгойн хэлэлцээрийг урагшлуулах ажил цаашид үргэлжилж байна. 

Дөнгөж сая  Рио Тинто группийн Монгол дахь салбарын захирал Амаржаргал, Мөнхсүх нартай хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбогдуулж уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд тайлбар хийхийг, мөн далд уурхайн олборлолтоо яаралтай эхлүүлээч ээ гэдэг шаардлагыг тавилаа. Монголын Засгийн газрын зүгээс далд уурхайн шинэчилсэн ТЭЗҮ-г дахин батлах боломжгүй. Иймд хуучин ТЭЗҮ-ээр далд уурхайн олборлолтоо эхлүүлэхийг хүслээ. Дубайн төлөвлөгөөний хүрээнд далд уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн ч менежментийн буруу үйл ажиллагаанаас болж зардал хэтэрч, бүтээн байгуулалт удааширсан байна. Иймд хувьцаа эзэмшигчийн хувьд Монголын Засгийн газар гомдолтой байгаа. Менежментийн багийн алдаанаас гарсан зардлыг хэрхэн нөхөх талаар яаралтай хэлэлцэхийг компанийн ТУЗ болон хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэх шаардлага гарч байна.

Одоо бид энэ хөндлөнгийн дүгнэлтийг хөрөнгө оруулагчидтай хийх яриа хэлэлцээнд гол баримт болгоно. Хэлэлцээ урагшлуулахад чухал нөлөө үзүүлнэ гэж харж байна" гэлээ.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү