Засгийн газар Боловсролын ерөнхий хуулийн төслийг дэмжжээ


1 сар

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл, түүнийг дагалдан гарах хуулиудын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихыг дэмжсэн байна. Уг хуулийн төслийг боловсруулахад Боловсрол, шинжлэх ухааны яам бүх шатны боловсролын сургалтын болон мэргэжлийн байгууллага, багш, ажилтан, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулан ажиллажээ. 

Боловсролын ерөнхий хуулиар салбарын нийтлэг зохицуулалтуудыг зохицуулж, дагалдан гарах хуулиудаар бүх шатны харилцааг нарийвчлан зохицуулахаар тусгасан байна. Боловсролын зорилгыг “Төрт ёс, түүх, соёл, уламжлал, үнэт зүйлсийг өвлөсөн, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахисан, дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг, чадвартай, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулдаг, эрүүл, хариуцлагатай, төлөвшсөн иргэнийг бэлтгэхэд оршино” гэж томьёолжээ. Тодруулбал, цаашид хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа нийгэмд амьдрах монгол хүний хүмүүжил төлөвшил, хүмүүнлэг ёс суртахуун, мэдлэг, чадвар, хөгжлийг онцолсон байна.

Мөн "Боловсролын агуулгыг суралцагчийн нас, хөгжлийн онцлог, авьяас, сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээ, үндэсний өв уламжлал, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ” гэж тодорхойлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү