УИХ-ын гишүүн Б. Саранчимэг : Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсон


5 жил

Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийн  2019 оны зургадугаар сарын 18 ны өдрийн нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлгийг хийж , хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн юм. Харин төслийн хоёр дахь хэлэлцүүлэг ирэх долоо хоногт буюу энэ сарын 26-ны өдрөөс эхлэнэ.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын хуулийн 11.4 т  “ Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж байгаа асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх бгөгөөд дээд хязгаарыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоож болно. Энэ хугацаанд байнгын хороо, гишүүд олон нийтийн санаа бодлыг сонсох, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хийж дүгнэлтээ гаргана гэж заасны дагуу   УИХ-ын гишүүн Б. Саранчимэг сонсогдсон тойрогтоо ажиллаж, иргэдийн саналыг сонслоо.

Хэлэлцүүлэгт Баянзүрх дүүргийн 4, 5, 15 хорооны иргэдийн төлөөлөл 400 орчим хүн хамрагдлаа .

 Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн , Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Д. Лүндээжанцан, Төрийн байгуулалтын байнгын хорооны зөвлөх н. Солонго нар  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах болсон нийгмийн хэрэгцээ, шаардлагын талаар болон Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах,  Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой дөрвөн багц асуудлын хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгаад байгаа талаар танилцууллаа.

Иргэд үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэжиж буйгаа илэрхийлээд , цаашид хоёр, гурав дахь хэлэлцүүлгийн явцад  Ерөнхий сайдаас бусад нь “давхар дээл”-гүй байх, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох, УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн тоо болон томилогдох хугацааг эргэн харах, сум, дүүргийг ижил түвшинд авч үздэг байдлыг өөрчлөх зэрэг саналыг түлхүү хэлж байлаа. Мөн хүний эрхийг хангасан, хүндээ чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх суурийг тавих хэрэгтэйг хэлж байсан юм.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэлэхдээ “Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсон. Тиймээс тойргийн иргэдийнхээ санал бодлыг сонсч байна. Үндсэн хуулиар эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Гэвч нэг сумаас хэд дахин илүү хүнтэй дүүрэг байдаг. Хичээлийн шинэ жил эхлэхэд хүн ам ихтэй учраас сургууль, цэцэрлэгийн хүртээмж багатай байдаг. Иймээс дүүрэг, сумын статусыг зайлшгүй өөрчлөх шаардлагатай байна” гэдгийг  онцоллоо.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү