Б.Энх-Амгалан: 14 хоногийн дотор дахин тусгай нислэг нисгэхгүй


3 долоо хоног

Ойрын 14 хоногт дахин гадны улс руу тусгай нислэг нисгэхгүй гэж Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан мэдэгдлээ.

Тэрбээр “УОК-оос Монгол Улс- БНХАУ хоорондын нислэгийг хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 30-н хүртэл, Монгол Улс-БНСУ хоорондын нислэгийг гуравдугаар сарын 28-н хүртэл, ОХУ, Казахстан, Турк чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 30-н хүртэл зогсоосон. 

Энэ хугацаа дөрөвдүгээр сарын 30-н хүртэл үргэлжлэхээр болж байна. 

  • МИАТ компани нэгдүгээр сарын 31-ны өдөр Улаанбаатар-Ухань-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж тэндээс 31 иргэнээ авчирсан. 
  • Гуравдугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлд 244 иргэн авчирсан.
  • Гуравдугаар сарын 16-нд Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 256 иргэнээ авчирсан. Мөн Москва-Берлин чиглэлд нислэг үйлдэж 31 зорчигч авчирсан.
  • Гуравдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 252 зорчигч авчраад байна. Ингээд зайлшгүй шаардлагатай нийт 1.024 хүнээ авчраад байна. 

Одоо 14 хоног нислэг хийхгүй. Орж ирсэн иргэдийнхээ эрүүл мэндийн байдлын харгалзан тусгаарлаж, хяналтад байлгана. Ингээд 14 хоногийн дараа чартер нислэг дахин явуулах эсэх асуудлыг УОК-т оруулна. 

Төмөр замыг хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 30-н хүртэл зогсоосон.

  • Бээжин-Улаанбаатар,
  • Хөх ихот-Улаанбаатар,
  • Эрхүү-Улаанбаатар,
  • Москва-Улаанбаатар,
  • Эрээн-Улаанбаатар чиглэлийн хувиарт галт тэрэг бүгд зогссон. 

Энэ хугацаа мөн дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгагдлаа. 

Харин орон нутгийн нислэг, тээвэр хэвийн үргэлжилнэ.  Дамжих өнгөрөх тээвэр болон Монгол ирэх ачаа барааны тээвэр хэвийн үргэлжилж байна. Цаашдаа ч хэвийн явна. Ачаа тээврийг тусгай хамгаалалтад авч явуулж байгаа.

Сэлэнгээс орж ирж байгаа тээврийн хэрэгслийн урд, ард цагдаагийн машинтай гуперлээд, замдаа Монголын иргэдтэй харилцахгүйгээр явсаар Улаанбаатарт ирж гаалийн баталгаат агуулахад ачаагаа буулгаад буцаад цагдаагийн хамгаалалтад явсаар хилээр гарч байгаа” гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү