Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Н.Төмөрхуяг таалал төгсжээ


6 жил

"Ухаарч амьдрах хорвоо” дуугаараа ард түмний сэтгэлд хоногшсон Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Н.Төмөрхуяг  өвчний улмаас таалал төгсөж, Монголын урлагт нөхөж баршгүй уй тохиолоо.

Тэрээр 1980 оны сүүлээр Монголын нийтийн дууны урлагт урт устэй, солгой гараараа гитар тоглон уянгалаг сайхан хоолойгоор “Амьдрал хайр дээр тогтдог” хэмээн дуулсаар ард түмний сэтгэлийн нандин өргөөнд дуутайгаа заларсан хүн бол яахын аргагүй, Н.Төмөрхуяг. Түүнийг өөрийн хэлэх гэснээ л хэлдэг, бодол цагаан, сэтгэл сайтай нэгэн гэж уран бутээлч нөхөд нь үнэлдэг.

“Ухаарч амьдрах хорвоо”, “Амьдрал хайр дээр тогтдог”, “Саа мөнгөн Хэрлэн”, “Насны намар”, “Намрын дурсамж”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Халхын сайхан хүүхнүүд”, ” Зүүдэн бороо”, ” Зүрхний уяа”, “Хожуу хайрын дуу”, “Сэтгэлийн эгшиг”, ” Гунигийн дуу” зэрэг дуунуудаараа  монголын ард түмэнд   хүлээн зөвшөөрөгдсөн энэ цагийн шилдэг дуучин байсан билээ.

Намдагийн Төмөрхуяг нь 1959 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотноо төрж, 1967-1974 онд Өндөрхаан хотын 8 жилийн дунд сургууль, 1974-1977 онд ХАА-н Техник мэргэжилийн сургуульд трактор комбайнчны мэргэжлээр тус тус төгссөн. Улмаар 1977-1979 онд аймгийн ТУГазарт жолооч, 1979-1982 онд ардын армид цэргийн албанд, 1983-1990 онд АДБ-ийн Хан Хэнтий чуулгад дуучин, 1971-1993 онд УБ хотын Хотын захиргааны дэргэдэх эстрад дуу бүжгийн “Варьете” чуулгад дуучнаар ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болсон юм.

Түүний олон жилийн нөр их хөдөлмөрийг  төр үнэлж  2014 онд Н.Төмөрхуяг дуучныг МУГЖ хэмээх цолоор мялаасан юм.

Нэрт дуучин Н.Төмөрхуягийн  гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах, дүү хамаатан садан, анд найз, журмын нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү