Х.Ганчимэг: Зэвсэгт хүчинд ажиллана гэдэг хэцүү гэж боддоггүй, заримдаа бүр бахармаар үе байдаг

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

3 жил 2743

   Өнгөрсөн сарын сүүлчээр Турк улсын Станбул хотод болсон “Олон улсын аварга тогооч” шалгаруулах тэмцээнд манай улсаас тогооч нарын баг оролцож амжилттай явсан бөгөөд тэдний нэг Зэвсэгт хүчний 017-р ангийн ахлах тогооч, ахлах ахлагч Х.Ганчимэгтэй ярилцлаа.

-Тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе.

- Баярлалаа. Тэмцээний тухай ярихаас өмнө Монголын тогооч нарын багаа удирдан авч явсан тогооч нарын тэмцээний олон улсын шүүгч , Монголын мастер тогооч холбооны ерөнхийлөгч мастер тогооч н.Буяндэлгэр болон н.Батбаатар болон бусад хүмүүст баярласан талархсанаа илэрхийлж байна.

- Гаргасан амжилтынхаа тухай дурдвал?

 -Тэмцээнд 18 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Харин 16 тогооч нэг баг болсон байгаа. Эрэгтэй эмэгтэй баг оролцож, эмэгтэй баг алтан медаль авсан байгаа. Мөн дөрвөн мастер тогооч олон улсын шүүгчийн эрхээ авснаар манай улс зургаан олон улсын шүүгчтэй болсон. Харин “Олон улсын аварга тогооч” шалгаруулах тэмцээнд Зэвсэгт хүчнийг төлөөлж 013-р ангийн ахлах тогооч, ахлах ахлагч Н.Гэрэлтуяа бид хоёр оролцсон. Бид Ази хоол, загас, модерн хоолны төрөлд амжилттай оролцож хоёул  гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Харин миний хувьд би хоёр хүрэл, нэг мөнгөн медалийг авсан. 

Тогоочдын багийнхан

-Ямар хоол хийж өрсөлдөв, бусад хоолнуудаас онцлог тал юу байв?

-Ази хоол загас модерн хоол гэсэн төрлүүдэд орсон. Ер нь бол Ази хоолны төрөлд шүүгчид монгол хоолыг тийм ч сайн мэдэхгүй учир ихэвчлэн Хятад Солонгос хоолны төрлийг хийдэг. Миний хувьд ч ази хоолны төрөлд хар мөөгтэй хуурга хийсэн. Мөн нэг зүйлийг онцлоход олон улсын тэмцээнүүдэд тэргүүн байранд заавал нэг хүн орох ёстой гэсэн зүйл байдаггүй. Тухайн байр шагналуудад тусдаа заасан оноо, ажилбарууд гэж бий . Тиймээс ч дээрх болзлоо хангасан тохиолдолд хэдэн ч хүн алт, мөнгө , хүрэл медаль  тусгай байр байж болдог нь онцлог.

-Бусад шагнал, амжилтуудаасаа дурдвал?

-Зэвсэгт хүчний аварга тогооч тэмцээн 2015 оноос зохион байгуулагдсан. Энэ тэмцээнээс хоёр удаа аваргалж, нэг удаа хүрэл медаль хүртэж байсан. Сонирхуулахад энэ тэмцээний онцлог нь хээрийн тогоонд монгол хоолыг хийж өрсөлддөг байгаа. 

-Тогоочоор ажиллаад хэдэн жилийг ардаа орхисон бэ? Зэвсэгт хүчинд ажиллаад хэр удаж байна.

-Тогооч болоод 18 жилтэйгээ золгож байна шүү. Харин цэргийн цолоо аваад таван жил болж байна. 

-Цэргийн албан хаагч байх нь эмэгтэй хүмүүст хэцүү байдаг гэдэг шүү дээ. Тэгвэл та яагаад цэргийн хүн болов. Таны хувьд цэргийн хүн байх нь ямар вэ?

-Хэцүү гэж боддоггүй. Харин ч зарим үед ажлаараа бахархмаар үе олон байдаг. Миний хувьд анх ажил хийж эхлэхээсээ л цэргийн байгууллагад ажилласан. Анх 2000 онд Батлан хамгаалах яам Зэвсэгт хүчний Жанжин штаб-д үйлчилгээ аж ахуйн хэлтэст ээлжийн тогоочоор орж байлаа. Тасралтгүй 18 жил цэргийн байгууллагад тогоочоор ажилласан. Энгийн тогооч байх үедээ ч цэргийн хүн шиг байлаа. Хаана тогооч шаардлагатай байна бид тэнд ажлаа хийдэг.

-Олон хүний хоол тэр тусмаа цэргийн албан хаагчдад зориулагдсан хоолны онцлог юу бэ?

-Төрийн албан хаагч, хугацаат цэргийн албан хаагчдын хоол хүнсний хангамж цаанаасаа заагдсан хангагдсан, хангалттай хоол хүнсийг авч чаддаг гэж боддог.  Яагаад энгийн хүмүүс өдөрт дөрвөн удаагийн махан хоолыг тэр идэж амждаггүй энэ нь онцлог тал гэж бодож байна. Мөн олон хүний хоол хийнэ гэдэг чинь сайхан шүү дээ. 

-Зарим хүмүүс ажил дээрээ байнга хийдэг зүйлээ гэртээ юм уу чөлөөт цагаараа хийхийг хүсдэггүй. Тэгвэл та ажлаас бусад үед хэр хоол хийж байна.

- Айл гэрийн эзэгтэй хүн болохоор хийлгүй яахав. Манай гэр бүлийн гишүүд надаас бусад нь эрчүүд тийм болохоор сайхан хоол хийхийг л боддог.

Турк улс: Олон улсын тогооч нарын тэмцээн

-Ямар хоол хийх, идэх дуртай вэ?

-Хээрийн борцтой банштай цай үнэхээр сайхан шүү. Ер нь гурилтай шөл, шөлтэй хоолонд их дуртай.

-Сайн яваа хүн бүрийн ард гэр бүл нь байдаг гэлцдэг. Таны хань гэр бүлийнхэн хэр ойлгодог вэ?

-Мэдээж тийм шүү. Миний хань цагдаагийн хүн, адилхан тангараг өргөсөн учраас сайн ойлгоно. Үйлчилгээний ажил гэдэг бол маш их хариуцлага байдаг. Ялангуяа цэргийн байгууллага болохоор тушаал авсан л бол үгүй гэх эрх байдаггүй. Ер нь тэгээд гэр бүлийн хүн чинь тангараг өргөсөн ч бай өөр үйлчилгээний ажилтай хүнтэй бол хэн хэнийгээ ойлгож байгаарай гэж зөвлөе.

-Олон улсын сургалт , томоохон үйл ажиллагаа, хүлээн авалтуудад ажиллаж байсан уу?

-Зэвсэгт хүчний олон улсын хамтарсан сургалтууд, Монгол улсын бүх аймгуудад томилолтоор ажиллах, мөн төрийн өндөрлөгүүдэд ч хоол хийж ямар нэгэн газарт явж үзсэн шүү.

-Хээрээр ч юм уу ямар нэг газарт томилогдоод явахад учирч байсан хамгийн хүнд дурсамжаасаа хуваалцаач.

 - Дун өвлийн хүйтэнд долоо хоногийн томилолт аваад “Бурхан Халдун” ууланд орой очив. Машиндаа ч суухад ч  хүйтэн байлаа. Өдөржингөө хоосон явж ирсэн хүмүүст орой хоол хийж өгөх хэрэгтэй байдаг, гэвч гадаа гарч хоол хийнэ гэдэг нь үнэхээр хүнд, осгохоор хүйтэн байсан шүү. Тэр үед л үнэхээр хэцүү яах гэж ирэв ээ гэж шантарч байлаа. Гэхдээ дараа нь бодоход үнэхээр дурсамжтай байсан.

- Мэргэжил бүрд сайхан тал байдаг. Тэгвэл таны бодлоор?

-Их азтай буянтай хүн байх гэж боддог. Хоол идчихээд хүн баярлалаа гээд гарах үнэхээр сайхан байдаг.

Ингээд бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Удахгүй болох цэргийн баярын мэндийг танд болон Монголынхоо мянга мянган залуучууд цэрэг эрс , мөрдэстэй та бүхэнд хүргэе.


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү