Б.Чулуунцэцэг: Мянга мянган өнчин хүүхдүүдийн дуу хоолой нь болж захидлыг бичсэн

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

4 жил 4504

 МҮОНРТ-ээс 10 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулсан “Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааны тэргүүн байр эзэлсэн хараагүй охины ээждээ хүргүүлэх захидлыг бичсэн Дархан-Уул аймгийн Орхон сумын VIII сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Чулуунцэцэгийн захидлыг хүргэхийн сацуу түүнтэй холбогдож асуусан хэдэн асуултын хүргэе.

Сайн байна уу

Таньд энэ өдрийн мэнд хүргэе. 2018 оны 2-р сарын 25. Одоогоос арван дөрвөн жилийн өмнө та намайг энэ газар орхиод явснаа санаж байна уу? Би хорвоод мэндэлсэн цагаас хойш амьдралыг өнгөтөөр харж үзээгүй. Бусад хүүхдүүдийн адил тоглоомын талбайд дураараа сэлгүүцэн тоглож, ээжийнхээ хамар, ээжийнхээ нүдийг дуурайж төрснөөрөө бахархан ярьж, ээждээ эрхлэн суугаад, эхийн хайрыг мэдэрч үзээгүй. Би зүгээр л гологдсон хүүхэд.

Та намайг яагаад орхиод явсан юм бэ? Би таны өмнө ямар буруутай гэж намайг орхиод явсан юм бэ? ингэж асуумаар санагддаг. Би тэр газар хэнийг ч олж харж чадахгүй тас харанхуйд ямар их айж , уйлж, ямар их хөхөө амлахыг хүссэн гээч. Алгын чинээ бие минь дагжин чичирч, төмөр хүртэл тас хөлдөм хүйтэнд аз болж хэн нэгэн намайг дулаахан том гараараа ээн дуулан гэртээ оруулсан. Би тэр хүнд талархдаг. Би энэ өнөр өтгөн гэр бүлд бүхэл бүтэн арван дөрвөн жил нэг айлын эгч дүүс шиг өсч торнисон. Мэдээж ухаан орсон цагаасаа асрамжийн газарт өссөн гэдгээ мэдэж бас надад ээжээ гэж дуудах хүн байхгүйг мэдсэн. Би гомдсон. Хорвоод мэндлээд эхийн хайрыг мэдэрч чадаагүй намайг нүдний гажигтай асуудалтай гээд надаас ичээд хаяад явсан гэдгийг нь би ойлгосон. Би өдөр ирэх тусам том болж амьдралыг өнгөтөөр харахыг хүсч, надад чихэр өгч надаас дөлж зугтаахгүйгээр тоглож, намайг хооллон, өмсөх хувцасны минь буруу зөвийг нь хүртэл  зааж өгдөг энэ сайхан  хүмүүсийг харахыг хүснэ.

Би өнөөдөр хараагүй ч гэлээ сайн бичдэг болсон. Энэ бүгд маш хэцүү бас удаан үргэлжилсэн. Хэн зааж сурган тусалсан бэ гэж үү?

 Мэдээж надад олон сайхан найзууд, багш нэртэй амийг минь аварсан асрагч эмч, ээжүүд минь бүгд надад тусалсан. Би маш их тэсвэр тэвчээр гаргаж магтаал, зэмлэл аль алиныг нь хүртэж байж хурууны өндгөөрөө цохсон цаас тэмтэрч, уншиж бас муу ч үгүй бичиж сурсан. ЭЭЖЭЭ Энэ бүгд зөвхөн таны төлөө. Танд өөрийн гараар биечлэн захидал бичих гэж тэр. Өдөр хоног өнгөрөх тоолонд намайг авах гээд ирэх болов уу гээд охин нь танд гологдохгүйн тулд гоёж бас энэ хэдэн жил хичээнгүйлэн суралцаж таныгаа хүлээсээр л байна... Биеэс тань унасан мах цусны тань тасархай болохоор би таныг уучилсан. Магадгүй та одоо хөөрхөн хүүхэдтэй ч болсон байж болох юм. Гэхдээ намайг мартаагүй гэдэгт би итгэдэг.

Ээжээ энэ хорвоод ийм дүр төрхтэй ирсэнд намайг уучлаач дээ. Үр чинь таныгаа хараагүй ч гэлээ одоог хэрнэ орондоо шээж таныг зүүдлэх юм. Сэтгэлд тань ойрхон байж, өвөрт тань унтаж, сайртай хацраа үнсүүлж зөөллөхсөн гэж дэндүү их хүсэж байна. Бяцхан зүрх минь таныг ирнэ гэдэгт итгэж хаалга дуугарах бүрд намайг хайж яваа болов уу хэмээн сэтгэл минь гэгэлздэг.. Шөнийг ахиж нойтон дэртэй өнжмөөргүй байна. Охин таныгаа хүлээсээр л байгаа шүү.

Хөгшрөх цагт тань нүд чинь болж чадахгүй ч

Бүдрээд унахад тань тулах таяг чинь больё

Ээжээ гэх үр тань больё

Эргээд охиндоо заавал ирээрэй.

Энэхүү тэмцээнд захидал илгээхийг хүссэн үе тэнгийн асрамжийн газарт байгаа найзууд болон мянга мянган өнчин хүүхдүүдийн дуу хоолой нь болж ирээдүйн ээж болох охид бүсгүйчүүд болон амьдралдаа ийм алдаа гаргаж байсан бүх ээжүүддээ зориулан бичлээ.

Дархан уул аймаг Орхон сумын
VIII сургуулийн 12А ангийн сурагч
Батсүхийн Чулуунцэцэг

 -Сайн байна уу. Улсын уралдаанд оролцож тэргүүлсэнд баяр хүргэе. Ингээд өөрийн бичсэн захидлаа хэзээ шилдэг захидалд орсноо мэдсэн бэ?

-Би бараг л хугацаа нь тулчихсан байхад захиагаа явуулсан. Харин тоглолт болохын өмнөх өдөр нь зохион байгуулагчид утсаар мэдэгдэж шилдэг 10-т орсон байна, ирээрэй гэсэн. Харин манай ээж хотод байдаг болохоор би эндээс галт тэргэнд суугаад л хотод очсон доо.

- Өөрийнхөө бичсэн захидлыг түрүүлнэ гэж бодсон уу?  

- Утсаар мэдэгдсэний дараа бодохдоо шилдэг долоод орох болох уу гэж бодсон. Гэвч миний захидал шилдэг гуравт шалгараад үүний дараа тэргүүлсэн. Тэр мөчид маш их балмагдаж, баярын нулимс хүртэл унгасан шүү. Мөн миний захидлыг уншиж амилуулж өгсөн тэр эгчид маш их баярлалаа гэж хэлмээр байна.

-Захидлыг бичихэд хэр хугацаа зарцуулсан бэ?

-Долоо хоног бичиж засаж найруулсан. Хичээлдээ явахдаа автобусанд сууж, тэндчиж яваа харааны бэрхшээлтэй үе тэнгийн хүүхдүүдийг хараад их хэцүү байдаг байхдаа гэж боддог байлаа. Ингээд л энэ уралдаанд захидал бичихдээ мянга мянган өнчин хүүхдүүдийн дуу хоолой төлөөлөл болж захидлаа бичсэн.  

- Маш сайн найруулж бичсэн байна. Өмнө ийм төрлийн тэмцээн уралдаанд оролцож байсан уу?

-Дарханы хэмжээнд зохиогдсон “Ээждээ захидал бичээрэй” болон Татвар төлөгчдийн тухай уралдаанд гурван жил амжилттай оролцсон.

-Захидал дээр гардаг шиг төстэй зүйлүүд чамд бий юу?

- Сүүлийн үед миний холын хараа нилээн муудсан, ойрын хараа минь дажгүй байгаа шүү. Харин өөр талаар төстэй юм байхгүй. Би Дарханд гэртээ байдаг , гурван охинтой айлын бага нь.

-Шагналын мөнгөөрөө юу хийх гэж төлөвлөж байна? Ээжийгээ баярлуулж амжсан уу?

-Тоглолт болдог өдөр ээжтэйгээ хамт очиж захидлуудыг сонссон, хамтдаа байсан шүү. Харин шагналын мөнгөө хадгаламжид хийсэн оюутан болоод сургалтын төлбөртөө нэмэр болгоно оо.

- Энэ жил төгсөх ангийн сурагч байсан төгсөөд ямар мэргэжилтэй болох вэ, сайн зохиолч болж чадахаар харагдсан?

- Төгсөөд Анагаах ухааны их сургуульд эх барих эмч юм уу шүдний эмчийн аль нэгээр нь сурч эмч болохыг л хүсэж байна.

Зав гарган утсаар холбогдож яриа өгсөн Б.Чулуунцэцэгтээ баярлалаа. Сурлага, хөдөлмөрийн арвин их амжилтыг хүсье. Заавал хүссэн мэргэжлээрээ суралцаарай. 


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү