Б.Лхагвасүрэн: Юм идсэн бол 40 минутын дотор шүдээ угаагаарай, шүд цооролтоос бүрэн сэргийлнэ

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

3 жил 5837

   Бид энэ удаагийн ярилцлагын буландаа “Happy Smile” шүдний эмнэлгийн эмч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Сайн байна уу? Энэ өдрийн мэнд. Сэтгүүлч миний бодлоор шүдний эмч нь бусад мэргэжлийн эмч нарыг бодвол хүмүүст муу мэдээ дуулгах нь бага гэж боддог. Тэгвэл таны бодлоор шүдний эмч байхын онцлог, давуу тал чухам юу вэ?

-Шүдний эмч байхын онцлог гэвэл нэгдүгээрт бидний ажлын талбар хүний шүдэнд 100 хувь ил байдаг. Хоёрдугаарт эмчилгээний үр дүн шууд мэдрэгддэг. Гуравдугаарт гоо сайхны мэдрэмжийг авдаг байгаа.

-Ямар тохиолдолд шүдний эмгэг нь амь насанд халтай байдаг вэ?

-Шүд цоорох өвчин хүндрэх эсвэл өвдөж байгаа шүдээ оролдож бохирдуулах, элдэв зүйл дусаах , эмчид очихоос айж өөрсдөө авах гэх мэт хүндэрч бохирдон ясны идээт үрэвсэл болдог. Энэ нь цаашлаад цээжний хөндийд идээ орох, ясанд үрэвсэл орж цусаар дамжих нь амь насанд зуун хувь халтай. Иймээс та зургаан сар тутамд шүдээ үзүүлж байх хэрэгтэй.

-Ихэнх хүмүүс шүдийг зөвхөн өглөөд л угаадаг. Тэгвэл хэдийд ямар үед угааж, цэвэрлэж байх нь зөв бол?

-Шүдийг өдөрт дор хаяж хоёр удаа буюу өглөө цайгаа уусны дараа, орой хоол идэж дууссаны дараа угааж цэвэрлэх хэрэгтэй. Үүнд нэг анхаарах зүйл бий. Та хоол хүнс идээд 40 минутын дотор шүдийг угаах нь маш тохиромжтой байдаг. Энэ хугацаанд хоол хүнсний бүтээгдэхүүн шүдэнд нөлөөлөх процесс, цооролт эрчимтэй явагдаж байдаг. Хэрэв та энэ процессыг 40 минутын дотор тасалж угааж чадвал өөрийнхөө шүдийг цооролтоос сэргийлж байгаа гэсэн үг. Мөн болж өгвөл өөрийн сойзыг байнга авч хоол идсэний дараа байнга угааж байгаарай.

-Хүмүүс шүд өвдөлт хүндэрсэн үед ирж эмчлүүлдэг. Мөн сувгийн эмчилгээ их хийлгэдэг шүү дээ. Тэгвэл сувгийн эмчилгээний талаар?

-Шүдний цоорлын хүндрэл буюу зөөлөн цэврүү үрэвсэл юм. Илрэх шинж тэмдэг нь шөнө өвдөх, халуун хүйтэнд мэдрэг байдаг. Харин эмчилгээ нь хоёр төрөл байдаг. Нэгдүгээрт: Шүд өвдөж эхэлсэн 3-7 хоногийн дотор эмийн бодисын тусламжтайгаар мэдрэл тасдалгүй шүдийг эмчилдэг. Хоёрдугаарт : Зөөлөн цэврүү үрэвсэл хүндэрч тархмал үрэвсэл болдог. Энэ нь аль шүдээ өвдөж байгааг үл мэдэх, бүүр зарим тохиолдолд эсрэг талын шүд өвдсөн байдаг. Ийм тохиолдолд сувгийн эмчилгээ хийж мэдрэл тасдаж эмчилгээг хийдэг. Мөн шүдээ сайн арчилж, хатуу юм аль болох идэхгүй байвал шүд хамгаалж чадна. Сул тал гэвэл шүдний органик байдаг алдагдаж хатаж, шүд хэврэгшдэг байгаа.

-Сувгийн эмчилгээ хийлгэхээс айж шүд авхуулах, сүүн шүдийг хамаагүй авхуулах зэрэг нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулбал хүмүүс шүдийг авхуулах нь багассан. Хэт их шүд авхуулснаар хиймэл шүд зүүх, зарим тохиолдолд хиймэл шүд зүүж чадахгүй, шүдгүй удаан байснаар эрүү нүүрний гажиг үүсэх, шүдний зуулт намсдаг. Харин сүүн шүдний хувьд тухайн шүдний унах нас нь болоогүй л бол авах ёсгүй байдаг. Энэ нь дараа нь ургах шүдний зайг хадгалж үлддэг. Сүүн шүдийг эрт авснаар хоёр талын шүднүүд шахам ургаж, шавааралдаж, давхралдаж ургах зэрэг шүдний гажигтай болдог.

-Сүүн шүдтэй хүүхдүүдэд зориулсан гажиг засах аппаратууд байдаг. Тэдгээрийн талаар дурдвал?

-Арван хоёроос доош насны буюу сүүн болон холимог шүдтэй хүүхдүүдэд зориулсан шүдний гажиг засах аппарат байдаг. Энэ нь авч болдог бөгөөд ихдээ зургаан сар зүүж гажиг засдаг бөгөөд хоол идэх үедээ авах, шөнө унтахдаа зүүх гэх мэтээр авч болно. Мөн уруул хэлний хөвч богинотой бол шүдний гажиг үүсдэг. Иймээс эцэг эхчүүд шүдний эмчид үзүүлэн хянуулж шүдний аппарат зүүх хугацааг тодорхойлох хэрэгтэй. Харин 13-аас дээш настай хүүхдийн бүх шүднүүд ясан шүд болсон байдаг учраас том хүмүүс зүүдэг аппарат зүүдэг.

-Зарим хүмүүс гажиг засах аппарат зүүх боломжгүй үүрнэ гэдэг шүү дээ. Тэгвэл үүнд нас хамааралтай юу?

-Шүдний аппарат зүүхэд нас хамаарахгүй. Гол нь тухайн хүний ясны бүтэц чухал хамааралтай байдаг. Шүдний сурвалжийн ясны урт, шүд барьж байдаг түүшин сэртэн буюу түүшин ясны бүрэн бүтэн байдлаар хамаардаг.

-Жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж байгаа үед шүдний аппарат зүүх нь сөрөг нөлөөтэй юу?

-Жирэмсэн эхчүүд эрдэс витамины дутагдалд маш их орж, эрдэс бодисоо алдаж шүд хэврэг болдог. Мөн шүдний арчилгаа хоёр дахин нэмэгддэг, хоол хүнсний хэрэглээ хувьд ч өөрчлөгддөг. Тиймээс жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд аль болох төрсний дараа шүдний аппаратыг хийлгэх хэрэгтэй.

 

-Санаандгүй байдлаар шүдээ унагаах, хугалах зэрэг тохиолдол ямар зүйл хийх вэ? Заавал хиймэл шүд хийлгэх ёстой юу?

-Хэрэв таны шүд санаандгүй байдлаар булгарч унасан бол 12 цагийн дотор унасан шүдээ чийгтэй орчинд байлгаж байгаад авч ирж шүд болон буйландаа сувгийн эмчилгээ хийлгэж эргүүлэн өөрийн шүдээ суулгуулж болно. Хиймэл шүд бус өөрийн шүдийг буцааж хийж байгаа учир бие организм эргүүлэн хүлээн авдаг байгаа. Харин хугарсан, хөдөлгөөнд орсон бол рентген зураг авч шүд аль түвшинд хугарсныг тодорхойлж шүдийг авах эсвэл эмчилгээ хийх зэргийг шийддэг.  

-Сүүлийн үед авдаггүй хиймэл шүд гарсан. Тэгвэл энэ талаар тодорхой мэдээлэл өгвөл?

-Орчин үед гүүрлэсэн шүдэлбэр болон импульянт гэх мэт аргууд бий. Мөн шүд шилжүүлэн суулгах арга бий. Энэ нь урд шүдний сурвалж ард талын буюу арааны шүдний сурвалжтай таарч байвал арааг унасан шүдний оронд суулгаж болно. Хоёрдугаарт гүүрлэсэн шүдэлбэр нь хажуу талын тулгуур сайтай хөдөлгөөнгүй нэг юм хоёр шүдэнд тулгуурлан гүүрлэж хийх арга. Сүүлийн үеийн аргууд гэвэл импульянт буюу ясанд  титанаар хийсэн төмөр голыг суулгаж 3-9 сарын дараа бие организм хэрхэн хүлээж авч байгаагаас хамаарч хиймэл шүдийг хийх. Мөн туузан шүд гэж бий. Энэ бол бусад шүднүүдийг бодвол цаг хугацаа маш бага орж хийгддэг. Цагийн дотор хийх бөгөөд хоёр талын шүднүүдэд тусгай тууз бэхэлж байгаад хийдэг. Сул тал нь юм зулгааж идэж болохгүй хэврэг байдаг.

-Шүдний паалан хийлгэх талаар?

-Шүдний паалан тавина гэдэг нь ломбоны материалаар үүдэн шүдний өнгө болон хэлбэр сэргээхийг хэлнэ. Гоо сайхан, гоо зүйн хувьд сайхан болж ирдэг. Мэдээж ломбо нааж шүдийг сэргээн засаж байгаа учир өөрийн шүд шиг үйл ажиллагааг бүрэн. Тиймээс пааланг хамгаалж зулгаахгүй, хатуу юм идэхгүй байх хэрэгтэй.

-Сүүлийн үед ломбонууд олон янз болсон. Тэдний ялгааны талаар яривал?

-Сүүлийн үед бараг бүх ломбонууд хуванцар ломбоор хийгдэж байгаа. Харин зориулалтаасаа хамаараад шаазан болон церконы (үүдэнд шүдний пааланд зориулсан хатуу) хольцтой байгаа. Харин гэрлээр хатаадаг хуванцар ломбонууд нь бусад шүднийдээ ломбодуулдаг энгийн ломбонууд юм.

-Шүдний хар түрхлэг нь шүдний цооролтыг зогсоодог гэдэг тэгвэл бусад мэдээллийг өгвөл?

-Гэрлийн нөлөөгөөр мөнгөний урвал явагдахыг хэлнэ. Хүүхдийн шүд цоорох буюу зөөлөрсөн байдаг. Ингэснээр түрхлэг түрхэж гэрлээр шарж шүд цооролтыг зогсоодог. Хар түрхлэг нь эмийн бодис учраас тодорхой үйлчлэх хугацаатай учир тодорхой давтамжтай түрхэж байж цооролтыг тэр хэмжээнд нь зогсоож чаддаг гэсэн үг. Сул тал гэвэл хар түрхлэг нь шүдийг хатааж байгаа учир үүрэх магадлалтай.

-Өвдөөгүй байгаа шүд гэнэт үүрч унах тохиолдол байдаг. Энэ нь ямар учир шалтгаантай вэ?

-Удамшлын гаралтай шүдний паалангийн дутуу хөгжил байдаг. Энэ үед шүд өөрийн мэдэлгүй үүрдэг. Мөн сүүлийн үед хүмүүсийн нүүрс усны (гаазтай зүйлс) хэрэглээ, шүдээ дутуу угаах, гадаад хүчин зүйл их болсонтой холбоотой шүдний паалан хагарах буюу шүд гадаад хүчин зүйлээс хамаарч үүрч байгаа.

-Шүд чулуутай болдог. Тэгвэл шүд чулуутай болох нь ямар үр дагавартай вэ?

-Нэгдүгээрт шүд яс хоёрын завсраар зай гаргаж өөрөө зузаарах тусмаа зай гаргаж шүдийг дээш нь сугалдаг. Хоёрдугаарт яс буйл хоёрыг доош нь идэж намхан болгодог. Ялангуяа эрүүний үүдэнд илт мэдэгддэг. Зарим хүмүүсийн буйл нь хэтэрхий доошилж , шүд хөдөлгөөн ордог. Хэрвээ шүдний чулууг цэвэрлүүлэхгүй бол эрүүний шүднээс эхлээд шүд ямар ч зовиргүй унаж эхэлдэг. Тиймээс зургаан сар тутамд чулуугаа цэвэрлүүлж байгаарай. Хэрэв таны шүднээс шүргэх төдийд цус гарах, шүд угаах үед буйлнаас цус гарах, амны хөндий угаасан ч эвгүй үнэр байх, шүд шарлах зэрэг нь шүд чулуужсантай холбоотой юм. Иймээс шүднийхээ чулууг цэвэрлүүлж байгаарай.

-Хүмүүст нэмж зөвлөж, юуг захих вэ?

Эцэг эхчүүдэд тусгайлан захихад хүүхдүүддээ орой 18 цагаас хойш аль болох шүдэнд наалдаж болох амттан өгөөрэй. Орой 18 цагаас хойш буюу физиологийн цагаас хойш амны хөндийд шүлс ялгаралт багасаж амны хөндийг цэвэрлэх үйл ажиллагаа багасдаг. Иймээс ээж аавууд ажлаа тараад хүүхдүүддээ ундаа чихэр боорцог авч ирэхээ багасгах, мөн бусад цагуудад амттан өгсөн бол 40 минутын дотор амны хөндийг заавал угаалгаж байгаарай гэж зөвлөе.

Ингээд бидэнтэй цаг заваа гаргаж ярилцан, зөвлөгөө өгсөн “Happy smile” эмнэлгийн эмч Б.Лхагвасүрэн танд болон танай хамт олонд маш их баярлалаа. Мөн олон улсын эмч нарын баярын мэндийг бүх цагаан халаадтай, алтан гарт эмч та бүхэндээ хүргэе.


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү