Нийгмийн даатгалын сангийн орлого 50.3 тэрбум төгрөгөөр өсчээ


5 жил

Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны 1 дүгээр сард 192.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 50.3 (35.5%) тэрбум төгрөгөөр, зарлага 178.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 29.7 (20.0%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 50.3 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 35.4 (33.0%) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 8.7 (64.3%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Нийгмийн даатгалын сангийн зарлага 2019 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 29.7 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 19.0 (15.6%) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 6.7 (49.1%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2019 оны 1 дүгээр сард 227.3 мянган хүнд 25.4 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 116.6 (2 дахин) мянгаар өсөж, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 15.2 (2.5 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авсан хүн болон олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсөхөд “0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болон жирэмсэн эхийн тэтгэмж” авсан хүний тоо 5.2 дахин, олгосон тэтгэмжийн хэмжээ 7.7 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна. Энэхүү өсөлт нь “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журам” өөрчлөгдсөнтэй холбоотой юм. 
Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2019 оны 1 дүгээр сард 47.4 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 2.0 (3.7%) мянга, олгосон тэтгэврийн хэмжээ 6.2 (2 дахин) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2019 оны 1 дүгээр сард 47.4 мянган хүн хамрагдсаны 68.7 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 26.6 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 4.5 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2019 оны 1 дүгээр сард 49.9 мянган хүн хамрагдсаны 80.2 хувь нь асаргааны тэтгэмжид, 19.8 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2019 оны 1 дүгээр сард 6.2 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 3.0 (92.9%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Энэ оны 1 дүгээр сард 18 хүртэлх насны 911.5 мянган хүүхдэд 18.2 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү