Мартин Ценкер: Чадвараа ашиглахгүй залхуурах бол жинхэнэ алдаа

Мартин Ценкер: Чадвараа ашиглахгүй залхуурах бол жинхэнэ алдаа

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил 5626

Олон улсын нэртэй жазз хөгжимчин Мартин Ценкертэй хийсэн ярилцлагын сүүлийн хэсэгт бид түүний сурагчдаас бүрдэх The Jazz Train хамтлаг, жазз өнөөдөр ямар байгаа, Ла Ла Ланд зэрэг сэдвийн тухай ярилцсан. Хамгийн гайхалтай нь Мартин Ценкер өөрийнхөө чадварыг ашиглахгүй залхуурахыг жинхэнэ алдаа гэсэн юм.

-The Jazz Train  хамтлагт та хэр удаан хөгжим зааж байгаа вэ?

-2.5 жил.

-Та сурагчиддаа ямар философиор жазз хөгжим заадаг вэ? Жишээлбэл, та тэдний гаргадаг алдааг багшийн хувьд яаж хүлээн авдаг вэ?

-Би хэзээ ч алдааны тухай боддоггүй. Мэдээж хэн нэгэн надад минор аккордыг мажор аккорд гэж хэлвэл алдаа байлгүй яахав. Хэрэв мажор аккорд байх ёстой атал минор аккорд тогловол яг ч алдаа биш. Хэрэв хүн ингэхийг хүссэн, ингэхийг бүр зорьсон байвал яахав ээ, болж байна. Бас үүнийгээ сайн сонсогдож байна гэж хэлсэн ч зүгээр. Гэхдээ үүнийгээ алдаа гэдэг утгаар хийгээд надад би үүнийг хүсч байна гэж хэлвэл өөрөө өөртөө л худлаа ярьж байна гэсэн үг. Хөгжимд хүн бусад хүмүүст худлаа ярьж болно, гэхдээ өөртөө худлаа ярьж, өөрийгөө хуурч чадахгүй.

The Jazz Train квинтет хамтлаг

-Тэгвэл алдаа гэдэг үйл явцын нэг хэсэг. Тийм биш гэж үү?

-Хоёулаа хөгжим тоглоход гаргах алдааны тухай ярилцаж байгаа биз дээ. Тэгэхээр хэн ч тайзанд гараад хамгийн сайнаараа тоглодог. Энэ бол  хөлбөмбөгтэй адилхан. Хаалга руу бөмбөгөө өшиглөөд орохгүй байлаа гээд алдаа биш шүү дээ. Хүн хаалга руу гоол оруулах гэж оролдсон. Гэхдээ оруулаагүй. Энэ бол алдаа биш. Харин ч гоё байхгүй юу. Хүссэнээр ороогүй л биз. Гэхдээ хүн залхуурч, юмыг зөв харахгүй, хийсэн юмаа ухаарахгүй эсвэл тодорхой хэмнэлд ороод, уйтгартай юмаа тоглоод байвал алдаа. Хүн аливааг үргэлж хамгийн сайнаараа хийж, өөртөө үнэнээрээ байж, чадвараа ашиглаж байгаа цагт алдаа биш шүү.

Хүн хаалга руу гоол оруулах гэж оролдсон. Гэхдээ оруулаагүй.  Энэ бол алдаа биш. Харин ч гоё байхгүй юу.

Хүн залхуурч, юмыг зөв харахгүй, хийсэн юмаа ухаарахгүй эсвэл тодорхой хэмнэлд ороод, уйтгартай юмаа тоглоод байвал алдаа.

-The Jazz Train цомогт оруулсан дуунуудаа яагаад сонгосон бэ? Тодорхой шалтгаан байсан уу?

-Тэр бол хамтлагийн тоглож, ажилласаар ирсэн дуунууд байсан. Энэ дуунууд жазз хөгжмийн тодорхой үеүүдийг илэрхийлсэн, бидний хэн хэнд таалагдсан гоё дуунууд.

-Цомгийн ковер социализмын үед гудамжинд алхаж байгаа эмэгтэйн зургийг сонгосон байсан. Яагаад вэ?

-Яагаад гэвэл цомогт багтсан дуунууд энэ үеийн дуунууд байгаа. Дизайныг би хийгээгүй. Гэхдээ энэ бол 1960-аад оны Blue Note үеийн зураг. Ийм зураг тавья гэж дизайнер сэдсэн нь надад бас таалагдсан.

©The Jazz Train

-The Jazz Train (Жазз хөгжмийн галт тэрэг) нэрийг өгсөнд ямар нэгэн утга бий юу?

-Нэрийг залуучууд маань өгсөн...Юу вэ гэхээр, би багш байхыг хүсдэггүй бас би өөрийгөө багш гэж хардаггүй. Манай хэд намайг багш гэж дуудах гэхээр нь би битгий багш гэж  дуудаарай гэдэг. Би тэдэнтэй л адилхан хөгжимчин хүн. Би өмнө нь Билли Хартын тухай дурдсан даа. Тэр хүн намайг байгаагаар маань хүлээн авч байсан. Тиймээс би тэдэнд ‘Энэ бол та нарын цомог, өөрсдийнхөө юунд дуртайг мэдэхийн тулд өөрсдийнхөө тархийг ашиглаарай’ гэж хэлсэн. Ингээд тэд Jazz Train гэдэг нэр бодоод ирэхэд нь би юу  ч хэлээгүй. Би тэднийг байгаагаар нь хүндэлдэг. Надад ч энэ нэр таалагдсан. Би хэзээ ч тэдэндээ “Aрай дээр нэр сонго” гэж хэлэхгүй.

Юу вэ гэхээр, би багш байхыг хүсдэггүй бас би өөрийгөө багш гэж хардаггүй. Манай хэд намайг багш гэж дуудах гэхээр нь би битгий багш гэж  дуудаарай гэдэг.

-Та өөртөө бас энэ хамтлагийн ирээдүйд юу төлөвлөсөн бэ?

-Би энд наад зах нь нэг жил ажиллана. Одоо би Jazz Lab агентлагтай ажиллаж байгаа. Үүний шугамаар миний хамтран тоглож байсан хамгийн агуу хөгжимчдийн нэг Жесси Дэвис Монголд 7-р сарын 4-нд Дуурь бүжгийн театрт тоглоно. Миний хувьд 7-р сарын 5-нд American Corner-т жазз хөгжмийн тухай яриа хийнэ. Jazz Train хамтлагийн хувьд бид хэд хэтийн төлөвтөө тэднийг гадаадад сургахаар төлөвлөсөн. Дуучин Энжи саяхан Германд мастерын зэргээр сурах хөтөлбөрт тэнцсэн. Geothe Musik Labor-ийг байгуулсан цагаас бид ийм төлөвлөгөөтэй байсаар ирсэн. Хүмүүсийг гадаадад сургах. Хамтлагийн хувьд ирэх 10-р сард Мюнхэн хотод жазз фестивалд тоглоно доо.

-Өнөөдөр интернетийн үүслээс болж хүмүүс дуугаар хахаж цацаж байна. Бараг хүн бүр  утсандаа 1000 дуутай. Та үүнийг хөгжимчин, уран бүтээлч хүний хувьд асуудал гэж боддог уу?

-Үгүй бас тийм. Би ‘энийг сонссон надад таалагдаагүй ээ’ гэж хэлэх амархан. 1000 дуутай байна гэдэг сонголт  маш их байна гэсэн үг. Гэхдээ бас ийм их дууны дунд тухайн дуу хэзээ зохиогдсон, хэн хийсэн зэрэг чухал мэдээллийг орхигдуулдаг байх талтай. Гэтэл тэр хөгжимчин тэр дуугаа яах уу, юу хийх үү гэдгийг бодож олон өдрийг өнгөрөөсөн байгаа шүү дээ. Нөгөөтэйгүүр би хүссэн юмаа хүссэн цагтаа сонсдог болсонд баяртай байдаг.

-Гэхдээ таны үед буюу 1990-ээд онд ганцхан пянз худалдаж аваад бараг үүрд сонсдог байсан шүү дээ.

-Тийм шүү, тэгээд тэр ганцхан пянзаа дараа нь найздаа дамжуулдаг байлаа.

-Чанарын том ялгаа байна, тийм үү?

-Тийм шүү, том ялгаа. Ганц пянзандаа  сэтгэл хөдөлнө, баярлана бас хөгжимчин найзууд ганц пянз сонсуулах гээд дууддаг байлаа.

-Ингэхэд та Ла Ла Ландыг үзсэн үү?

-Үзээгүй ээ (инээв).

-Нээрээ юу?

-Тийм ээ. Үзээгүй гэхээр сонин байгаа биз (инээв). Шалтгаан гэвэл би театр луу явж кино үздэггүй бас  Европ руу дандаа Aeroflight-аар нисдэг. Харамсалтай нь Aeroflight-д телевиз байдаггүй (инээв). Хүмүүсээс сонссоноор бол Ла Ла Ланд жазз гэж юу вэ? гэдгийг тайлбарладаг байх аа. Тиймээс хэрэв би энэ киног үзвэл тэдэнтэй санал нийлэхгүй болов уу гэж айж байна. Яагаад гэвэл жазз гэдэг миний хувьд маш хувийн бас маш гүн гүнзгий. 2017 оны Холливуудын маш алдартай кино үүнийг гаргаж ирж чадвал би их гайхна.

-Кинонд Ряан Гослингийн тоглосон, жазз хөгжим үхэж байна гэж ярьдаг гол дүрийн залуу жазз хөгжмийг клуб байгуулан аврах гэж оролддог. Жазз хөгжим үхэж байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Үгүй шүү. Франк Заппа 1970-аад онд “Жазз үхээгүй, зүгээр хөгжилтэй сонсогддог” гэж хэлсэн байдаг. Үнэхээр үхэж устаж байгаа юм байхгүй шүү. Бид нар зүгээр жазз хэзээ ч  McDonalds шиг арилжааны байхгүй  гэдгийг ойлгох хэрэгтэй. Сүши McDonalds шиг арилжааны биш байдаг шүү дээ. Энэ бол жижигхэн хэмжээтэй бүлэг хүмүүст зориулагдсан хөгжим байхгүй юу. Энэ цөөн хүмүүс тэмцэх хэрэгтэй. Амь гарах хэрэгтэй. Төлбөрөө авч байна гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Бид их мөнгө асуугаагүй ээ. Бидэнд соёл дотроо хүчтэй дуу хоолой хэрэгтэй. Гэхдээ эхлээд жазз   пиво зарахад тоглодог жирийн хөгжмөөс үнэ цэнтэй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Яагаад гэвэл жазз гэдэг миний хувьд маш хувийн бас маш гүн гүнзгий. 2017 оны Холливуудын маш алдартай кино үүнийг гаргаж ирж чадвал би их гайхна.

Ла Ла Ланд

-Тэгвэл өнөөдөр жазз хөгжим ямар байгаа вэ? Ямар чиглэл рүү явж байгаа вэ?

-Маш олон чиглэл рүү явж байна уу?

-Жишээлбэл, Snarky Puppy гэдэг хамтлаг байна. Тэд жазз уу?

-Тийм бас үгүй. Би өөрийн эрхээсээ гадуур жаззыг тодорхойлох байр суурьтай биш. Би Snurky Puppy-ийн зарим залуусыг танидаг. Тэдний анхны бөмбөрчин энд Дуурь, бүжгийн театрт надтай хэд хэдэн удаа тоглож байсан. Тэд гоё юм хийдэг. Яг ч миний мэдрэмжийн төрлийн хөгжим тоглодоггүй. Тэднийг тодорхойлно гэвэл мэдрэмж хамаатай. Тэд маш шаргуу хөдөлмөрлөдөг бас маш амжилттай яваа. Хэн нэгэн үүнийг жазз гэж байвал зүгээр ээ. Ер нь одоо хүн бүр юу гэж нэрлэхээ мэдэхгүй юм гарвал жазз гэж нэрлэдэг болсон. Одоо маш олон хэв маяг байна. Бүтээсэн бүхэндээ нэр өгөх хэрэгтэй болдог. Шулуухан хэлэхэд хөгжимд гарч ирсэн хамгийн том хоёр бүтээл бол Бах бас Арт Тейтум. Бахын дараа шинэ юм бараг гарч ирээгүй. Яг л Бах машиныг зохион бүтээснийг хэн нэгэн ногооноор будаад шинэ машин гэж нэрлэхтэй адилхан. Гэхдээ ногооноор будсан ч машин машинаараа л байгаа шүү дээ. Тэр машиныг бүтээсэн хүн бол Баах.  Арт Тейтум ч  гэсэн жааз хөгжимд үүнтэй ижлийг хийсэн.

-Арт Тейтум тийм ч алдартай биш байх аа.

-Тийм, гэхдээ тэр алдартай болох ёстой. Арт Тейтум ганцхан техник талаасаа гайхалтай биш. Түүний бий болгосон шинэ хэл гэж байдаг. Чарли Паркер, Жон Колтрейн гээд тэдний хийсэн бүхэн Арт Тейтумаас гарсан. Мэдээж бусад хүмүүс хөрөнгө оруулсан юм байлгүй яахав. Ямартай ч миний хувьд Арт Тейтум модерн хөгжмийн  хамгийн том зохион бүтээгч байсан.

Шулуухан хэлэхэд хөгжимд гарч ирсэн хамгийн том хоёр бүтээл бол Бах бас Арт Тейтум.

-Өөрөөр хэлбэл Майлс Дэвис тэгж их зан гаргах хэрэггүй байх нь ээ.

-Би Майлс Дэвисийг хүндэлдэг. Тэр гайхалтай хөгжимчин байсан. Гэхдээ тэр маш олон юмыг өөрийгөө хийсэн гэж хэлдэг байсан. Үнэндээ бол бусад хүмүүс тэрийг нь хийсэн байдаг. Вейн Шортергүйгээр Майлс Дэвис Квинтеттэйгээ ийм алдартай байхгүй. Майлс Дэвис Чарли Паркергүйгээр ийм алдартай байхгүй. Майлс Дэвис Майлс Миллергүйгээр ийм алдартай байхгүй. Гол нь тэднийг нэг дор цуглуулсан хүн бол Майлс Дэвис. Мэдээж тэр надаас 10 дахин хамаагүй сайн хөгжимчин. Гэхдээ Майлс Дэвис нэгэн төрлийн монопол эзэмшдэг. Майлс Дэвисын өөртөө бүтээсэн имиж гэж бас байдаг.

Клиффорд Браун гэж үнэхээр мундаг бүрээчин байлаа. Тэр 24 настайдаа машины ослоор нас барсан. Маш эмгэнэлтэй. Тэр Майлстай нас чацуу. Хэрэв тэр үхээгүй байсан бол Майлс хэзээ ч тийм ч том орон зайг эзлэхгүй байсан бас жазз хөгжим өөр байхсан. Мэдээж Майлс Дэвис хөгжимд маш олон юм бүтээсэн хүн.

Майлс арван жилийн дараа эргэж ирээд хоёр цомог гаргаж байсан даа. The Man with the Horn бас We Want Miles. Үүнээс хойш Майлс Дэвис надад таалагдахаа байсан. Tutu сайн цомог. Гэхдээ энэ бол Майлс Дэвис гэхээсээ илүү Маркус Миллер байсан. Тэгээд The Man with the Horn-ийг үнэндээ гитарчин Майк Стерн бүтээсэн.

-Сүүлийн асуулт. Та жазз хөгжмийн шинэ сонсогчдод гурван дуу санал болгооч.

-Тэгэлгүй яахав.

1. Жон Колтрейн, 1961 он Afro Blue Birdland дахь тоглолт (Энэ дуу бараг 10 минут үргэлжилдэг. Нүдээ аниад сонсоорой.)

2. Арт Блейки, 1963 оны Ping Pong

3. Карман Мкрей, I’m glad there is you

Энэ жагсаалт хэдэн зуугаараа үргэлжлэх учраас би санамсаргүйгээр энэ гурван дууг хэллээ.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү