Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томиллоо


4 жил

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 12.00 цагт эхэллээ. Хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. 

Н.Учрал: Монголбанкны ерөнхийлөгч тохитой томоотой, шуналгүй, төрийн албаны хар хүн байх ёстой гэж боддог. Лхагвасүрэнг ерөнхийлөгчөөр томилохыг дэмжиж байгаа.  

Х.Баделхан:  Монгол Улсад зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил боллоо. 30 жилийн хугацаанд Монголд банкны салбар хамгийн их баяжсан. Хот, хөдөөгүй хамгийн аятайхан барилга байшин банкных байдаг. Банкуудын зээлийн хүү өндөр байна. зээлгүй хүн гэж байхгүй болсон. Нэг аймагт хурал хийхэд зээлгүй хүн гараа өргө гэхэд гуравхан хүн гараа өргөсөн. Хөдөө орон нутагт малчдын мал, хөгшчүүлийн тэтгэврийн дэвтэр банкны барьцаанд байгаа. Зээлийн дундаж хүү 20-25 хувь байна. зээлийн хүүг бууруулах боломж байна уу? Ипотекийн зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх боломж байна уу?

Б.Лхагвасүрэн:  Өнөөдрийн зээлийн дундаж хүү 16.9 хувь байна. Зээл олгож буй процессийн зардлыг бууруулах чиглэлээр Монголбанк томоохон ажлуудыг төлөвлөсөн учир ирэх жилүүдэд ахиц гарна. Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар арилжааны банкиудтай хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Энэ тал дээр ахиц гаргах тодорхой санал гаргана.

С.Чинзориг Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арвижуулах зорилгоор арилжааны банкиудад байршуулдаг. Гэтэл Капитал банк дампуурснаас НДС-гийн 105 тэрбум төгрөг эрсдэлд ороод байна. Та Ерөнхийлөгчөөр сонгогдвол даатгуулагчдын хөрөнгийг эрсдэлгүй болгох арга хэмжээг яаралтай аваач гэж хүсмээр байна.

Ч.Хүрэлбаатар :  Шинээр томилогдох ерөнхийлөгчийн өмнө олон ажил байгаа. Хамгийн гол ажил бол Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах тухай асуудал. ФАТФ-тай өдөр тутам харьцдаг Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй. Хоёр дахь гол ажил бол зээлийн хүүг бууруулах. Энэ салбарт өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, олон тоглогч санхүүгийн салбарт оруулж ирэхгүйгээр зээлийн хүү буурахгүй. Зээлийн хүүг бууруулахад банзны засаглалын асуудал их чухал шүү. Засаглалыг зөв болгох тал дээр маш сайн анхаарах шаардлагатай. Зөв бодлого хүн бүхэнд таалагддаггүй, нэлээд эсэргүүцэл дундуур ч хамаагүй эдийн засгийн зөв бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр өөрөөс хамаарах бүх зүйлийг хийгээрэй гэв. 

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийг олонх дэмжиж саналаа өглөө. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү