З. Гүррагчаа: Онцгойгийн аврагчид гэртээ харихгүй нэг сар болох ч үе бий


5 жил

“Эко Алтан Заамар” компанийн уурхайд осолдсон дөрвөн ажилтны цогцсыг гаргахаар 9 хоногийн туршид ажилласан онцгой байдлын алба хаагчдыг  Шадар сайд Ө.Энхтүвшин хүлээн авч уулзлаа.

Осол гарсан уурхайд онцгой байдлын 36 алба хаагч ажиллажээ. Тэдний 18 нь Архангай аймагт үүрэг биeлүүлж яваа  учир өнөөдөр 18 алба хаагч Шадар сайдтай уулзсан юм.

Заамарын уурхайд ажилласан аврагчдын зүгээс онцгой нөхцөлд ажиллах багаж, хувцас хэрэглэл маш дутмаг байдгийг уулзалтын үеэр хэлж байсан юм. Салбарын хэмжээнд аврагчдын багаж, хэрэгслийг сайжруулахад нийт 300 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж.

Энэ үеэр "Онцгой байдлын үндэсний аврах бригад"-ын аврагч Ж.Баяртогтох "Архангай аймгийн Өгий нууранд сургуулилт хийж буй 20 албан хаагч дундаа дөрвөн шумбалтын хувцастай байна. Төр засгийн зүгээс онцгой байдлын аврагчдын багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг сайжруулахад анхаарч ажиллавал их баярлана. Бид сайн багаж, хэрэгсэлтэй болбол ажлын бүтээмжид сайнаар нөлөөлнө” гэсэн юм.

Харин Шадар сайд Ө.Энхтүвшин уг хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийн тулд ажиллана гэдгээ илэрхийллээ.

Уулзалтын үеэр "Онцгой байдлын үндэсний аврах бригад"-ын аврагч аврагч З.Гүррагчаагаас зарим зүйлийг тодрууллаа.  

  • Та эхний ээлжний шумбалтыг хийсэн гэсэн. Аврах ажиллагааг явуулахад нөхцөл байдал ямар байсан бэ?
  • Нөхцөл байдал маш хүнд байсан. Манай шумбагчид ээлжлээд өдөрт хоёроос доошгүй удаа шумбалт хийсэн. Ил уурхайн хана нурах эрсдэл өндөр байсан. Хананаас битүү хөрсний ус шүүрч, шороо, чулуу байнга унаастай байлаа.
  • Мөстсөн шавартай усанд ажилласан гэсэн. Эхний хүнийг гаргаж авахад хичнээн цагийг зарцуулсан бэ?
  • Ослоор амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье. “Эко Алтан Заамар” компанийн нацосын ажилчид их хүнд нөхцөлд ажилладаг юм байна гэдгийг энэ үеэр мэдсэн. Тус компанийн хүнд техникийн ажилчид 9 хоногийн туршид хоёр ээлжээр тасралтгүй эрэн хайх ажиллагаанд тусалсан. Бид нарын хувьд хийх ёстой ажлаа хийж гүйцэтгэсэн. Харин тэр хүмүүс заавал хийх шаардлагагүй ч бидэнд тусалсанд талархал илэрхийлье.
  • Онцгой байдлын алба хаагчдын нийгмийн хангамж, цалин хэр байгаа вэ?. Өнгөрсөн жилүүдийнхээс сайжирсан уу?
  • Сүүлийн үед манай багаж, техник хэрэгсэл сайжирсан. Гэхдээ бүрэн, дүүрэн шийдэгдээгүй. Цалин хөлс нэмэгдсэн. 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс онцгой нөхцлийн 10 хувийн нэмэгдэл 20 хувь болж нэмэгдсэн.
  • Нэг сарын хэдэн өдөрт нь амардаг вэ?
  • Тогтоосон өдөр байхгүй. Ажил ихтэй байвал гэртээ харихгүй нэг, хоёр сар болох тохиолдол байна. Зарим тохиолдолд гэрээсээ гарахгүй нэг сар болох тохиолдол байна. Миний хувьд 15 дахь жилдээ ажиллаж байгаа.
  • Саяын ажиллагаа он гарснаас хойш хэд дэх удаагийнх вэ?
  • Хоёр дэх ажиллагаа.
  • Осол гарч буй шалтгаануудыг харахад ихэвчлэн юунаас болж гарч байна вэ?
  • Учиргүй үер болоод хүмүүсийг олноор нь усанд авчихгүй бол бусад үед хүний үйл ажиллагаанаас болж осол гарсан байдаг.
  • Та бүхнийг ажиллахад хувцас, техник хэрэгсэл дутагдалтай байгаа уулзалтын үеэр ярьсан. Одоо та бүхэн хаана, ямар аврах ажиллагааг явуулж байна?
  • Өнөөдрийн байдлаар Архангай аймгийн Өгийнуур суманд шумбагчдын дадлагыг явуулж байна. Багаж хэрэгсэл, хувцасны дутмагаас болж шумбагчид сургалтад бүрэн хамрагдаж чадахгүй, хамрагдлаа гэхэд хангалттай сайн бэлтгэгдэж чадахгүй байна. Төр засгийн зүгээс энэ чиглэлд илүү сайн дэмжиж ажиллана гэж Шадар сайд сая мэдэгдлээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү