НМХГ: 81 диско баар, РС тоглоомын газруудыг нээлээ


4 жил

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийн хүрээнд гарсан зарим асуудлаар албаныхан мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат:

"Нийслэлийн онцгой комисс өчигдөр хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Нийслэлийн 2020-2021 өвөлжилтийн бэлтгэл ажил, цар тахлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Өчигдрийг хүртэл 1260 ААН-ийн үйл ажиллагааг нээсэн. 81 диско баар, олон нийтийн жагсаал цуглаан, арга хэмжээний үйл ажиллагааг нээсэн" гэлээ. 

Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр:

"Ковид халдвараар өвчлөөд, эдгэрээд, эмнэлгээс гарсан хүмүүс гэрийн 14 хоногийн ажиглалтад байна. Харин Ковид тусаагүй, 21 хоног карантинд байсан иргэдийн 14 хоногийн гэрийн тусгаарлалтыг цуцалсан. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг гадуур олон нийтийн газраар авч явахгүй байх, хүүхдүүддээ амны хаалт зүүлгэх, анги танхимыг ариутгах, агааржуулах, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагахыг зөвлөлөө. 

Сургууль, цэцэрлэгээс ирэх тохиолдолд гарыг нь сайтар угаалгах хэрэгтэй. Дархлааг дэмжих шимтэй, илчлэг сайтай хоолоор хангах хэрэгтэй. Томуу томуу төст өвчний улирал эхэлж байгаатай холбоотой Ковид халдвар давхар хүндрэлтэй явах магадлалтай" гэв.
 
НМХГ-ын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш:

"НМХГ-аас 11  мянга гаруй газруудад байнгын хяналт шалгалт хийж байна. Наймдугаар сарын 27-ноос эхэлж PC тоглоомын газрын хүсэлтийн дагуу үе шаттайгаар нээсэн. НМХГ, цагдаагийн байгууллагатай хамтран байнгын шалгалт хийж байна. 47 газарт хяналт хийх явцад 44 зөрчил илрүүллээ.  Найман иргэнд 1,5 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан.

Диско баар 81 үйлчилгээний газрыг нээсэн. Нээсний дараа бид байнга хяналт шалгалт хийнэ. Хяналт шалгалтын явцад зөрчил илэрвэл торгох шийтгэвэр оногдуулж, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээ авна. Үйл ажиллагаа нь удаан хугацаагаар зогссон учраас их цэвэрлэгээ хийж, мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэхийг зөвлөж байна" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү