Ч.Хүрэлбаатар: Төрийн 38 үйлчилгээг өнөөдрөөс И-баримт систем рүү шилжүүлнэ


5 жил

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулж, мэдээлэл хийв.

Тэрбээр, “Иргэдэд чирэгдэл учруулаад байдаг төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах чухал  шийдвэр өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. Төрийн үйлчилгээ, лавлагаа авахын тулд иргэд төрийн байгууллага болон банкинд төлбөрөө төлөх гэж цаг алддаг. Манай яамнаас иргэд төрийн үйлчилгээ авахад ямар бэрхшээл учирч байгаа талаар газар дээр нь судалгаа хийсэн. Ингэхдээ Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороог сонгосон. Яамнаас гараад тус хороон дээр очиход замдаа цаг болсон. Очоод бүртгэлийн газраас үйлчилгээг таван минутын дотор авсан. Харин төлбөрөө төлөхийн тулд Долоон буудлын эцэст банкинд очдог . Хэрэв тухайн банкиндаа дансгүй бол бэлэн мөнгө авахгүй, заавал данстай байх ёстой гэж шаарддаг. Ингэснээр данстай өөр банк сонгодог. Ингээд төрийн үйлчилгээний 1000 төгрөгийн төлбөр төлөхийн тулд 2000 төгрөг зарцуулдаг. Банкны хураамж гэж 300 төгрөг төлдөг. Нийт ирсэн хоёр цаг 40 минут зарцуулсан.  Тиймээс одоо иргэдийн НӨАТ-ын буцаан олголтоо авдаг И-баримт системийг ашиглаад гурван минутын дотор төрийн бүх үйлчилгээг авдаг боломжийг бүрдүүлж байна. Гадаад пасспорт авахын тулд иргэд гурван дансанд, гурван өөр төрлийн төлбөр төлдөг. Тэгвэл одоо энэ төлбөр нэг дансанд хийх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, энэ гурван төлбөрийг гурван минутын дотор хийнэ.  Ерөнхий сайд энэ ондоо багтаад төрийн бүх үйлчилгээг энэ систем рүү шилжүүл. Холбогдох сайд нар холбогдох дүрэм журмандаа өөрчлөлт оруул, төрийн үйлчилгээний төлбөрийг багасга гэдэг албан даалгавар өгсөн. Энэ нь түгжрэлийг ч бууруулах сайн талтай. Хүмүүс ийш тийш явж ажил хөөцөлдөж, замын ачааллыг нэмэхгүй. Ингээд төрийн үйлчилгээ богино хугацаанд иргэдэд хүрнэ” гэв.

Төрийн 136 төрлийн үйлчилгээ иргэдэд хүрдэг. Энэ онд багтаан эдгээр бүх үйлчилгээг И-баримт системд оруулах гэнэ. Одоогоор иргэдийн хамгийн их үйлчилгээ авдаг иргэний үнэмлэх, гадаад пасспорт, төрсний гэрчилгээ авах үйлчилгээг энэ системд нэвтрүүлжээ. Гадаад пасспорт гэхэд өдөрт дунджаар 1200-1500 хүн захиалан авдаг байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү