АН: Халамжийн бодлогыг сайтар судалж, зөв чиглүүлэхгүй бол ядуурлаас аврах биш ядуурал руу түлхэж байна


1 сар

УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийв. Тэрбээр “Бүлгийн хуралдаанаар найман асуудал хэлэлцлээ. Тухайлбал, 2021 оны төсөв, Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Соёлын тухай хуулийн шинэчлэл, Гадаадын иргэний эрх зүйн байдлын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцсэн. Эдгээр хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Сангийн яам үнэхээр хариуцлагагүй ажиллаж байна. Бүлгийн хурал дээр Сангийн яамнаас танилцуулга мэдээлэл өгөх байсан. Ирсэнгүй. Энэ асуудлаар бид зохих байгууллагуудад хандана.

2021 оны төсвийн зарлагын бодлогыг эргэж харах шаардлагатай. 2020 оны төсвийн зарлага 13.8 их наяд, 2021 оных 14 их наяд төгрөг байгаа нь дөрвөн жилийн өмнөхөөс даруй хоёр дахин их байна. Сонгуулийн жилүүдэд төсвийн зарлага огцом нэмэгддэг нь гол асуудал дагуулж байна. 2021 оны төсвийн алдагдал 2.1 их наяд, 2022 онд 1.6 их наяд, 2023 онд 1.4 их наяд байхаар төлөвлөснөөс харахад гурван жилд Монгол Улсын төсөв 10 их наяд төгрөгийн алдагдал хүлээхээр байна.

Халамжийн бодлого хэтэрхий хавтгайрч, хяналтаа алдсан байна. Өнөөдрийн байдлаар 73 төрлийн 1.6 их наяд төгрөгийн халамж өгч байна. Халамжийн бодлогыг сайтар судалж, зөв чиглүүлэхгүй бол ядуурлаас аврах биш ядуурал руу түлхэж байна. 

Түүнчлэн хүүхдүүдэд олгож байгаа 100 мянган төгрөгийг зургадугаар сар хүртэл олгохоор тусгасан байна. АН-ын бүлгийнхэн хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх жил дуустал олгох нь зөв гэж үзсэн. Хэрэгцээ нь дуусахаараа харьцаа нь дуусдаг байж болохгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хүүхдийн 100 мянган төгрөгийг олгохгүй болох нь. Тиймээс бид бүтэн жилээр нь олгох нь зөв гэж үзсэн” гэсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү