Г.Чулуунбат: Налайх дүүрэг бүх шугам хоолойгоо полимор болгох том зорилт дэвшүүлсэн

Г.Чулуунбат: Налайх дүүрэг бүх шугам хоолойгоо полимор болгох том зорилт дэвшүүлсэн


7 жил 3136

Налайх дүүргийн хүн амыг стандартын шаардлага хангасан ундны усаар хангах, ус ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуйн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Энэ асуудлаар Налайх дүүргийн  “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын дарга Г.Чулуунбаттай ярилцлаа.

- Усны аюулгүй байдлыг хангах, чандмань эрдэнэ болсон усаа хайрлан хамгаалах тал дээр Налайх дүүрэг усны аюулгүй байдлын төлөвлөгөө батлуулсан. Ингэж тусгайлан төлөвлөгөө гаргаж байгаагийн суурь шалтгаан юу бэ?

- Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр олон удаагийн сургалт, хэлэлцүүлэг хийж байж боловсруулсан. Суурь судалгаануудыг маш сайн хийсэн. Сав суулга, стаканд байгаа усанд ямар микроб агуулагдаж байгаа вэ гэдгийг хүн мэддэггүй учраас шууд хэрэглэдэг. Энэ нь өнөөдөр хүний эрүүл мэндэд шууд, ноцтой нөлөөлөхгүй ч яваандаа хорт хавдар үүсэх шалтгаан нөхцөл болж байдаг. Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулж батлуулсны үндсэн шалтгаан ерөөсөө л энэ юм.

Орон сууцнуудын шугам сүлжээ зэвэрч муудсан, айл өрх зориулалтын бус усны сав хэрэглэдэг зэрэг тулгамдсан асуудал их байна. Үүнийг гэр хорооллын болон орон сууцны хороолол гэсэн 2 шугамд авч үзэж байна. Орон сууцныхаа хорооллыг эцсийн хэрэглэгч хүртэл бүх шугам сүлжээг полимор хоолойгоор солих, гэр хорооллыг зайлшгүй зөөврийн ус хэрэглэдэг бол сав суулга, зөөдөг машин, ус түгээх байрыг стандартад нийцүүлэх юм. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо, хандлага маш чухал юм.

- Усны аюулгүй байдлын төлөвлөгөө нийт хэдэн бүлэг, заалттай батлагдсан бэ?

- Нийтдээ 60 гаруй заалттай. Энэ төлөвлөгөөг 8 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Нийтдээ 19 тэрбум төгрөгийн ажил тусгагдсан. Төлөвлөгөөний хамгийн чухал зорилт бол Налайх дүүрэг Монгол Улсын хэмжээнд бүх шугам сүлжээгээ полимор хоолойгоор солих зорилт тусгагдсан.

8 жилийн хугацаанд дүүргийн хүн ам өсөн нэмэгдэж 60, 70 мянга болно гэж тооцоход Налайхын хүн ам зэвэрдэлгүй, бохирдолгүй ус уудаг болох том зорилт тавьж байна. Үүний хөрөнгө мөнгийг босгох, сурталчилах, таниулах олон ажлыг төлөвлөгөөндөө тусгасан.

- Налайх дүүргийн хувьд цэвэр, цэнгэг усны нөөц хэр байдаг бол?

- Налайх дүүрэг өөрийн усны эх үүсвэртэй байсан. 1990-ээд онц Гачууртын дээд талд том усан сан байгуулна гээд манай усны эх үүсвэрийг буулгасан. Одоо бид Улаанбаатар хотын дээд эх үүсвэрээс хэрэглээний усаа авч байна. Энэ бол улсын хэмжээнд хамгийн цэвэр ус гэгддэг. Гэтэл иргэдэд хүргэхдээ хамгийн бохир болгож өгч байгаа юм. Учир нь 1956 оноос хойш үе үед байгуулагдсан зэвтэй трубагаар дамжиж иргэдэд бохир болж очдог. Улаанбаатар хотын эх үүсвэр труба ч зэврээд эхэлсэн. Тиймээс орон нутагт байгаа усны эх үүсвэрийн нөөцийг сэргээгээд тэнд нь усаа боловсруулдаг, нааш дамжуулах шугам болон бүх салбар, салаа шугамыг полимор хоолой болгож чадвал жинхэнэ үр дүнтэй ажил болох юм. Энэ хооронд хэдхэн метр ган хоолой байхад л бохирдол үүсдэг. Энэ ажил бүтвэл Налайхын хүн ам усыг заавал буцалгаж уух шаардлагагүй экологийн, эрдэстэйгээр нь шууд уух боломж бүрдэнэ.

- Өнөөдрийн байдлаар шугам хоолойгоор цэвэр усаа авч байгаа хичнээн айл өрх, иргэд байна. Мэдээж 8 жилийн хугацаанд хэрэгцээ өсөн нэмэгдэхэд хэд орчим болох тооцоо судалгаа гарсан бэ?

- Налайхын хэмжээнд бүх хүн ус хэрэглэж байгаа. Энэ дотроо 2, 5 дугаар хорооны нэг хэсэг орон сууцанд байдаг айлууд хуучирсан зэвтэй шугамаараа ус авч байна. Зөөврийн ус хэрэглэж байгаа гэр хорооллын айлууд ч гэсэн бас зэвтэй ус хэрэглэдэг. Бид өнөөдөр шилэн саванд хийсэн усыг энэ зэвтэй байна гэдгийг нүдээрээ ялгаж чадахгүй байгаа учраас ямар нэг юм санахгүй, бодохгүй шууд ууж байна. Тэр дундаа буцалгахгүй шууд хэрэглэдэг хүмүүс ходоод гэдэсний ямар нэг өвчлөлийн нян өөртөө үүсгээд явдаг.

- 8, магадгүй 10 жилийн дараа бүх шугамаа полимор болгоод үр дүнг нь харна гэвэл бас учир дутагдалтай. Иргэдийн зүгээс өөрсдөө чадах зүйлээ эхлүүлэх хэрэгтэй байх. Иргэд хамгийн түрүүнд эрүүл мэндээ бодоод юу хийх ёстой вэ? Таны зөвлөгөө?

- Тэгэлгүй яахав. Энэ том зорилт төлөвлөгөөг иргэдийн оролцоо, дэмжлэггүйгээр биелүүлнэ гэвэл учир дутагдалтай. Орон сууц өөрөө хувийн өмч болчихсон. Хувийн өмчийг улсын хөрөнгөөр бүх шугамыг полимор хоолой болгоно гэвэл мэдээж төсөв санхүүгийн хувьд боломжгүй. Төр өөрийн эзэмшиж байгаа гадна шугам сүлжээг ямар нэг байдлаар жил жилийнхээ төсөв төлөвлөгөөнд тусгаад хийчих боломжтой. Орон сууцанд амьдарч байгаа иргэд өөрсдийнхөө орц, байрлуу орсон шугамыг өөрсдөө хариуцаад хийчихэд болно. Нэг удаадаа полимор хоолой худалдаж аваад мэргэжлийн байгууллагуудаар хийлгэчихэд 50-70 жил тэр шугам цоорохгүй, зэврэхгүй.

Гэр хорооллын нөхцөлд иргэд шар цэнхэр савны оронд стандартад нийцсэн цагаан саваа авч хэрэглэж хэвших хэрэгтэй. Нөгөө талаараа хариуцаж байгаа төрийн байгууллага ус түгээх байрнуудын металл савнуудыг бүгдийг нь полимор сав болгох, металь ёонкстой машинаар зөөж байгааг зориулалтын болгох, сургалт сурталчилгааг сайн хийж, иргэд өөрсдөө хэрэгжүүлэхэд болохгүй гэх зүйлгүй. Өөрийнхөө эрүүл мэндийн төлөө, ирээдүйд мэдэхгүй ямар нэгэн өвчлөлийн төлөө одооноос эхлэх хэрэгтэй гэж хэлмээр байна.

- Нэг талдаа шинээр ямар нэг барилга байшин, обьект ашиглалтад оруулахад улсын комисс хүлээж авахдаа тухайн шаардлагад усны шугам полимор хоолойтой байна гэсэн шаардлага оруулж өгөх ёстой юм бишүү?

- Энэ асуудал бүр зүй ёсных. Одоо ус түгээх байр барья гэсэн гадны донор байгууллагууд байна. Тэрэнд энэ нөхцлийг чухалчлан тавина. Гүний худаг өрөмдвөл дээшээ шахаж байгаа хоолойг поимор болгох, дээрээ усан сан байвал усан санг полимор болгох хэрэгтэй. Орон сууц, барилга байшин баригдахад техникийн нөхцөлдөө бид зайлшгүй зааж өгнө.

- Төлөвлөгөөнд эдгээр шаардлагууд орсон уу?

- Орсон. Одоо энэ асуудлыг сурталчилах, биечлэн ойлгуулах асуудлыг өндөр хэмжээнд хийх хэрэгтэй байгаа юм. Төлөвлөгөө батлуулсан гээд цээжээ дэлдээ явах өнөөдрийн ажил үр дүн биш юм. Манай дүүрэг хөгжлийн гарцанд иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах нөхцлийг бүрдүүлнэ гэсэн зорилттой. Энэ зорилтын зайлшгүй, салшгүй хэсэг нь усны аюулгүй байдал юм. Усаар дамжин хүнсний аюулгүй байдалд шууд нөлөөлдөг.

- Ярилцлаганыхаа төгсгөлд нийт уншигчиддаа хандаж юу хэлэх вэ?

- Манай улсын хэмжээнд гэр хороололд тогтоосон норм бол нэг хүн 8 литр. Бидний гарсан тооцоогоор одоогоор Налайхад 1 хүнд 7,1 литр ус байна. Бид 20 литр усыг 40 төгрөгөөр л авч байгаа. Нэг литр ус 2 төгрөг шүү дээ. Ийм хямд үнэтэй бүтээгдэхүүн Монголд өөр байхгүй. Усны зохистой хэрэглээ гэдэг зүйлийг хаа хаанаа төлөвшүүлэх хэрэгтэй. Өглөө шүдээ угаахдаа 10 л усаар угаах уу, 500 гр усаар угаах уу гэдэг таны ухамсрын л асуудал. Крантаа нээж орхичихоод усаа гоожуулаад байх уу, шилэнд хийгээд шүдээ угаах уу гэдэг гарцаа байхгүй ухамсар юм. Мөн нойлын суултуурын бочкины ус алдалт түгээмэл байдаг.

Усны аюулгүй байдлын төлөвлөгөө хэрэгжихтэй холбогдуулан 2018 онд ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдал гэдэг төсөл хийж эхэлнэ. Хаана ус очно, тэнд ариун цэврийн байгууламж цэвэрхэн байх ёстой. Ариун цэврийн байгууламжийн төлөвлөгөөнд гэр хорооллыг төвийн шугаманд холбоно гэсэн бол гэр хорооллын бохируудыг төвийн шугамд холбох асуудал зайлшгүй орж ирнэ. Ингэхээр хашааны хөрс бохирдохгүй, тэр айл хэрэглэдэг усаа сайхан хэрэглэнэ, ногоо цагаагаа усална, хөрсний бохирдол багасна. Тэр хорооны иргэдийн хөрс, усны бохирдлыг иж бүрэн арилгах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө зайлшгүй хэрэгжүүлэх, анхаарлын төвд байнга байлгах асуудал энэ юм.

Манай дүүрэг том зорилт тавьж, усны аюулгүй байдлын төлөвлөгөө хэрэгжүүлж, дүүргээрээ улсын хэмжээнд цэвэр ус хэрэглэдэг, бүх шугам сүлжээгээ полимор хоолой болгоход нийт иргэдийг уриалан дуудаж байна. Ус бол бидний амьдралын салшгүй хэсэг юм шүү. Усандаа хайртай байцгаая.

- Ярилцсанд баярлалаа


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
наранцэцэг [202.179.31.xxx] 7 жил
Чадах уу