Э.Одонзул: Эх орныхоо нэрийг гаргаж яваагаараа бахархдаг

Э.Одонзул: Эх орныхоо нэрийг гаргаж яваагаараа бахархдаг


7 жил 3164

Хүмүүс булангийн энэ удаагийн зочиндоо MSC Criuses компаний аялалын усан онгоцууд дээр үзүүлбэр үзүүлдэг уран нугараач Э.Одонзултай ярилцлаа. Түүнийг багийн хөдөлгөөнтэй, юман дээгүүр авирч ер зүгээр байдаггүй хүүхэд байсан болохоор ээж нь Шинэ Цирк төвийн дэргэдэх Отгоо студид оруулснаар уран нугараач болох замналы нь тавьжээ. Мөн усан онгоцон дээр үзүүлбэр үзүүлэх боломжийн анхны үүд хаалгыг нээсэн уран нугараачдын нэг юм.

-Энэ өдрийн мэнд хүргэе. Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач.

-Сайн байцгаана уу? Намайг Одонзул гэдэг. Уран нугаралтаар 10 наснаасаа хойш албан ёсоор хичээллэж эхэлсэн.

-Одоо хаана ямар ажил эрхэлж байна?

-Одоо “MSC Criuses” компаний аялалын усан онгоцууд дээр уран нугаралтын үзүүлбэр үзүүлдэг. Монголын өөр нэг уран нугараачтай хамт хосын номер үзүүлдэг. Усан онгоцон дээр 3 дахь жилдээ ажиллаж байна. Гэхдээ дунд нь Монголдоо очиж 4-5 сар амардаг. Тухайн компани нэг хүнтэй 9-10 сарын хугацаатай гэрээ хийдэг.

Хосын үзүүлбэр

-Яагаад усан онгоцон дээр үзүүлбэр үзүүлье гэж шийдэв?

-Багаасаа л гадаадын олон улс орон руу гэрээгээр тоглолтонд явна гэсэн мөрөөдөлтэй байсан. Надтай нийлээд 5 охин циркээсээ анх удаа усан онгоцонд гэрээгээр үзүүлбэр үзүүлэхээр явж байлаа. Анхны үүд хаалгыг нээсэн гэх үү дээ. Тиймдээ ч бид өөрсдийгөө их азтайд тооцдог. Манай багшаар дамжуулж манай өмнөх үеийн нугараач эгч нар маань олон улсын агентууд холбогдож гэрээ хийдэг байсан.

-Одоогийн байдлаар хэдэн улсад очоод байна? Улс улсууд уран нугаралтыг хэр хүлээж авдаг вэ?

-Турк, Хятад улс руу тоглолт хийхээр явж байсан. Харин аяллын усан онгоцон дээр тоглолт хийж эхэлснээс хойш 30 гаруй улсын 70 гаруй хотуудаар очоод байна. Монгол уран нугаралт маань дэглэлт техникийн тал дээр өндөр түвшнийх бас өвөрмөц байж чаддагаараа онцлогтой. Уян налархай байдал болон хүч, тэнцвэрийг гайхалтай хослуулж чаддаг. Зарим жуулчид бүр яс байна уу гэж барьж үзэх тохиолдол ч байдаг. Бас биднийг үнэхээр хүчтэй юм гэж гайхдаг шүү.

-Анхны тоглолтын талаар?

-Хамгийн анх 14 настайдаа Турк улсад жуулчдад зориулсан тоглолтонд орж байлаа. Анх удаа тайзан дээр гарахад сандраад хийж чаддаг юмаа хийхэд хүртэл маш хүндрэлтэй болдог юм байна лээ. Хэд хэдэн удаа тоглолтонд орохоор гарт ороод гайгүй болчихдог. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.

-Очиж үзсэн улсуудаас хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн улс?

-Норвеги улс уул нурууд, сүр чимээтэй урсах хүрхээ гэх мэт онгон дагшин байгалиа хадгалсан хэрнээ хүмүүст үзэхэд тохиромжтой болгож зам харгуй гаргасан байдал нь маш их таалагдсан. Ер нь байгалиа тэр чигээр нь хадгалсан ч хэн нэгнийг очиж үзэх боломж гаргаж өгөх нь аялал жуулчлалыг хөгжүүлэх юм шиг санагддаг. Мөн Куба улс их гүн сэтгэгдэл төрүүлсэн. Социалист дэглэмтэй тул байгаа бүх зүйл нь өнгөрсөн үед оччихсон юм шиг эсвэл бүр өөр ертөнцөд байгаа мэт. Машин унаа, барилга байшин гээд л бүх юм нь хуучны дүр зурагтай байгаа нь их сонирхолтой.

-Өөр улсын уран бүтээлчтэй хамт үзүүлбэр үзүүлэхэд бусад улсын цирк манайхаас хэр ялгаатай санагдав?

-Хамтарч ажиллаж байсан бусад улсын жүжигчид маань ихэнх нь өөрсдийнхөө мэргэжилд мэргэшсэн чадварлаг хүмүүс байдаг. Олон улсын жүжигчидтэй хамтран ажиллаад тэдний юмыг хүлээж авч буй байдал, бодож сэтгэж буй нь улс улсынхаа соёлоос шалтаалаад хэрхэн өөр өөр байгааг харах үнэхээр гайхалтай санагддаг. Тэднээс юмыг хэрхэн өөр өөр өнцөгөөс харж дүгнэж болдогийг ойлгосон. Үүнийгээ дагаад сэтгэх хүрээ ч бас илүү нээлттэй болж байгаа нь анзаарагддаг. Манай жүжигчид үзүүлбэрийн техник маш сайн. Ер нь хаанахын ч циркийн үзүүлбэр олон улсад гайхагдахаар чанартай байдаг.

-Тоглолтын үед тохиолдсон хөгжилтэй явдлаас хуваалцвал.

-Хөгжилтэй зүйл их тохиолдоно. Нэг удаа тоглолтын ид дунд үед юу хийх ёстойгоо мартчихсан. Тэгээд за ёстой зогсож  л болохгүй шүү ямар нэг юм хийгээд байгаарай гээд л гараа нэг хөдөлгөөд л эргэлдээд л. Хийх ёстой юмаа хийж байгаа юм шиг царай гаргаад л дотроо бол одоо юу билээ яана аа гэж сандраад л. Бас олуулаа үзүүлсэн номер дээр санаандгүй бие биенээ цохих, толгойны чимэг мултарч унах, чийшиг тайлагдах, хувцасны цахилгаан эвдрэх тохиолдлууд ч гардаг. Тэр үедээ хэцүү юм шиг санагдсан ч гэсэн эргээд бодоход их тод дурсамжууд үлдээсэн байдаг.

 -Монголд үзүүлбэр үзүүлэх гадаадад үзүүлбэр үзүүлэх хоёр ямар ялгаатай вэ?

-Их ялгаатай. Монголчууд уран нугаралт харсаар байгаад ч тэр юм уу хүлээж авах байдал арай тааруу. Европийн орнуудад бол бидний тоглолтыг үзээж бараг нүд нь орой дээрээ гардаг шүү.

-Монголчууд уран нугаралт үзсээр байгаад дасчихсан юм болов уу?

-Монголчууд үзээд мэдээж хэрэг гайхширдаг. Гэхдээ зарим улс оронд бүр анх удаа уран нугаралт гэдгийг харж байгаа хүн  байдаг учраас хүлээж авах байдал илүү юм шиг санагддаг. Монголчуудыг хүлээж авах тал дээр муу гэж хэлэхгүй. Ер нь тэр улс ийм тийм гэлтгүй хувь хүний сэтгэл хөдлөлөө илэрхийлэх түвшингээс л их хамаардаг юм шиг санагддаг. Бидэнд үзүүлбэрээ үзүүлж дуусахад үзэгчдээс ирэх  тэр алга ташилт, уухай л хамгийн их урам зориг өгдөг.

-Монголчуудын дунд язгуур урлагаа гадаадад л үзүүлэх юм. Монголдоо үзүүлж яагаад болдоггүй юм гэсэн хандлага ажиглагддаг. Тэр талаар?

-Монголдоо үзүүлдэг шүү дээ. Гэхдээ аялал жуулчлал өндөр хөгжсөн орнуудад илүү өргөн зах зээлтэй байдаг. Монголд бол зөвхөн зуны улиралд эрэлттэй. Аялал жуулчлал өндөр хөгжөөд ирэхээр зөвхөн уран нугаралт ч бус Монголын язгуур урлагийн үнэлэмж, эрэлт хэрэгцээ өснө гэж бодож байна.

-Үзүүлбэрээ өөрөө дэглэдэг үү? Ер нь юунаас санаа авдаг вэ? Хөгжмөө хэрхэн сонгодог уу?

-Ихэвчлэн өөрсдөө дэглэдэг. Багш тодорхой хэмжээнд зөвлөгөө өгнө. Номерийн дэглэлт тэр үеийн санаа мэдрэмж ямар байхаас их шалтгаалдаг. Хүн бүр өөр өөр байдаг байх. Миний хувьд аяа эхлээд сонгоно. Эсвэл цаанаас өгөгдсөн аян дээр номероо дэглэдэг. Яг тэгж ингэж сонгодог гэсэн тогтсон арга зам байхгүй. Төсөөлөл мэдрэмжээс шалтгаалж л хөгжмөө сонгодог. Эсвэл хөгжим сонсож байгаад тэр ая нь таалагдвал номер дэглэх сэдэл орж ирдэг.

-Олон орноор аялснаас хойш Монголд байснаасаа хэр өөрчлөгдсөн гэж бодож байна?

-Юуны түрүүнд эх орныхоо нэрийг гаргаж яваа учир биеэ авч явах байдал дээрээ анхаардаг. Циркийн буянаар олон сайхан газар орныг үзэж олон сайхын хүмүүстэй уулзаж байгаадаа их баяртай байна. Өөр соёл иргэншлийн дунд өссөн өөр өөрөөр бодож сэтгэдэг хүмүүстэй уулзахад өмнө нь өөрөөсөө олж харж байгаагүй талаа олж өөрийгөө шинээр нээж илрүүлсээр байна.

-Авьяаслаг Монголчууд нэвтрүүлгийн албан ёсны бус анхны нэвтрүүлэг дээр багаараа оролцож байсан. Ганцаараа уран нугаралтын үзүүлбэр үзүүлэх, олуулаа үзүүлэх хоёрын ялгаа нь юу вэ? Танд аль нь илүү таалагддаг вэ?

-Ганцаарчилсан үзүүлбэртээ өөрийн мэдрэмжийг илүүтэйгээр гаргаж тайзан дээр 100 хувь өөрийгөө харуулахыг зорьдог. Харин хамтарсан үзүүлбэрт бусадтайгаа зэрэг хийх гэх мэт зохилдолгоог илүү хэрэгтэйгээс гадна илүү сүрлэг харагддаг. Би ганцаарчилсан үзүүлбэртээ илүү сэтгэл татагддаг. Гэхдээ хийж буй зүйлдээ өөрөө дуртай байх нь л хамгийн чухал.

-Гэмтэл хэр авч байв?

-Ер нь гайгүй шүү. Гол нь бие халаалтаа сайн хийх хэрэгтэй.

-Youtube дээр өөрийн дэглэсэн үзүүлбэрийн бичлэгийг тавьсан байсан. Цаашид нэмж бичлэг оруулах уу?

-Youtube дээр хамгийн сүүлд тавьсан бичлэгийн хувьд маш яаралтай хэрэгтэй болсон учир ганцхан өдрийн дотор бүх дэглэлтээ хийгээд шууд тэр оройдоо бичлэгээ оруулсан. Тиймээс эхлээд тэр үзүүлбэрээ гарт ортол нь бэлтгэл хийгээд хэд хэдэн шинэчлэлтүүд хийхээр төлөвлөчихсөн байгаа. Тэгсний дараа дахиж оруулах бодол байна.

-ЕБС-аа төгсөөд ЭЕШ өгөлгүй усан онгоцон дээр үзүүлбэр үзүүлэхээр явсан. Энэ сонголтондоо харамсаж байсан үе бий юу?

-Их сургуульд эхний нэг хоёр жилдээ орохгүй гэж төлөвлөсөн байсан. Дээрээс нь хувийн асуудлаас болоод бүр ЭЕШ өгөхгүй гэж шийдсэн. Энэ шийдвэртээ огт харамсаж байгаагүй. Харин ч баярладаг.

-Уран нугаралтанд насны хязгаар бий шүү дээ. Дараа нь юу хийе гэж боддог вэ?

- Хүн хүний биеийн онцлогоос шалтгаална. Зарим хүн 25 хүрээд зогсож байхад зарим нь 30 гарсан хойноо ч нугарсаар л байдаг. Би уран нугаралтдаа хайртай. Мөн урлаг, сэтгэл судлал зэрэг миний сонирхлыг их татдаг. Тийм учраас тэр тал руугаа чиглэсэн ажил бүтээл туурвих хүсэл бий.

-Уран нугаралтаар хичээллэж байгаа хүний хувьд хэзээ өөрөөрөө хамгийн их бахархаж байв?

-Багадаа наадмын нээлтэнд орж байсан үеэрээ их бахархдаг. Мөн олны танил хүмүүстэй нэг тайзан дээр гарч байснаа бодохоор үнэхээр гайхалтай санагддаг шүү. Одоо бол харин эх орныхоо нэрийг гаргаж яваагаараа бахархдаг. Тоглолтын төгсгөлд үзүүлбэрийг Монголын тэр гээд л зарлуулах тэр мэдрэмж үнэхээр гайхалтай.

 


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү