Д.Энхсайхан: Өр тавьсаар байвал стратегийн ордууд, газар нутгаа ч алдах эрсдэлтэй


3 жил

НИТХ-ын сонгуулийн 11-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Энхсайханыг энэ удаагийн ярилцлагын зочноор урьж оролцууллаа. Д.Энхсайхан нь олон улсын харилцаа судлаач, эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Түүнтэй сонгуультай холбоотой бус олон улсын харилцаа судлаач хүний хувьд Монгол Улсын гадаад харилцаа, өр зэрэг зайлшгүй анхаарах ёстой асуултуудад нээлттэй, дэлгэрэнгүй хариулт авч ярилцсанаа энд сийрүүлэн уншигчдадаа хүргэж байна. Өрийг өрөөр дардаг буруу жишиг, манай улсын эдийн засгийн нөхцөл байдал, төрийн буруу шийдвэрийн талаарх ярилцлагыг хүлээн авч уншина уу. 

-Гадаад өр ихсэх нь улсын тусгаар тогтнол ч алдагдаж болохуйц эрсдэлтэй байдалд хүргэдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд манай улс өрийг өрөөр дарсаар байгаад гадаад өр хяналтаа алдчихав уу гэмээр байдалд ороод байх шиг байна. Та энэ талаар байр сууриа илэрхийлээч ?

-Монгол Улс сүүлийн 20 жилийн дотор 30 тэрбум ам.долларын гадаад өртэй болчихлоо. Одоогийн улс төрчид 20 жилийн дараа байхгүй. Тийм учраас сонгуулиас сонгуулийн хооронд дөрвөн жилийн хугацаанд “Би, манай нам болж л байвал” гэсэн байдлаар хандахаа болимоор байна. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд айлчлалын үеэрээ “Танай талд нүүрс овоордог байсан бол одоо манай талд овоорч байна” гэж бидэнд дипломат журмаар хэлсэн. Үүнээс харахад бид өөрсдөө нүүрсээ баяжуулдаг, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих гэх мэтээр гаднаас хараат бус байдалд орох шаардлагатай байгаа юм. Эсрэгээрээ бид гадаад улсуудад өр тавьсаар байвал том том стратегийн ордуудаа алдах, цаашлаад газар нутгаа ч алдах эрсдэлтэй. Өрөнд орсон улс өөр юу өгөх вэ дээ.

Манай улсын хувьд туршлага судалж болох бэлэн жишээнүүд байна. Тухайлбал, Шри-Ланка улс өрөө төлж чадахгүй байгаагийн улмаас далайн боомтоо 99 жилээр Хятад улсад түрээслүүлж байна. Тажикстан улс өр төлбөртэй холбоотойгоор газар нутгаа алдаж байна. 2019 оны төсвийн тодотголыг 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай баталжээ. Ерөөсөө төсвийг алдагдалтай батална гэдэг бол өр л нэмэгдэж байна гэсэн үг. Төсвийн алдагдал юунаас болж үүсч байна вэ гэхээр 1000 хүрэхгүй хүн амтай суманд нэг Их хурлын гишүүний амбицаар сургууль, цэцэрлэг барьчихдаг. Энэ мэт зүйлсээс болж гадаад улсаас зээл авч өрөнд орох, тусгаар тогтнол, үнэт зүйл алдагдах эрсдэл бий болж байгаа юм. Тиймээс энэ цагийн улс төрчид минь жаахан ухаантай байж сонгуулиас сонгуулийн хооронд дахь бодлогогүй үйлдлээ зогсоомоор байна. 

-Төсвийг үр дүнгүй зарцуулдаг. Үүнээсээ болоод гадаад улсаас зээл авдаг ийм байдлыг хуульчлаад хатуу хяналт тавьдаг болох шаардлагатай болж байна. Гэтэл үүнийг эрх баригчид хуульчлах сонирхолгүй байгаад байх шиг?

-Өрийн удирдлагын тухай хуулийг 2010 онд баталсан ч хэрэгжүүлэхгүй байна. Шинэ үндсэн хуульд үүнийг зааж өгөх ёстой байсан. Жишээлбэл, Япон улсад үндсэн хуульдаа Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төслийг өөрчлөх юм бол тэр парламент нь тардаг зохицуулалттай. Үүнтэй нэгэн адил манай улс ч ингэж хязгаарлалт тавих байсан юм. Гэтэл Үндсэн хуульд хязгаарлалт орж чадсангүй. Цаашдаа хяналтгүй өр тавьдаг байдлыг таслан зогсоомоор байна. УИХ-ын гишүүд, улс төрчдөд хандаж хэлэхэд нэг үеэрээ амьдрах юм шиг бодох юм. Дараа нь энэ улсад бидний хойч ирээдүй болсон үр хүүхдүүд чинь амьдарна гэдгийг мартаж болохгүй.

-Гадаад улсаас авсан зээлээ төлөх хугацаа дөхмөгц дахин зээл авч төлөөд байх юм. Өөрөөр хэлбэл өрийг өрөөр дарсаар дасчихлаа. Гэтэл өнөөгийн нөхцөл байдалд өөрөөр төлөх боломж, шийдэл бий юу?

-Өрийг зээл авч дардаг биш, өрийг орлого олж, орлогоор дардаг гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Манай улсад Тавантолгойн орд гээд 7.5 тэрбум тонн коксжих нүүрстэй стратегийн орд байна. Мөн 100 хувь төрийн өмчит компани болоод удаагүй байгаа. Эрдэнэт үйлдвэр бий. Энэ мэт том стратегийн ордуудын тодорхой хувьцааг ард иргэддээ өгч байж, иргэд орлоготой болно. Тодорхой хэлбэл, иргэд томоохон ордуудын хувьцааг худалдаж авах замаар байгалийн баялгаасаа хүртэх юм. Эрдэнэт, Тавантолгойн ордуудын хувьцааг ард иргэдэд өгч иргэд төрийн хосолсон хяналттай, засаглал сайтай компани байгуулах хэрэгтэй. 100 хувь төрд байна гэдэг нь улс төрчдийн бизнес, цаана нь улс төрчдийн эрх ашиг байнга байдаг. Тиймээс Тавантолгойн 15 хувийн хувьцааг бус 51 хүртэлх хувийг ард иргэддээ өгөх хэрэгтэй. Тэгж байж тэгш, хүртээмжтэй байдал бий болно.

-Гадаадаас авч байгаа зээлийг бүтээн байгуулалтад гэхээсээ илүү хавтгайрсан халамж олгоход зарцуулаад байх юм. Иргэддээ халамж олгох нь сайн ч эсрэгээрээ хавтгайрсан халамж Монгол Улсыг өрөнд оруулах нэг шалтгаан болж байна уу?

-Манай улс халамжийн бодлогоо яах аргагүй цэгцлэх болсон. Нэг сумын хүн амын 50 хувь нь халамж авдаг гэсэн мэдээлэл ч явж байна. Халамжийг хавтгайруулж биш зорилтот бүлэгт өгөх нь зөв юм. Тэрнээс биш Н.Номтойбаярын  хүүхдэд хүүхдийн 100 мянган төгрөг хэрэггүй биз дээ. Тийм учраас халамжийн бодлого дээрээ ч ялгаатай хандмаар байна. Дэлхийн улс орнуудад тансаг хэрэглээний татвар гэж байдаг. Монгол Улс жилдээ 500 гаруй сая ам.долларын тансаг хэрэглээг гаднаас импортолж авдаг. Ихэнх нь автомашин, брэндийн хувцас. Үүнийг 100 хувь татвартай болгоод тэр мөнгийг нь хөрөнгийн зах зээл рүү оруулаад шаардлагатай байгаа салбартаа хөрөнгө оруулалт хийдэг ийм бодлого хэрэгтэй байгаа юм. Өндөр орлоготой, тансаг хэрэглээтэй хүмүүсээс татварыг нь ханатал авах ёстой.

-Халамжийг хавтгайруулсан нь ажил хийх сонирхолгүй иргэдийг олноор бий болгочихлоо. Мөн иргэд зах зээлийн өрсөлдөөнд хүч тэнцвэргүй байна гэж бухимддаг. Тэгэхээр манай улсад зах зээлийн эдийн засаг гэдэг зүйл зөв хөгжихгүй байгаа юм болов уу? Алдааг хаана байна гэж харж байна?

-Манай улс 1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээл рүү шилжсэн. Тухайн үед АНУ болон бусад улс орнууд “Төрийн оролцоогоо багасга. Үйлдвэрүүдээ хувьчил” гэж зөвлөж сургаж байлаа.  Тэгсэн АНУ 1930-аад онд их хямралд орсон. Ер нь тухайн үед чөлөөт зах зээл хэтэрхий дураараа болоод капиталистууд нь капиталист нийгмээ устгах шахсан байдаг. 1930-аад оноос АНУ өөрсдөө чөлөөт зах зээл биш төрийн зохицуулалттай зах зээлийн эдийн засгаар явж эхэлсэн.

-Уг нь Монголчуудын хувьд бүх хэрэгцээгээ өөрсдөө хангах хэмжээний үйлдвэржилт байсан. Гэтэл өнөөдөр үйлдвэржилтийн байдал хөгжих бус зогсонги байдалд орчихсон. Ямар зохицуулалт хийвэл эргээд бүх төрлийн үйлдвэрүүд хөгжих бол?

-Бид нар чинь гурван сая хос гутал үйлдвэрлэдэг, арьс ширээ үйлдвэрлэдэг улс байлаа шүү дээ. Бүгдийг нь хувьчлаад том том үйлдвэрийн машинуудыг Хятад руу төмрийн хогонд зөөгөөд гаргачихсан. Тухайн үед бид хоёр нийгмийн шилжилтийн зааг дээр хамаг юм аа сүйтгэсэн. Харийн бодлогод хэтэрхий автсан. Ийм учраас сүүлийн үед яриад байгаа неолиберал үзэл бол дэлхийн улс орнуудын байгалийн баялгийг цөмлөх, өрөнд оруулах, ядууруулах, хараат болгох ийм бодлого гэдгийг дэлхийн ихэнх улс орнууд мэдчихлээ шүү дээ. Солонгос, Япон зэрэг улсууд неолибериал үзэл, бодлого орж ирэхэд сөрж зогссоны үр дүнд дэлхийд өрсөлдөх чадвартай үйлдвэрүүдтэй болж Азийн бар улсууд болоод явж байна.

Тэгэхээр Монгол Улс төрийн зохицуулалттай зах зээлийн эдийн засгаар явбал хөгжинө гэсэн үг. Стратегийн бараа бүтээгдэхүүнд төрийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ төр нь стратегийн бараа бүтээгдэхүүнээс бусад зах зээлийн шударга өрсөлдөөнд оролцохгүй. Харин монополь, үгсэн хуйвалдаж үнэ тогтоодог гэх мэт шударга бус өрсөлдөөнүүдийг зохицуулж байх ёстой. Үүнийг л төрийн зохицуулалттай зах зээлийн эдийн засаг гээд байгаа юм. Чөлөөт зах зээлийг бол үгүйсгээгүй. Гэхдээ төрийн оролцоо хаана байх ёстой вэ гэдгээ л бид ойлгох ёстой юм.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: НИТХ-ын сонгуулийн 11-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Энхсайханы Сонгууль эрхэлсэн байгууллага

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү