Х.Батсуурь: Бид эдийн засгаа сууриар нь өөрчлөн, шинэ өнцөгөөс харж байж цаашид хөгжинө

Х.Батсуурь: Бид эдийн засгаа сууриар нь өөрчлөн, шинэ өнцөгөөс харж байж цаашид хөгжинө

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил 5658

Бид ярилцлагын энэ удаагийн дугаартаа эдийн засагч Х.Батсуурийг урилаа. Лондонгийн их сургууль, Вашингтоны их сургуулийг эдийн засагчаар төгссөн эдийн засагч, инженер мэргэжилтэй түүнтэй бид үнэндээ чөлөөт зах зээлээр хөгжсөн улс гэж хаана ч байхгүй ба хэдий төрийн зохицуулалт хэрэгтэй байгаа ч ард түмэндээ үйлчилдэггүй төр бий болсон зэрэг сэдвээр ярилцлаа. Удахгүй ярилцлагын хоёрдугаар хэсгийг оруулна. Бидэнтэй хамт байгаарай.

-Эдийн засаг гэж яг юу вэ? Бид нарын амьдралд юу хийх ёстой, ямар үүрэгтэй салбар атлаа өнөөдөр ийм болчив оо? Би танд  хамгийн олон тааралддаг нэг тодорхойлолтоос уншиж өгье.

 “Нөөцийн хязгаарлагдмал орчинд материаллаг баялаг, бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэж, хэрэглэх, хуваарилах явцад нийгмийн гишүүд хооронд үүсч буй харилцааг эдийн засаг гэнэ.” гэсэн байна.

-Наад тодорхойлолт чинь бол орчуулгын тодорхойлолт. Монгол хүний ухаанд хэзээ ч буухааргүй сонсогдож байна. 1990-ээд оноос хойш эдийн засгийн тодорхойлолт өөрчлөгдсөн. 1990-ээд оноос хойш шилжилт болж, нийгэм тэр чигээрээ өөрчлөгдсөн шүү дээ. Тэгтэл бидний нэрлээд байгаа зах зээлийг ойлгодог ганц ч хүн байгаагүй. Зах зээл гэж сонсож байсан хүн ч байгаагүй. Англиар ярьдаг хүн ч хуруу дарам байсан. 90-ээд онд халтар хултар Англи хэл сурсан хүмүүс гадагшаа хуралд яваад, ганц хоёр 7 хоногийн курсд сууж ирээд бүх юм эхэлсэн. Тийм тааруу Англи хэлтэй нөхцөлд хичээл ном ойлгох хүн байхгүй биз дээ. Тэр хүмүүс баахан  сурах бичгүүдийг 95, 96-аад оноос орчуулж гаргасан. Тэрийгээ махчилж бас муу орчуулсан. Орчуулах гэхээр тогтсон хэллэг байгаагүй бас эдийн засгийн шинэ хэллэгүүдийг оруулж ирсэн. Чиний хэлсэн тодорхойлолт бол Англи хэлээр түгээмэл байдаг тодорхойлолт болов уу. Хязгаарлагдмал орчин гэхээр яахав байгаль, нийгмийн нөөц дандаа хязгаарлагдмал, шавхагддаг байдаг шүү дээ. Хүний хүсэл хязгааргүй, гэтэл нөөц өөрөө хязгаартай байдаг. Энэ хоёрын харицааг зохицуулахыг эдийн засаг гэсэн ойлголт ерөнхийдөө байгаа. Гэхдээ чиний хэлсэн тодорхойлолтыг уншаад тэгэж буух эсэх хэцүү л юм байна. Нийгмийн хязгаарлагдмал орчин гэхээр буухгүй байгаа биз.

Зах зээлийн онол юу гэдэг вэ гэхээр хүний хүсэл хязгааргүй . Гэхдээ би үүнийг худлаа гэж боддог. Нөгөөтэйгүүр  байгалийн баялаг маань хязгаарлагдмал гэдэг гарцаагүй үнэн. Хүний шунал бас хязгааргүй гэдэг бол ортой. Гэхдээ үүнийг хязгаарлах боломж байдаг уу гэвэл байгаа шүү дээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь сонин. Цэвэр, сонгодог утгаараа хязгаарлагдмал нөөцийг хязгааргүй шуналд зохицуулан зарцуулах шинжлэх ухааныг эдийн засаг гэнэ. Гэхдээ энэ бол орчин үед утгаа алдаж байгаа учраас шинэ өнцөгөөс харж, ажиллах ёстой. Тэгэхээр хүний хязгааргүй шуналд хязгаарлагдан ажиллах бус харин эргээд хязгаарлагдмал нөөцдөө тулгуурлаж, хэмжээс болж ажиллах нь хамгийн зөв тодорхойлолт бөгөөд  энэ бол одоо бий болж байгаа эдийн засаг.

-Тэгэхээр эдийн засаг бидний шуналыг хязгаарлах үүрэгтэй юм байна, тийм үү?

-Эдийн засаг хүний шунал хязгааргүй гэж үзээд тэрэнд захирагдан, дагаж, баригдаж нөөцөө зарцуулдаг байсан нь одоо хүн төрөлхтнийг амархан мөхөлд хүргэх, гацаанд оруулж байна. Тиймээс зах зээлийн системд баригдаж явсан зарчим буруу гэдэг нь тодорхой болсон тул зах зээлийн эдийн засагчид өөрсдөө хүртэл энэ баримтлалаа шинээр харж,  өөрчлөн, шинэ өнцөгөөр хардаг болсон.

Тиймээс зах зээлийн системд баригдаж явсан зарчим буруу гэдэг нь тодорхой болсон тул зах зээлийн эдийн засагчид өөрсдөө хүртэл энэ баримтлалаа шинээр харж,  өөрчлөн, шинэ өнцөгөөр хардаг болсон.

 Монгол улс зах зээлд хожуу орсон ч гэлээ нөхцөл байдлыг бодитоор харж тодорхойлох, нийгэм, эдийн засгийн шинэ загварыг тодорхойлох хэрэгтэй болоод байгаа. 26 жил барьж ирсэн энэ зарчим, суурь тогтолцоо ба бодлого Монгол улсын эрх ашигт нийцэхгүй байна гэж би зөндөө хэлдэг. Тиймээс бид эдийн засгаа сууриар нь өөрчлөн, шинэ өнцөгөөс харж байж, цаашид хөгжинө. Бусдаар бол бид энэ байдлаараа хичнээн зүтгээд ч ёроолдоо эргэлдсээр байх болно.

-Тэгвэл банк гэж юу вэ бас ямар үүрэгтэй вэ? Одоо бол банк бид бүгдийг өрөнд оруулчихлаа. Насанд хүрсэн хүмүүс бараг бүгд өртэй боллоо.

-Тэр бол үнэн. Банк гэдэг хоёр талтай. Эдийн засгийн хамгийн чухал хөдөлгөгч хүчийн нэг нь банк санхүү хоёр. Орчин үед бий болсон Монголд ч гэлтгүй, бидний шүтэн биширч ирсэн капиталист тэргүүлэх улсуудад банкны тогтолцоо үндсэндээ улс орноо дампууралд хүргэх, эдийн засгаа сүйрэлд хүргэх голидролд орсон гэж хардаг. Үүнийг өөрчлөх шаардлагатай болсон. Өнөөгийн Монголын банкны тогтолцоо барууны, тэр дундаа Америкийн банк санхүүгийн тогтолцоог хуулбарлах гэж оролдсон. Үүгээр дамжин үндсэндээ Монголд оруулж ирсэн банкны систем Монголын бизнесийг дэмжих гэхээсээ илүү шулан мөлжсөн тогтолцоо руу орчихсон. Гэтэл Америкийн тогтолцоо бол тодорхой үе шатуудад бий болсон, өөрсдийх нь онцлогоос хамааран, эдийн засаг, бизнесээ бас хүний оюунлаг, бүтээлч сэтгэлгээг дэмждэг. Харамсалтай нь Монголд хуулбарлах гэж оролдсон ч эсрэг үр дүнгээ өгсөн. Хүний хийсэн бүтээсэн зүйлд нь тулгуурлан сорж, мөлждөг болсон. Ингэж хэллээ гээд бүгд намайг үзэн ядна биз. Би бол тоох ч үгүй. Үнэн юм чинь. Монгол хөгжихгүй байгаа. Шалтгаан нь банк санхүүгийн систем. Монголд байгаа бизнесүүд чармайгаал байна, чармайгаал байна. Гэтэл банкнаас авж байгаа 25 хувийн хүүтэй зээлээ арай гэж төлж байгаа болохоос биш, авсан зээлээсээ илүү гарж, хөрөнгө оруулалт хийгээд явах боломж Монголд үнэндээ бүрэлдээгүй.

Харамсалтай нь Монголд хуулбарлах гэж оролдсон ч эсрэг үр дүнгээ өгсөн. Хүний хийсэн бүтээсэн зүйлд нь тулгуурлан сорж, мөлждөг болсон. Ингэж хэллээ гээд бүгд намайг үзэн ядна биз. Би бол тоох ч үгүй. Үнэн юм чинь. Монгол хөгжихгүй байгаа. Шалтгаан нь банк санхүүгийн систем.

Одоо банк санхүүгийн хамгийн чухал зүйлийг хэлье. Банк санхүүг манайд хөгжсөн, нэг талаараа бүр хэтэрхий хөгжсөн ч гэж хэлж болно. Надад банк нэг талаасаа хүний бүтээлч сэтгэхүйг дэмждэг, нөгөө талаасаа мөлждөг гэсэн хоёр тултай харагдаж байгаа. Гэтэл энэ хоёр туйлын дундажийг олвол зөв хөгжинө гэж би хэлнэ. Бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж, дэмжих нь хэтрэхээрээ бас сөрөг үр дагавартай. Нөгөө талаасаа банк санхүүгийн систем буюу мөнгөний бизнес гэдэг бүтээлч биш. Thin air буюу агаараас мөнгийг бий болгодог. Баялаг бүтээлгүйгээр ашиг олдог бизнес бол банк санхүү. Энэ чанар хэт ажиллахаар эдийн засагт сөрөг үр дагавартай нь манайд илүү илрээд байгаа. Мөнгөгүй, санхүүжилтгүй бизнес явахгүй. Гэхдээ санхүүжилт нь бодит баялаг бүтээж байгаа сектороо шулах байдалд орвол сөрөг дагавартай.

-Зээлийн логик ч гэсэн дэмжлэг гэдэг дээр явах ёстой юу?

-Зээл бол тодорхой хязгаарлалттай бас дамжлагатай явбал зөв. Жишээлбэл, банкны зээлийн хүү өндөр хөгжилтэй улсуудад ерөнхийдөө жилийн 3-5 хувьтай байдаг. Үүнээс бага хүү ч байгаа. Энэ хувь бол үндсэндээ банкинд ашигтай юу гэвэл ашигтай. Нөгөө талдаа зээлийг авсан хэнд ч дэмтэй байж, дарамт үзүүлдэггүй юу гэвэл үзүүлдэггүй. Жилийн 3 хувийн хүүгээ төлөөд, их хэмжээний ашиг хийх бололцоо банкинд байдаг учраас Япон, Америкийн хөгжил ямар байгааг харж байгаа биз. Японд гэхэд зээлийн хүү жилд 2 эсвэл 0.5-1 хувьтай байх жишээтэй. Хүмүүс банк санхүү том учраас энэ улсууд хөгжсөн байна гэдэг. Үгүй. Эсрэгээрээ. Хүү нь тийм бага хувьтай байж бизнес, банк санхүү хөгждөг. Манайд одоо 25 хүүгээрээ асар их ашиг хийдэг. Монголд хамгийн ашигтай салбар бол банк санхүү байна шүү дээ. Тэгээд тэр их мөнгө хаашаа явдаг юм бэ, хэн ч мэдэхгүй. Тэр мөнгөө бодит баялаг бүтээдэг сектороо шулж, мөлжиж олж байгаа. Энэ асуудал маш их яригдсан. Ярихаар өөдөөс юу гэдэг вэ гэвэл “Та нар банк, санхүү мэдэхгүй. Манайд хадгаламжийн хүү өндөр учраас тийм байдаг” гэж утгагүй, тэнэг, гэхдээ банк санхүү мэдэхгүй жирийн хүнд үнэмшилтэй сонсогдохоор жижүүрийн, залилсан, хууран мэхлэсэн тайлбар өгдөг. Банкны зээлийн хүүг бууруулах бүрэн бололцоо бидэнд бий. Тиймээс бид банк, санхүүгийн салбартаа том өөрчлөлт хийх шаардлагатай. Арга, алхам байгаа юу гэвэл байгаа. Үүнийг мэддэг хүмүүс нь мэдэж байгаа. Хийх хүмүүс нь хийнэ.

Банкны зээлийн хүүг бууруулах бүрэн бололцоо бидэнд бий. Тиймээс бид банк, санхүүгийн салбартаа том өөрчлөлт хийх шаардлагатай. Арга, алхам байгаа юу гэвэл байгаа. Үүнийг мэддэг хүмүүс нь мэдэж байгаа. Хийх хүмүүс нь хийнэ.

-Нөгөө талаас яагаад хүн бүр зээл авах хэрэгцээтэй болсон бэ?

-Бидний сонгосон банк, санхүүгийн систем хэрэглээг өдөөсөн, хөхиүлэн дэмжсэн тогтолцоо болчихсон. Урьд нь тийм байгаагүй. Гэхдээ хэрэглээ бол байх ёстой. Хэрэглээ өөрөө хүний хязгааргүй хүсэл, хэрэгцээнд үндэслэдэг гэдэг  ч энд хязгаар байх ёстой. Хязгаар байлаа гээд хүн машингүй, байргүй байх хэрэгтэй гэсэн үг огт биш. Гол нь машин, байртай болохын тулд өөрийгөө асар их санхүүгийн эрсдэлд оруулалгүйгээр ажиллаж байдаг нөхцлийг бид бүрдүүлэх ёстой. Жишээлбэл, ипотекийн зээл. Энэ зээлийг авч үзэхэд миний судалсанаар бол дундаж орлоготой хүний  орлогын 10-20 хувь нь ипотекийн зээлд зарцуулагддаг. Нэг сая төгрөгийн орлоготой гэвэл 100 мянга эсвэл 200 мянган төгрөгөө байрны зээлд өгөөд, үлдсэнээр нь амьдрана гэвэл боломжийн харицаа бас асар их дарамт болохгүй. Хажуугаар нь 10-15 жил бага зэрэг төлөвлөгөө, тооцоо бас хэмнэлттэй ажиллана гэвэл боломжийн.  Энэ бол зөв тогтолцоо бас харицаа гэж би хэлнэ. Тиймээс иргэдээ бодсон, нөгөө талаас хамгийн их амьжиргааны суурь болсон бизнесээ бодсон банк санхүүгийн тогтолцоо Монголд хөгжих  хэрэгтэй.

-Finance буюу санхүү ер нь хэзээний ойлголт вэ? Банк, санхүү үргэлж цуг явж ирсэн үү?

-Анхнаасаа байсан ойлголт. Грект ч байсаар ирсэн. Гэхдээ ийм ойлголт байдаг. Банк санхүүгийн бизнес бол агаараас мөнгө хийдэг гэдгийг анхнаасаа мэдэж байсан учраас эртний Ром, Грекийн, сүүлийн үеийн, бүр саяханы үеийн нийгмүүд мөнгийг хүүтэйгээр зээлэхийг хориглодог байсан. Яагаад гэвэл зээлийн хүү шулан, мөлжихийг мэдэж байсан Мөнгө гэдэг бидний амьжиргаанд тусласан, бараа солилцоог л зохицуулах хэрэгсэл байдгаас ашиг олох гэсэн хэрэгсэл биш гэж хардаг байсан. Энэ бол зөв. Дундад зууны үед Европын Христын шашинтай улсууд хүүг хориглодог байлаа. Шашин өөрөө нийгэмд маш хүчтэй, үнэтүүдийг бас харилцааг тодорхойлдог байсан тул мөнгийг хүүтэй зээлэхийг хориглодог байв. Гэтэл яасан бэ гэхээр нүгэл үйлдсэн гээд нутгаасаа хөөгдсөн еврейчүүд дэлхий даяар тарсан. Энд тэнд гадуурхагдаж явсан учраас тэдэнд амьдрахад хэцүү. Газар өмчлөх боломжгүй. Ажилладаг гол салбар нь үйлчилгээ байв. Христийн шашин хүүг хориглодог байсан нь еврейчүүд  ашигтай гэдгийг мэдээд банк, санхүүг атгах гэхээсээ илүү тэдэнд өгчихсөн. Та нар нүгэл үйлд гэсэн маягтайгаар еврейчүүдэд энэ салбараа өгсөн. Мэдээж Христос хориглодоггүй байсан бол зээлийг хүүтэй өгдөг байх л байсан. Мораль, этикийн үүднээс тэд хүнийг шулахыг хориглодог байж л дээ. Ингээд цагаачилж очсон еврейчүүд энэ салбарт хүчтэй болоод, аваад явсан даа.

Мөнгө гэдэг бидний амьжиргаанд тусласан, бараа солилцоог л зохицуулах хэрэгсэл байдгаас ашиг олох гэсэн хэрэгсэл биш гэж хардаг байсан. Энэ бол зөв. Дундад зууны үед Европын Христын шашинтай улсууд хүүг хориглодог байлаа.

-Төр анхнаасаа зохицуулж ирсэн ч шунал дээр нь тоглож, янз бүрийн аргаар зохицуулалтыг мөнгөөр авсан. Төрийн зохицуулалт ард түмэнд үйлчлэхээсээ илүү банк санхүүд үйлчилдэг тогтолцоо сүүлд яалт ч үгүй бүрэлдчихсэн.

-Манайхан төрийн оролцоо гэхээр их дургүй байдаг шүү дээ.

-Зөв. Яагаад гэвэл төр үндсэн мөн чанараа алдчихсан. Яасан бэ гэвэл ард түмэндээ биш хулгайч нарт үйлчилдэг төр болсон. Төрийг цөөхөн хэдэн гэр бүл атгаж, тэдэнд төр үйлчлээд байхаар дургүй байхаас өөр аргагүй. Уг нь зарчмын хувьд төр ард түмний төлөө байх ёстой. Бас төрийн зохицуулалт байх ёстой гэдэг.

-Чөлөөт зах зээл гэж хамгийн их сурталчилдаг улсууд өөрсдөө төрийн зохицуулалт, хяналт сайтай байдаг биз дээ.

-Тийм. Чөлөөт зах зээлийн оргил болсон бүх улсууд (бүгд шүү) хөгжиж ирсэн түүхийг нь бие даасан өнцөгөөс судлахад МУИС, СЭЗИС-д заадаг сурах бичиг ямар ч хамаагүй байдаг. Тэдний сурах бичгүүд шал өөр, зүгээр хуулбарласан, орчуулсан байдаг. Чиний хэлж байгаа зөв. Тэр улсууд хэзээ ч чөлөөт зах зээлээр хөгжиж ирээгүй. Төрийн зохицуулалтаар, өөрсдийн дотоодын зах зээлээ хамгаалах, дотоод үйлдвэрлэлээ хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ аль болохоор үйлдвэрлэж, гадагшаа экспортлох замаар хөгжиж ирсэн. Хэзээ ч чөлөөтэй байгаагүй. Бидэнд зааж байгаа сурах бичгүүд бүгд өөр юм ярьж байгаа. Чөлөөтэй хөгжсөн, та нар энэ замаар яваарай, амархан болдог гэх мэт. 26 жил бид туршилтын туулай болсон.

Төрийн зохицуулалтаар, өөрсдийн дотоодын зах зээлээ хамгаалах, дотоод үйлдвэрлэлээ хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ аль болохоор үйлдвэрлэж, гадагшаа экспортлох замаар хөгжиж ирсэн.

- Өөрсдийгөө ч туршсан бас гаднаас ч туршсан.

-Тэгсэн. Бид анх эдийн засгийн маш зөв бүтэцтэй байсан. Социализмын үед үүнийг бий болгосон байсан л даа. Тэрэндээ жоохон өөрчлөлт хэрэгтэй байсныг бид суурь тогтолцоогоо үндсэнгээр нь нураачихсан. Жишээлбэл, 1989 оны эдийн засгийн бүтцийг би авч үзсэн. Манай улсын ДНБ-ний 35 хувийг аж үйлдвэрлэлээс бүрдсэн, аж үйлдвэржсэн улс болох шатандаа нэлээд төгөлдөржөөд явж байлаа. Нийт экспортын 30 орчим хувийг эцсийн бүтээгдэхүүн эзлэж байсан. Өнөөдөр 4 хувийг л нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн эзлэж байгаа. 90 орчим хувийг уул уурхайн түүхий эд эзлэдэг гэсэн харицаа байгаа. Үргэлжлэл бий...

 


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Баяраа [112.168.45.xxx] 7 жил
Эдийн засгийг өөрчлөх нь мэдээж түүний өмнө засаглалаа тогтолцоотой нь бүрэн шинэчлээгүй цагт яагаад ч боломжгүйг бодож үзсэн үү?