Х.Батсуурь: Дампуурлаа зарлахгүй бол газар нутаг эсвэл том ордоо алдана

Х.Батсуурь: Дампуурлаа зарлахгүй бол газар нутаг эсвэл том ордоо алдана


7 жил 3636

Лондон, Вашингтоны их сургуулийг төгссөн эдийн засагч Х.Батсуурьтай хийсэн ярилцлагын хоёрдугаар хэсгээс хүргэж байна. Энэ хэсэгт бид Монгол улс эдийн засгийн асар их потенциалтай, тэр их өр зээлэнд ямар гарц гаргалгаа байгаа, улсыг баячууд хэзээ ч авч явдаггүй бас бидний мундаг гэж боддог олон компаниуд төрийн дэмжлэгээр гарч ирсэн зэрэг сэдвээр ярилцсан юм.

-Манай улсын эдийн засаг ямар онцлогтой вэ? Бид өөрсдийн эдийн засгийн тухай ярихад ямар улстай харьцуулвал дөхөм вэ? Жишээлбэл, Америк бол биднээс маш хол шүү дээ.

-Нэгэн зэрэг гараанаас эхэлсэн Вьетнам, Казакстантай эдийн засгийн бүтэц, түвшин ойролцоо байсан учир харьцуулахад илүү дөхөм. Тиймээс энэ хоёр улсаар харвал бид хэн бэ, бид хаана байна вэ гэдгээ мэдэхэд хамгийн ойр харьцуулалт болно. Бас ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд байна. Үүнд Киргизстан, Монгол хоёр зах зээл гэдгийг ямар ч шүлтүүргүй хүлээж аваад, хэлсэнээр хэрэгжүүлсэн дэлхийн цор хоёр улс. Яахав, Киргизстантай харьцуулвал бид уул уурхайн баялаг ихтэй. Тэдгээрийг зараад гайгүй явж байгаа. Гэхдээ бодит байдалд Киргизстан хөдөө аж ахуй сайн учраас үйлдвэрлэл сайтай байх.

-Бид тэгээд хэнтэй хамтрах ёстой вэ?

-Өөрсдөө л хийнэ. Бид зөндөө хамтарсан. Америкийг дагаж гүйлээ. Хятадыг дагаж гүйлээ. Хамтраад яваад л байгаа. Гол нь суурь тогтолцоо, үндсэн бодлого бас бүтэц өөрөө буруу гэж би хэлж байгаа. Үндсэн гурван чиглэлээр бид буруу явж байгаа. Банк санхүү, гадаад худалдаа, өмчийн харилцаа.

Гадаад худалдаа бол маш чухал. Гэтэл үүндээ чөлөөт худалдаа гэсэн баримтлалтай. Чөлөөт худалдааны бодлого гэдгээр ямар ч тариф, татваргүйгээр гадаад улсуудтай худалдаа хийнэ гэж ойлгочихсон.  1998 онд бид гааль, ялангуяа импортын татварыг тэглэсэн. Ялангуяа 2008 онд үүнийг хавтгайруулж, таван хувь болгосон. Үндсэндээ, нээх их өөрчлөлт оруулалгүйгээр одоо хүртэл явж байгаа. Тиймээс Хятадын муу бараанууд манайд ямар ч татваргүй бас маш хямдхан орж ирэх учраас дотоодын үйлдвэрлэлийг нам цохиж байгаа юм. Хамгийн ноцтой нь гэвэл манай түүхий эдүүд урагшаа ямар ч татваргүй гардаг. Тэгээд маш хямдхан өртөгтэй, маш хямдхан түүхий эдээр хийсэн бараануудаа наашаа буцааж шахдаг. Өгөө аваагүй бас алдаатай гэсэн үг.

Нөгөө талаас, банк санхүүгийн систем баялаг бүтээдэг салбараа мөлжиж, ашиг олдог тогтолцоотой болсон. Гуравдугаарт үндэсний ба эдийн засгийн аюулгүй байдлын салбаруудаа хувьчилсан. Энэ бол маш ноцтой. Стратегийн ордууд, нийгмийн баялагаар бүтсэн гол салбарууд: боловсрол, эрүүл мэнд, улсын сургууль цэцэрлэгийн салбарыг хувьчилсан. Дээрээс нь үндэсний аюулгүй байдлын салбар харилцаа холбоог хувьчилсан. Эд нар бол буруу. Дээрх гурван чиглэлээр буруу явж байна. Энэ бүтцээ өөрчлөх ёстой.

-Капитализм өөрөө бүтээлч эдийн засаг биз дээ.

-Тийм. Гэхдээ нөгөө талаас бүтээгдэхүүнүүд маш их өртөгөөр бүтдэг. Хязгааргүй нөөцийг цөлөмдөг тогтолцоо л доо.

-Жишээлбэл, iPhone.

-iPhone уг нь бол хэрэгтэй эд. Гэхдээ энд алт, платинум, зэс зэрэг орж байгаа. Баттерейг хийе гэхэд л газрын ховор элемент ордог. Ховор элементийг олох гэж газрыг хуу ухдаг. Нөхөөн сэргээхгүй. Эргээн сэргээгдэхгүй байдалд ордог. Гэхдээ бас үүнийг хязгаарлалттай хийж болох атлаа ч хэзээ ч тэгэхгүй байна. Яагаад гэвэл хүмүүсийн хэрэгцээ, ашигт суурилсан учраас байгаль, орчин хордож байна уу хамаагүй бүгдийг хуу хамна.

Гуравдугаарт үндэсний ба эдийн засгийн аюулгүй байдлын салбаруудаа хувьчилсан. Энэ бол маш ноцтой. Стратегийн ордууд, нийгмийн баялагаар бүтсэн гол салбарууд: боловсрол, эрүүл мэнд, улсын сургууль цэцэрлэгийн салбарыг хувьчилсан. Дээрээс нь үндэсний аюулгүй байдлын салбар харилцаа холбоог хувьчилсан. Эд нар бол буруу.

-Тэгвэл хэдэн хүн худалдан авна гэсэн тооцоотой үйлдвэрлэх боломжтой юу?

-Ер нь бол нөөцийнхөө хязгаарлалтанд тулгуурлаж, тодорхой үйлдвэрлэлийг явуулж болно. Энэ бол коммунизмын үед байсан. Зөв байсан. Яахав коммунизм юунд алдсан гэвэл хувийн өмчийг зөвшөөрөөгүй. Өмч гэдэг байх ёстой. Нөгөө талаас нөөцийн хязгаарлалтыг үл тоож, хүний бүтээлч сэтгэхүйг дэмждэг капитализм илүү хурдтай явчихсан. Тэгээд үүнтэй өрсөлдөх гэхээр дарагдаад нурсан. Гэтэл капитализмтай харьцуулвал коммунист улсуудад ч нөөц нь байж л байсан шүү дээ.

-Манайх ямар төрлийн капитализмтай вэ?

-Мөлжлөгийн бөгөөд өндөр хөгжилтэй улсуудыг тэжээсэн, тэдний түүхий эдүүдийг бэлддэг капитализмтай болсон. Өөр юу ч байхгүй. Бид өөрсдөө юуг ч бүтээхгүй байгаа. Ямар ч өртөг шингээсэн бүтээгдэхүүн, баялагийг бий болгож чадахгүй байгаа. Чадаж байгаа нь юу гэвэл нүүрс ухаж, ачаад урагш нь гаргадаг. Зэс боловсруулалтын хамгийн хортой хэсгийг хийгээд урагшаа гаргадаг. Тэрнээс цаашаа оюуны чадавхи ба бүтээмж, нэмүү өртөг шаардсан ажлыг хийдэггүй. Жишээлбэл, iPhone-д шаардлагатай газрын ховор элементийг ухаж гаргана гэдэг хамгийн хэцүү хэсэг.

Угсрах, програм бичих, сим карт зэргийг хийхэд бас оюуны чадавхи шаардлагатай шүү дээ. Үүнийг бол өндөр хөгжилтэй улсууд хийж байна. Бид чадахгүй байгаа учраас түүхий эдийг нь бэлдэж, хамгийн бохир ажлыг нь хийж өгдөг.

-Гэхдээ бидэнд түүнийх хийх оюуны чадвар, боломж бий юу?

-Аргаа олвол чадна. Ингэхийн тулд бид хөгжлийн тодорхой үе шатыг туулах ёстой. Аргаа олсон улс гэхэд Финланд, Эстони хоёр байна. Тэд одоо мэдлэгт суурилсан эдийн засагтай болсоноороо чадна гэдгийг харуулж байгаа. Ингэхдээ тодорхой дамжлага шатуудыг хурдан эсвэл алгасах байдлаар туулсан. Бидэнд тийм мэдлэгт суурилсан эдийн засгийн систем руу ороход нөхцөл бүрдээгүй бас бүрдүүлээгүй. Бас биднийг алсаас удирдаж, зааж чиглүүлдэг хүмүүс бүрдүүлүүлэхийг хүсээгүй. Хэрэв мэдлэгт суурилсан эдийн засгийн системээр явбал бид газраа ухахгүй, түүхий эдийг гаргах шаардлагагүй болох учраас хүсээгүй.

-Мөлжлөгийн бөгөөд өндөр хөгжилтэй улсуудыг тэжээсэн, тэдний түүхий эдүүдийг бэлддэг капитализмтай болсон. Өөр юу ч байхгүй.

-Хүмүүс баячууд улс орныг авч явдаг гээд байдаг даа. Үнэн үү?

-Худлаа. Энэ бол жинхэнэ утгаараа хүмүүсийн тархийг угааж, Монголын ард түмний баялагийг цөөхөн хэдэн гэр бүл үүрд эзэмших системийг бүтээх гэж гаргасан худал үг.

-Жинхэнэдээ хэн авч явах юм бэ?

-Ард түмэн. Бүтээлч сэтгэхүй. Төр.

Ард түмний төлөө ажилладаг төр улс орныг авч явдагийг түүх гэрчилж байгаа. Зүгээр, тодорхой баялаг бүтээдэг хүмүүс эдийн засагт хувь нэмэр оруулсан  тохиолдол байгаа. Гол нь БАЯЛАГ БҮТЭЭДЭГ шүү. Хүмүүс ингэж ярих гээд байдаг. Жишээ нь, Тоёота. Энэ бол хувийн компани гэхээс илүү төрийн оролцоо, дэмжлэгтэй гарч ирсэн. Гэтэл Тоёотаг MCS-тэй харьцуулах гээд байгаа юм уу. Тоёота бол өөрийн хүч хөдөлмөр, оюун ухаанаар баялаг бүтээсэн. Гэтэл манай баячууд ард түмний баялагийг аваад гадагш зөөж зараад хөрөнгө хуримтлуулсан хүмүүс. Уучлаарай, 26 жил болж байна. Энэ бол хангалттай хугацаа. Баялаг бүтээж, шилжилт хийх хангалттай хугацаа.

Манайд гурван төрлийн баячууд байгаа. Нэгдүгээрт, ард түмний баялагийг экспортлон гаргаж зардаг. Эсвэл социализмын үед бүтээсэн баялагийг хувьчлаад амьдарч байна. Эсвэл төрөөс гаргасан бүх тендерийг төрд өөрийн хүмүүсээ шургуулах замаар авдаг. Бусдаар яг баялаг бүтээж, баяжсан хүн гэвэл ховор. Цөөн хүмүүс сүүлийн үед гарч ирсэн. Тэгэхээр ард түмний төлөө гэсэн төрөөр улс орон хөгжинө.

-Билл Гейтс, Марк Цукерберг мэтийг цэвэр өөрийн хөдөлмөрөөр баяжсан гэж шүтдэг хүмүүс байдаг.

-Худлаа, тэр бол ор үндэсгүй. Билл Гейтс төрийн бодлогоор гарч ирсэн шүү. Марк Цукерберг бол Америкийн төрийг удирддаг корпорациудын бодлогоор гарч ирсэн. Энэ бол зүгээр ард түмний тархийг угаах зорилгоор тэгэж ярьдаг. Нэг хүн тэгэж баяжих боломж яагаад ч байхгүй. Бодоод үз л дээ.

 Марк Цукербергийг бод доо. Өмнө нь Myspace  бол Facebook-ээс дутах юмгүй байсан. Бүх юм нь адилхан. Гэтэл яагаад түрүүлж гарч ирээд, зах зээл эзлээд явж байсан Myspace  хөгжөөгүй, Facebook хөгжсөн юм бэ? Үүнд хүмүүс Facebook зах зээл, маркетинг сайн байсан гэж тайлбарладаг. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Myspace жинхэнэ бүтээлч, оюуны потенциалтай хүмүүсийн санаачлага байсан ч юм билүү. Гэтэл төрд удирдллагатай, бодлого явуулдаг Америкийн корпорациуд тэднийг дэмжээгүй байж болно.

Яагаад тэгвэл Facebook-ийн нэг хувийг Билл Гейтс худалдаж авсан юм бэ? Ганцхан хувийг тэрбумтан худалдаж авангуут зах зээлд үнэ нь өсөх бол мэдээж. Тэгэхээр цаанаа бодлоготой, хоорондоо холбоотой шүү.

-Ер нь бид ямар салбартаа хөрөнгө оруулалт хийвэл тэргүүлэх боломжтой вэ?

-Хөдөө аж ахуй ба аж үйлдвэрлэл гэсэн хоёр салбартаа эхний ээлжинд хөрөнгө оруулалт хийх ёстой. Энэ хоёр салбар хөгжиж эхлэхээр мэдлэгт суурилсан эдийн засаг руу орно. Гэхдээ хамгийн түрүүнд хүссэн хүсээгүй, хүнсний салбарт орж хөгжих хэрэгтэй. Тэр нь Европ, Америкийн монопол бий болгодог загвараар биш. Монсанто гэж жинхэнэ хүн төрөлхтний эрүүл мэндэд асар их хохирол учруулдаг корпораци байна. Бүтээгдэхүүн нь дандаа генийн өөрчлөлттэй бөгөөд дэлхийг ноёрхсон. Манай улсын хувьд жижиг дунд үйлдвэрлэгчид жинхэнэ органик хүнсээр хангадаг тогтолцоотой болох ёстой. Ингэхдээ аль нэг компани хүнсний салбарт монопол тогтоохыг шууд  таслан зогсоох ёстой.

Худлаа, тэр бол ор үндэсгүй. Билл Гейтс төрийн бодлогоор гарч ирсэн шүү. Марк Цукерберг бол Америкийн төрийг удирддаг корпорациудын бодлогоор гарч ирсэн. Энэ бол зүгээр ард түмний тархийг угаах зорилгоор тэгэж ярьдаг.

-Дэлхийд тэгвэл бид аль салбараараа гарч ирэх боломжтой вэ?

-Бид цаг алдалгүй, хамгийн түрүүнд хөгжүүлэх салбар бол сая хэлсэн хүнсний салбар. Бид оргинак хүнс, бүтээгдэхүүнээрээ гайхагддаг. Дэлхийд ийм улс маш цөөхөн, бараг байхгүй болсон гэж хэлж болно. Тиймээс бидний хоёр талд асар том зах зээл байгаа учраас зах зээл хайх юмгүй, шууд зарагдана. Жишээлбэл, Америкт өөрсдийх нь үхрийн мах харахад гоё ч органик бус, тэжээлээр бордцон үхрийн махууд байдаг. Хүний биенд урт хугацаандаа асар хортой. Нэг паунд мах 5 доллар. Харин Австрали үхрийн мах органик гэдгээрээ 3 дахин их буюу 15 доллараар зарагддаг. Гэхдээ Асвтралийн мах манайхтай харьцуулвал органик гэж юу байхав. Австралийн мал аж ахуй яадаг вэ гэхээр хашсан том талбайд бэлчээдэг учраас ургамлын нэр төрөл цөөн. Харин манай Дундговийн үхэр хамгийн багадаа 530 нэр төрлийн ургамал иддэг тул жинхэнэ утгаараа органик. Ийм махыг бид Америкт 30 байтугай, 50 доллараар зарж болно. Тэр ч байтугай урд хөршид Монгол хиам, молко гээд янз бүрийн органик бүтээгдэхүүнүүдээ үзэсгэлэнд гаргахад хоёрхон цагийн дотор зарагдаад дуусдаг. Бололцоо байхад хийж чадахгүй байна гэдэг удирдлага чадваргүй байгаагийн шинж.

-Ингэхэд бидний энэ өр, зээл төлөгдөх боломжтой юу? Дэлхийн том, хөгжилтэй улсууд өөрсдөө ч гэсэн маш их өөр зээлтэй байдаг мөртлөө яаж болгодог юм бэ?

-Эдийн засагчид ингэж хачин юм ярьдаг. Жишээ нь, Япон улсын өр эдийн засгийн ДНБ-ний 210 хувьтай, АНУ-ын өр ДНБ-ний 110 хувьтай тэнцдэг. Тэгвэл Монголых яагаад 100, 200 хувьтай тэнцэж болдоггүй юм бэ. Бид Японоос бага, 100 хувьтай байна ч гэдэг. Уучлаарай, тийм эдийн засагч гэж байх уу? Их сургуулийн багш хүртэл ингээд ярьж байна. Яагаад болохгүй гэдэгт хоёр шалтгаан байна.

Нэгдүгээрт, Монгол улсыг Америк, Герман, Японтой харьцуулж болохгүй. Шал өөр эдийн засгийн хүчин чадал, бүтэцтэй. Японы өр  тэдний ДНБ-ний 210 хувьтай тэнцдэг нь үнэн үү гэвэл үнэн. Гэхдээ тэд засгийн газрын өрийн 93 хувийг өөрсдийн мөнгөөр буюу йенээр төлнө. Манай засгийн газрын өрийн 70 хувь нь гадаад валютаар байдаг: юан, доллар. Тиймээс Япончуудад айх юм байхгүй. Үндсэндээ дотоодоос авсан зээл гэсэн үг. Америк бол ялгаагүй. Тэдний засгийн газрын өр ДНБ-ний 100 хувиас даваад явж байгаа юу гэвэл тийм. Гэтэл бас ялгаагүй. Нийт өрийн 80 хувь нь ам.доллараар төлөгдөнө гэсэн ийм том ялгаатай. Үүнийг жирийн хүмүүс мэдэх ёстой. Яагаад эдийн засагчид ард түмнээ төөрөгдүүлсэн худал үг ярьж байгаа юм бэ?

-Монгол банк гэж заваан байгууллага болчихлоо. Үнэндээ юу хийх ёстой байгууллага вэ?

-Монгол банк үнэхээр, бодитоор бие даасан, хараат бус байгууллага мөн үү гэхээр үгүй гэж хариулт өгөхөөр болж байх шиг байна. Гэхдээ хэнээс хараат гэвэл  төр засгаас гэхээс илүү хэнээс хараат нь мэдэгдэхээ байсан. Хэрэв төр нь ард түмний төлөө байсан бол Монгол банкийг би төр засагтайгаа уялдаатай, хамааралтай журмаар явах ёстой гэж ббоддог. Гэтэл өнөөгийн Монгол банкны хууль, дүрэм журмыг харахад төр засгаас хамааралгүй, тусдаа  бие даасан бодлого явуулах боломжтой.  Гол нь бие даасан бодлого цаанаас буюу Монголоос хамааралгүй гэсэн бодол төрүүлээд байгаа. Өнөөдөр Монгол банк яг дүрэм журмаараа ажиллавал Монгол улсын эдийн засгийг удирдан жолоодох боломжтой. Монгол банкнаас  явуулсан акц, үйл ажиллагааг нь би зарчмын хувьд буруутгахгүй. Гэтэл зорилго, санаа нь их уршигтай үр дагавар авчирсан гэж би хэлнэ.

-Дэлхийн санхүүгийн салбар нэлээд компьютержсэн боллоо. Энэ нь бидний юу гэсэн үг вэ?

-Энд Монгол улс өөрийн байр сууриа олох ёстой. Нэг юм хэзээ ч өөрлөгдөхгүй нь тодорхой. Баялаг бүтээдэг нөөц Монголд байсаар байна. Дэлхийн улс гүрнүүд үүнээс хамааралтай байх болно. Тиймээс дэлхийн санхүүг өөрсдийн ашигт нийцүүлэн ажиллуулдаг боловсролтой мэдлэгтэй, эх оронч мэргэжилтэнгүүд хэрэгтэй. Бидэнд дэлхийн энэ ойлгоход хэцүү төвөгтэй системийг ойлгодог, тэнд байр сууриа олоод ажиллах хүн хэрэгтэй. Одоо нөхцөл байдал хүнд байна. Гэхдээ гарц гаргалгаа байгаа шүү. Гол нь одоо барьж байгаа бодлогыг дэмждэг, ажилладаг хүмүүс бүтэхгүй гэж би хэлнэ.

Гэтэл өнөөгийн Монгол банкны хууль, дүрэм журмыг харахад төр засгаас хамааралгүй, тусдаа  бие даасан бодлого явуулах боломжтой.  Гол нь бие даасан бодлого цаанаас буюу Монголоос хамааралгүй гэсэн бодол төрүүлээд байгаа.

-Дампуурал зарлавал бидэнд хэрэгтэй юу?

-Монгол улс дампуурлаа зарлаж болно. Яваандаа ч зарлах байх. Одоо Монгол улсын нийт гадаад өр ДНБ 225 хувьтай тэнцсэн байна. Тэгэхээр жилдээ дотоодын төсвийн 20-30 хувийг зөвхөн зээлийн хүүгийн өрийн төлбөрд өгдөг. Энэ бол үнэхээр байж болохгүй тогтолцоо. Хамгийн гол нь энэ харьцаа жил жилээр өснө. Дээрээс нь зээлийн хүүгийн төлбөрийг хийх гэхээр боломжгүй гэдэг нь 3-р сарын 21-ний Хөгжлийн банкны 500 сая долларын өрийг төлж чадаагүй гэдгээс харагдлаа.

-Дампуурлаа зарласны дараа яах вэ?

-Зарлалаа гээд муу юм байхгүй. Зарлахгүй газар нутгаа алдах уу? Том ордоо өгөх үү? Тэгэн байж өрөө бага зэрэг дарлаа ч бүр мөсөн салж чадахгүй. Одоогийн Монгол улсыг үргэлж гадаад өрнөөс хамааралтай байлгах бодлого явагдаж байгаа. Хэзээ дампуурлаа зарлах юм бүү мэд. Хэрэв дампуурлаа зарлавал орд, газар нутгаа алдахгүй. Зарлавал улс төрийн намуудад хүнд тусна. Тэд дахин төр барих  нүүргүй боллоо гэсэн үг. Тэрнээс эдийн засагт бас ард түмэнд хохиролтой юм байхгүй. Дампуурлаа зарлана гэхэд бид төлж чадахгүй, тэгээд одоо яах вэ? л гэсэн үг. Төлж чадахгүй 10 тэрбум доллараар Монгол улс руу дайрахгүй бас дайруулахгүй.

Авлигад өртсөн улс төрчдийг нь ашиглаж ордыг нь авах стратеги хэрэгжиж байгаа. Үүнийг Тажикстанаас 2010 онд маргаантай байсан газар нутгаа Хятадуудад их өртэй байсан учраас алдсан жишээнээс харж болно. Засаг нь авлигад автагдсан, ерөнхийлөгч, ерөнхий сайд нь чадваргүйн улмаас орд газраа алдсан нэг хувилбар байгаа. Байгаа гэдгийг Монгол хүн бүр бодох ёстой.

 


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
гомбосүрэн [202.21.108.xxx] 5 жил
энэ ярилцлагыг олон түмэнд олон дахин олон нийтийн сувгаар үзүүлэх юм сан яах вэ