Н.Цэрэнбат: Айлуудын янданд утаа шүүгч суулгахаар 54 тэрбум төгрөг төсөвлөсөн


1 долоо хоног

Агаарын бохирдлыг бууруулахад 200 орчим тэрбум төгрөгийг төсөвт суулгаад байна. Энэ хөрөнгөөр сайжруулсан түлшний үйлдвэр барихаас гадна гэр хорооллын 100 мянган айлын янданд утаа шүүгч байрлуулахаар болсон талаар өчигдөр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ингэж мэдэгдэв.

 

Янданд суурилуулах шүүгч тус бүрийн үнэ 200 ам.доллар байх юм. Салбарын сайд Н.Цэрэнбат“Нэг удаа шүүлтүүр тараах гэж байгааг шүүмжилж байгаа. Тэгвэл иргэдийн эрүүл мэндийг хамгаалах асуудлаар олигтой алхмуудыг одоо хийж чадахгүй юм бол хэзээ хийх юм бэ” гэв.

Төр засгаас тараахаар бэлтгэсэн утааны шүүлтүүрийн давуу талууд:

  • Бар кодтой бөгөөд смарт аппликэшнтэй юм байна. Үүнийг нь Цахилгаан түгээх сүлжээ компани нь хянаад явах юм.
  • Утааны шүүлтүүрийг айлуудад үнэгүй тараана. Гэхдээ үндсэн үнийг төрөөс татаас хэлбэрээр төлнө.
  • Хятадын Haier компанид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа бөгөөд компанийн зүгээс үйлдвэрлэлийн баталгаа өгчээ.
  • Компанийн зүгээс ирэх долоо хоногт Монголд ирж бүтээгдэхүүнээ дэлгэрэнгүй танилцуулж, Ерөнхий сайдтай уулзах юм байна.
  • Энэхүү индукцин шүүлтүүрийг 100 мянган янданд байрлуулахад утааны хор багасна гэж тооцоолжээ.
  • Нэг айлыг 80 саяар байранд оруулах боломжгүй учир 500 мянган төгрөгөөр яндангийн шүүлтүүр тавих одоогийн нөхцөл байдалд бүрэн тохирно гэж үзжээ.

Мөн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Бид 200 гаруй гэрт судалгаа хийсэн. Судалгаанд хамрагдсан айлууд өөр радиуст байна. Тэгээд 18 төрлийн зуухыг хэрэглэж байна. Ингээд ямар ч стандартгүй байгаа учраас яндан дээр нь индукцин шүүлтүүрийг нь тавья гэдэгт санал нэгдсэн. Өнгөрсөн жил Монгол Улсын утаанд зарцуулсан бүх мөнгийг 50 сая төгрөгийн үнэтэй байшинд өгөхөд 4,000 айлыг орон сууцтай болгох юм.

4,000 айлыг орон сууцанд оруулчихаар цаана нь үлдсэн 196 мянган айл гал түлж байна. Ингээд л утааг бууруулах ажлын үр дүн гарахгүй. Тиймээс гэр хороолол дахь дэд бүтэц, орон сууц барих ажлаа эрчимжүүлье гэсэн юм. Нэг байрыг нэг жил орчим барина. Нэг жил алдах гээд байна шүү дээ. Богино хугацаанд ажлаа хийе. Харин урт хугацаандаа орон сууц барьж, дэд бүтцийнхээ асуудлыг шийдье л гэж байгаа юм” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү