УИХ-ын дарга Г.Занданшатар Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ


1 сар

 

Азай буурал Аксакалууд аа,

            Эрхэм хүндэт казах иргэд ээ,

 Нарны баяр – Хаврын баяр Наурызыг тохиолдуулан Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Ассалам алейкум.

Наурызын баярыг хүн төрөлхтөн бичиг үсэгт тайлагдахаасаа өмнө тэмдэглэж байсан хэмээн түүхэн сурвалжид тэмдэглэсэн байдаг. Тиймээс Наурыз бол нийт хүн төрөлхтний баяр юм.

Дэлхийн 40 гаруй орны 400 гаруй сая хүн ёслон тэмдэглэдэг энэхүү баярын өдөр казах түмэн маань айл хотол, ахан дүүсээрээ амар мэндээ мэдэлцэж, аксакал буурлуудынхаа ерөөл сургаалыг сонсдог.

Үндэсний соёл, түүх, ёс заншлаа дээдэлж, үр ачдаа өвлүүлж, эв нөхөрлөлийг эрхэмлэдэг.

Дэлхийн казахуудын дотроос хэл, соёл, ёс заншлаа хамгийн цэвэр ариунаар хадгалж үлдсэн нь Монголын казахууд гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Энэ бол Та бүхний дэлхийн соёлын өвд оруулж буй үнэт хувь нэмэр юм.

Монголын төр казах иргэдийнхээ зан заншил, шашин шүтлэгт хүндэтгэлтэй хандаж, онцлог өвөрмөц байдлыг хадгалж, баяжуулан хөгжүүлэхийн төлөө ямагт анхаарлаа хандуулдаг.  

Монголын казахуудын уугуул нутаг Баян-Өлгий аймагт үйлдвэрлэл, бизнесийг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, иргэдийн сурч боловсрох, эрүүл саруул ажиллаж амьдрах эрхийг хангах, ард олны амьжиргааг дээшлүүлэх нь үе үеийн төр, засгийн бодлогод онцгой байр суурь эзэлсээр ирсэн билээ. 

Казах түмэн маань аймаг орон нутгаа хөгжүүлэх, ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, улс орныхоо тогтвортой хөгжлийн суурийг бүрдүүлэх үйл хэрэгт урьдын адил үнэтэй хувь нэмэр оруулсаар байх болно гэдэгт итгэл дүүрэн байна.

Иргэнээ дээдэлсэн төр, хууль засагласан нийгэм, эрдэм боловсролтой иргэд, хөгжлийг тэтгэсэн эдийн засагтай Шинэ Монголыг бүтээхийн төлөө хүчээ нийлүүлэн хамтдаа зүтгэцгээе. 

Эрхэм иргэд ээ,

Перс хэлээр наурыз нь “Шинэ өдөр” гэсэн утгатай. Тиймээс шинэ өдөр бүхэн Та нарт минь баяр жаргал, итгэл эрмэлзлийг бэлэглэж байх болтугай гэж ерөөе.

Хайр энэрлийг түгээн, үржил шимийг тэтгэгч эрхэм баяраа ам дүүрэн ерөөлтэй, дастархан дүүрэн идээ будаатай, айтыс дууны аялгуутай сайхан тэмдэглээрэй.

Наурыз мейрамы хутты болсын.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

 

Улаанбаатар хот.                                                 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү