Ачаалалтай ажиллаж буй эмч, сувилагч, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гаалийн байгууллагын алба хаагчдыг орон сууцанд хамруулна


4 жил

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг "Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагаас эхэлж, 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газар Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд, өмчлөх хэлбэрээр орон сууцанд хамруулах тогтоолыг баталлаа. Тогтоолыг баталснаар цар тахлын үед галын шугаманд өндөр ачаалалтай ажиллаж буй эмч, сувилагч, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гаалийн байгууллагын алба хаагчдыг орон сууцанд хамруулах боломжтой болж байна.

Эхлээд түрээслээд, дараа нь өмчлөх хэлбэрээр хэрэгжүүлэх тусгай хөтөлбөрийг Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт даалгасан. Эхний тооцооллоор 1300-1500 өрхийг зах зээлд бэлэн байгаа, ашиглалтад орсон орон сууцнаас орлогод нийцсэн, нээлттэй сонгон шалгаруулалтаар хамрагдах боломжтой. Хөтөлбөрийн хэрэгжилтийг Засаг дарга С.Амарсайхан болон Нийслэлийн орон сууцны корпораци хариуцан ажиллана. НОСК өнөөдрийг хүртэл 3000 орчим өрхийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулсан туршлагатай тул энэ жишгээр цар тахлын үед ажиллаж байгаа алба хаагчдыг хамруулна.

Найман хувийн хүүтэй орон сууцны зээлээс илүү хөнгөвчилсөн нөхцөлөөр зээлэнд хамруулж байна. Засгийн газраас иргэдийг түрээслээд, өмчлөх боломжтой орон сууцанд хамруулахаар ажиллаж буй бөгөөд үүний нэг жишээ нь энэ хөтөлбөр болж байна" гэлээ. 

Санхүүжилтийг Сангийн яам болон Монголбанк хамтран шийдвэрлэх боломжтой тооцооллыг хийсэн бөгөөд ойрын хугацаанд орон сууцнуудыг сонгож, цахим хэлбэрээр бүртгэлийг явуулах юм байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү