Т.Анхбаяр: Урлаг гурван юмнаас тусдаа байх ёстой: шашин, улс төр, мөнгө

Т.Анхбаяр: Урлаг гурван юмнаас тусдаа байх ёстой: шашин, улс төр, мөнгө

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил 4829

Хүмүүс булангийн энэ удаагийн зочиндоо зураач, урлаг судлаач Т.Анхбаяртай ярилцлаа. Бид ярилцлагын эхний хэсэгтээ урлаг, урлагийн түүх, Монголд урлаг жинхэнэ утгаараа байхгүй зэрэг сэдвийг хөндсөн. Т.Анхбаяр ярилцлах явцад урлаг үргэлж үнэнийг, тэгээд мэдээж эстетиктэй илэрхийлэх ёстой тухай дурдаж байв.

-Ярилцлагаа хамгийн энгийн асуултаар эхлүүлье. Урлаг гэж юу вэ? Жинхэнэ утгаараа юу вэ?

-Бүр сууриас нь ярьвал хамгийн анх Reinassance буюу Сэргэн мандалтын үед бурхан, шашинаас салсан. Философийн соён гэгээрэл явагдсан. Хүн өөрийнхөө эзэн болох ёстой гэж тунхагласан. Тэгээд урлаг жинхэнэ утгаараа үүссэн. Бүх юм эхлээд бид бурханы бүтээл, бурханд зориулж зурдаг, бурханыг дүрсэлдэг үе байснаа хүнийг, өөрөө өөрийгөө дүрслэн, амьдрал  руу орж эхэлсэн. Тэрнээс өмнө байсан сүг зураг зэрэг бол урлалын шинжтэй, яг урлаг биш.

-Тэгвэл өөрийгөө зурах ямар хэрэгтэй вэ?

-Мэдээж өөрийгөө зурна гэдэг хамгийн гол нь дэлхийд  муу сайн хүн их амьдарч байгаа. Хүний амьдрал зурсан зураг биш. Хүнд асуудал гарч ирдэг. Тэр асуудлаа лам эсвэл сүмд очиж тайлдаг байснаа худлаа нь мэдэгдэж урлаг руу очсон. Тэгээд жинхэнэ артистууд гарч ирсэн. Жишээлбэл, Гояа гарч ирээд лам нар хүмүүсийг мухар сүсэгтүүлж, ард түмнийг хэн ч биш болгодог гэдгийг дүрсэлсэн. Тиймээс урлаг гэдэг эрх чөлөөний төлөөх тэмцэл.

Франчиско Гояа, Хойгийн Дайн

-Өөрийгөө тэгвэл яаж зөв зурах уу?

-Зөв, буруу гэсэн ойлголт байхгүй. Хамгийн гол нь үнэн байх ёстой. Хүүхдийн зургийг хараад академик, мэргэжлийн дүгнэлт өгч болохгүй. Яагаад гэвэл хүүхдийн зурсан зураг үнэн байдаг. Хүүхдийн зургийг тийм учраас онцгойлдог. Урлаг зүгээр үнэн байх хэрэгтэй, эстетиктэй байх хэрэгтэй, хүний амьдралыг баян болгох хэрэгтэй. Ер нь урлаг байхад бурхнаар яах вэ дээ. Тэгээд явсаар байгаад 19-р зуунд Ницше “Бурхан үхсэн” гэж хэлээд урлагийг бүр цэцэглүүлсэн. Ницше бол урлагийн философич. Хамгийн анхны ном нь урлагийн философи байсан. Тэр үеэс Вагнер зэрэг хүмүүс гарч ирсэн. Дундад зуун, Сэргэн Мандалтаас хойш янз бүрийн юмнуудаасаа бас салж чадахгүй л байсан.

Да Ванчи, Микеланжело бол мөнгө аваал зурдаг байсан. Жинхэнэ томчууд гэвэл Жотто, Бругел, Алфред Дрюрер, Валесказ, Гояа гэх мэт.

Валесказ, X Поп

Тэд жинхэнэ урлагаа хамгаалсан. Бусад нь хаанд зориулж зураг зурдаг байв.

-Микеланжело гэхэд сүмийн даалгавраар зурж байсан биз дээ. Тэгвэл тэр хоёрыг яагаад тэгэж их яриад байна?

-Олон нийтэд алдартай. Дээрээс нь маш их гарын чадвартай. Гояа мэргэжлийн талдаа жаахан тааруу. Гэхдээ илэрхийлэл маш сайн. Үнэнийг харуулдаг. Гавлын яс зурна. Философич Жижек философи гэдэг хүн өөрийнхөө ямар хүнд нөхцөл байдалд байгааг л  мэдэх гэсэн байдаг. Урлаг бас адил. Урлаг бол нийгмийн толь буюу амьдрал, нийгэм ямар хүнд байгааг харуулдаг. Гадныхан яагаад галлерей их хэсдэг вэ гэхээр гудамжаар яваад тухайн улс үндэстнийг мэдэх боломжгүй. Тиймээс урлагийг нь харж тухайн ард түмэн ямар вэ, ямар асуудалтай гэдгийг мэднэ. Яагаад гэвэл үнэн тэнд л байгаа. Бас урлагийн томчуудаас улс төрийхөн үнхэлцэгээ хагартал айна. Яагаад гэвэл тэд л үнэнийг хэлдэг. Тэгэхдээ бүр хүний гүн үнэнийг хэлж өгдөг. Дээрээс нь амьдрал ерөөсөө зовлонтой, хааяа гунигтай, хааяа үхмээр, хааяа стресстэй гэсэн том асуудлуудыг харуулангаа урлагаар дамжуулж хүнийг боловсролтой болгодог. Жишээлбэл, Брегманы Seventh Seal гэдэг киног үзээд шашин хүнийг яаж эрх чөлөөгүй байлгасаар, бие биенийг нь алуулдаг гэдгийг хараад авна. Энэ бол том боловсрол.

Seventh Seal киноны хэсгээс, Үхэлтэй шатар тоглож буй католик цэрэг

Тэгээд Тарковскигийн киног үзээд гэр бүл зохиох, эхнэр нөхөр байх ямар хэцүү гэдгийг ойлгож авна. Нэмээд театр. Тиймээс урлаг бурханыг орлох бүрэн хэмжээнд очсон. Хамгийн гол нь үзэгчийн боловсрол. Би гадаа байгаа хүнийг дуудаад Гояагийн зургийг харуулвал юу ч ойлгохгүй. Тэгэхээр урлагийг ойлгохын тулд маш их боловсрол хэрэгтэй.

-Боловсролтой гэдгээр юуг хэлж байгаа вэ?

-Боловсролтой гэдгээр мэргэжил биш. Маш их юм үзэж туулсан, ном зохиол уншсан байх хэрэгтэй. Дээрээс нь хүнийг хайрладаг, өрөвдөж, өгч авж, гуниж, гутрах, харамсах гээд сентиментал боловсролтой байх хэрэгтэй. Тэгээд бид урлаг руу орохгүй бол чулуу шиг болдог. Юунд ч гуниж, гутардаггүй мал шиг болно. Урлаг хүний сэтгэлд  гэгээ оруулдаг. Боловсролгүй хүмүүс дуу сонсоод ч тоохгүй. Монголчуудын хувьд нийгмээрээ сэтгэлгүй. Тэгэхээр урлаг гэж юу вэ гэхэд өгүүлбэрт багтаагаад хэлэх боломжгүй. Ямартай ч хүн төрөлхтөн урлаггүй амьдарч, оршин тогтнох боломжгүй. Урлаггүй бол харгис, араатан шиг байна. Хоёрдугаарт нийгэмд ямар ч үнэн байхгүй болдог Урлагийг гэтэл телевизээс харах боломжгүй. Тиймээс үнэнийг юунаас ч харах боломжгүй гэдэг бол аймшиг. Европт бол үнэнийг театраас, кино театраас, галлерейгаас харна. Улс төрийхөн мэдээж дандаа болж байгаа гэж худлаа ярьдаг. Телевиз бас бөөн худлаа.

-Урлагт зурж болно эсвэл болохгүй гэсэн сэдэв байдаг уу?

-Тийм юм байхгүй. Бүгд боломжтой. Хамгийн гол нь энэ байхгүй юу. Юуг ч хөндөж болно.

-Гол нь яаж зурахад биш, яаж илэрхийлэхдээ юу?

-Тийм. Уран зурахдаа биш, уран илэрхийлэх чухал.

-Тэгвэл манай зураачид юу хийж байна?

-Манайд нэгдүгээрт урлаг жинхэнээсээ орж ирээгүй. Бидний урлагийн түүх өөрөө энгийн. 17-р зуунд Түвдээс шарын шашин орч ирсэн. Ерөнхийдөө шашин бурханаа хийхдээ урлагийн элементийг ашигладаг. Энэ бол кич арт гэж явдаг. 17-р зуунд Түвдээс урлаг орж ирээгүй. Харин анх удаа гар урлалыг авсан. Дээрээс нь урлаг ба шашин гэсэн хоёр зөрчилдөөн байна. Нэг нь хүнийг өөрөөр нь бүтээлгэдэг, хүнд тусладаг, хүн рүү өөр лүү нь чиглэсэн бйдаг. Шашин хүнийг юу ч биш болгодог. Сайн залбирвал юу ч гэдэг юм. Ингээд энэ хоёр маш их зөрчилтэй. Гэтэл манайд энэ хоёр нэгдсэн. Тэгэхээр маш аюултай.

Гар урлалаар орж иртэл Монголчууд шоконд орсон. Ямар ч орон зай, дименсионгүй зурагнууд л байгаа шүү дээ. За ингээд шашинаа больё гэе л дээ. Гэтэл Монголчууд маш их мухар сүсэгтэй болчихсон. Бас маш их айдастай учраас урлаг хийх боломжгүй. Одоо уран бүтээлч гээд байгаа хүмүүс бүгд ухааны хомсдолд ороод солиорчихсон. Тийм учраас урлаг гэдгээ зөвөөр ойлгохгүй. Дандаа ид шидийн гэж бодно. Маш их урлагийн гэх хүмүүс боловсролгүй, мухар сүсэгтэй байгаа. Нэг талаар урлагийг концерт тоглох, стресс тайлах нөгөөтэйгүүр мөнгө олох хэрэгсэл гэж боддог. Урлаг  гурван юмнаас тусдаа байх ёстой: шашин, улс төр, мөнгө. Манайд бүгд шингэсэн учраас урлаг гэх боломжгүй. Үүнд тусгай нэр бий. Диллитант буюу урлаг баллагчид бас Pre-art буюу урлагийн өмнөх түвшин гэж нэрлэдэг. Энэ түвшин Европт 13, 14-р зуунд байсан. Тэгэхээр бид ийм олон жилээр хоцрогдож байна. Жотто гэх томчууд гарч ирээд дээрх түвшний үе өөрчлөгдсөн. Одоо Европт модерн, пост-модерн дууссан, конптемпорари урлаг байгаа. Хамгийн гол нь бид тэднээс маш их дуурайдаг мөртлөө яг юу хийгээд байгаа гэдгээ мэддэггүй. Бүгд мөн чанарын асуудал бас хямралд орсон. Яагаад зураг зурдаг, яагаад төгөлдөр хуур тоглодог гэдгээ мэдэхгүй. Зурах сэдэв нь дандаа мистик, иш шид, хаа ч байхгүй юм.

-Баруунд дүрвэгчид, технологи гэсэн бодит, үнэн сэдвүүдээр инстяллац хүртэл босгодог. Манайд маш их мухар сүсэгтэй байна. Тэгвэл бид яг юу зурах ёстой вэ? Нэн даруй ямар сэдвээр зурах ёстой вэ?

-Нэн даруй хүнийг бүх сэдвийн төв болгох ёстой. Монгол зураач нар хүн зурахгүй байгаа. Уул ус, морь мал, бурхан зурна. Хүн буюу гадаа байгаа хүнийг зурж байж урлаг эхэлнэ. Гуталчныг зур. Шаварчинг зур. Хүн гэдэг өөрөө маш их асуудалтай байна. Тэрийг гаргаж ирэх хэрэгтэй. Монгол зураач нар хаа ч байхгүй юм зураад байдаг. Сүрреализмыг хийсвэр, бодит бусыг зурдаг гээд байдаг. Үгүй. Сүрреализм бол хүний доод ухааныг буюу хүний асуудлыг л зурч байгаа. Нөгөөтэйгүүр би чамайг харж зурвал хэн ч сонирхохгүй. Хэн юм? Ямар хамаатай юм? гэнэ. Гадныханд хүний зургийг харж, тэндээс асуудлаа мэдээд баярладаг. Жишээлбэл, Мане гэхэд янхан, муза гээд дан хүнийг зурсан. Манайд муза гэсэн ойлголт ч байхгүй. Ер нь бид хүнийг тоодоггүй хүмүүс. Морь мал, бурхан, уул ус, тамга тэмдэгийг зурна.

-Зураачийн этик гэж байгаа юу?

-Байгаа. Өөрөө өөртөө үнэнч, хэнийг ч хуурахгүй, би хуурамч байж болохгүй, би нийгмийн толь болох ёстой гэдэг нь зураачийн этик. Хувийн этик зураачид бий. Гэхдээ тангараг биш. Би л үнэн байх ёстой, би өөрөө л хариуцлага хүлээнэ, би хэнд ч худалдагдахгүй гэдэг этиктэй байх ёстой. Ер нь уран бүтээлч хүн төрөлхийн шударга ёсыг хүсдэг, үнэнд дуртай, мөнгөнд дургүй, шашингүй бас мухар сүсэггүй байх ёстой. Мухар сүсэггүй бол ерөнхий боловсрол маш сайн байх ёстой. Мэдлэгтэй байх ёстой. Бороо орж байгааг ч мэдэх хэрэгтэй. Бүх талын мэдлэгтэй хүн л мухар сүсэггүй байна. Европт эсвэл дэлхийд гэхэд уран бүтээлч хүн өндөр түвшний маш их боловсролтой. Мухар сүсэг ярьвал хөх инээд нь хүрнэ. Тэгээд бидний асуудал бол ямар ч мэдлэггүй учраас шинэ юм хийх нөөцгүй. Жоохон гайгүй юм хийгээд нөөц нь дуусахаараа өв уламжлал, заншил гээд солиордог. Гадаадаас ирээд таван жил урлаг ярьж байснаа Монгол урлаг  ярьдаг. Гэтэл урлаг бол юниверсал бас дэлхийн хаана ч хүчинтэй байдаг. Бүгд солиорчихсон байгаагаа урлаг гэдэг. Дээрээс нь Монголчууд үнэнд дургүй учраас урлаг таарахгүй байгаа. Үнэнд дуртай хүн урлагийг хүлээгээд авна. Үнэнд дургүй учраас ямар заваан юм бэ гэж хүлээж авдаггүй. Яагаад гэвэл үнэн өөрөө гашуун. Бодит байдал өөрөө хэцүү. Монголчууд бид психологиор насанд хүрээгүй учраас урлагийг хүлээж авахгүй байгаа. Харин маш их боловсролтой хүмүүс зүгээр ойлгодог.

-Артист буюу уран бүтээлч гэсэн үгийг Монголд ч гэлтгүй, дэлхийд ч замбараагүй хэрэглэж байна. Жишээлбэл, Рияанна уран бүтээлч биш биз дээ.

-Биш. Одоо ер нь дэлхий хэцүү байдалд орчихсон. Хоёр юмыг ялгах хэрэгтэй. Хоёр төрлийн урлаг байгаа. Нэг нь жинхэнэ урлаг. Жишээлбэл, Канны фестивал бол Оскараас өөр түвшинд, жинхэнэ урлагаараа гэх үү дээ. Уран бүтээлч буюу артист гэдгээрээ өндөр түвшний мэдлэгтэй хүмүүсийг хэлж байгаа. Уран бүтээлч болоход хэцүү. Нэгдүгээрт, хүний нас ахимаг, өндөр байх ёстой. Түүгээрээ амьдралаас туршлага авсан гэсэн үг. Миний хүндэлдэг Михайл Хайнекке гээд найруулагч байгаа. Одоо бараг 80 хүрсэн. Олон шагнал авсан. Тэр хүн маш сүүлд кино хийж эхэлсэн байдаг. Амьдралаас маш их боловсрол авсан хүн гэсэн үг.

-Хөгшин байх тусмаа сайн гэсэн үг үү.

-Тийм. Онолдох биш амьдралыг үзэж туулсан тэр туршлага урлагт маш чухал. Уран бүтээлч буюу артист гэхдээ маш өндөр шаардлагатай байх ёстой. Граммиг урлаг гэж байвал дэлхий хэцүүдэж байгаагийн шинж. Урлагийн томчуудаас Америкийг асуухад хэцүү байдаг шүү. Америк 1920, 1930 онд урлагтай тэгээд сүүлдээ Энди Вархол дуусгасан. Үүнээс өмнө Хичкок, Марта Грахам гээд бүжигчин, Хоппер зураачийн үед буюу нөгөө социалист маягийн амьдралын хэв маягтай байхад л Америкт урлаг байсан. Тэгээд Вархол Америкт урлагийг дуусгасан. Үргэлжлэл бий...

 

 


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Сара [202.9.41.xxx] 7 жил
Үргэлжлэл нь байна уу