М.Энхсайхан, С.Ламбаа, Н.Золжаргал нар гэрчийн мэдүүлэг өгчээ


5 жил

"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар өнгөрөгч долоо хоногт ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг саатуулсан билээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар нэр бүхий дөрвөн хүнийг яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн” гэлээ. Тэрбээр “АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг дээрх хэрэгт хэрэг бүртгэлт нээн, шалгалтын ажиллагаа явуулж байна.

Дээрх хэрэгтэй холбогдуулаад Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн захирал Ц.Пүрэвтүвшин, Сингапур улсад бүртгэлтэй “Генетик” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Хүрэлбаатар нарыг 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн.

Одоогоор прокуророос ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Дээрх хэрэгтэй холбогдуулаад тухайн үед Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, БСШУ-ы сайд асан Л.Гантөмөр, ЕТГ-ын даргаар ажиллаж байсан П.Цагаан нараас гэрчийн мэдүүлэг авсан.

Гэрчийн мэдүүлэг өгч буй, тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс мөрдөн шалгах ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, ямар нэг саад учруулаагүй. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэж ярилаа.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү