Тамирчдад тэтгэлэх олгох нь ар гэртээ санаа зоволтгүй бэлтгэх хийх боломжийг олгодог

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

3 жил 2246

 Ирэх баасан гарагт эхлэх "Пёнчан-2018" Өвлийн XXIII олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох Монголын үндэсний шигшээ баг хилийн 208-р анги авто терминал трейд компанийн тамирчин ОУХМ Б.Ачбадрахтай ярилцлаа. Тэрээр 1994 онд Өвөрхангай аймагт Батмөнхийн том хүү болон мэндэлсэн. МУБИС-ийг 2016 онд Биеийн тамир- эрүүл мэндийн багш мэргэжлээр төгссөн юм. Одоо эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг.

-Өнгөрсөн онд Б зэрэглэлийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж олимпын наадамд оролцох эрхтэй болсон. Түүнээс хойших тэмцээн уралдаануудад амжилттай оролцвол А зэрэглэлээр оролцох боломж нээгдэнэ гэсэн энэ талаар?

-Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс гуравдугаар байрт шалгарч 128 оноо авснаар олимпын эрхээ авч байсан. Харин энэ жил Финлянд улсад болсон олон улсын тэмцээн оролцож 108 оноо авсан. Хэрвээ 100 онооноос дотогш оноо авбал  “А” зэрэглэлийн буюу олимпын бүх зайд уралдах эрхтэй болно гэсэн үг. Энэ жилийн олимпын наадамд А зэрэглэлээр оролцож хараахан чадсангүй,  хэдхэн оноо дутлаа.

-Монголын баг тамирчид хэзээ, хэдэг хүний бүрэлдэхүүнтэй Солонгос улсыг зорих бэ? 

-Багийн бүрэлдэхүүнд хоёр тамирчин, дасгалжуулагч н.Хаш-Эрдэнэ болон албаны зарим хүмүүс явна. Багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байгаа. Бид хоёр дугаар сарын зургаанд нисэхээр болсон. Харин эх орондоо хоёр дугаар сарын 24 25 хавьцаа ирэх байх.

-Ч.Отгонцэцэгийн хувьд олимпын наадамд хоёр дахь удаагаа оролцож байгаа. Харин чиний хувьд анх удаа оролцохоос гадна улсынхаа тугчин болсон. Сэтгэгдэл хэр байна.

-Мэдээж энэ том тэмцээнд оролцож байгаадаа, мөн тугчин болж байгаадаа тун баяртай байна.

 

-Бэлтгэл сургуулилтаа хаана хийж байгаа вэ? Хүндрэлтэй тал хэр байна.

-Хандгайт спортын цогцолборт бэлтгэлээ хийж байна. Мэдээж манай улс эрс тэс уур амьсгалтай хүйтэн байна. Европын улс орнууд хамгийн хүйтэндээ 6-10 хэмийн хүйтэн байдаг. Мөн зам талбайн хувьд асуудалтай байдаг.

 

-Олон улсын олимпын хороо олимпын наадамд амжилттай оролцох тамирчидтай гэрээ хийж тэтгэлэг олгодог. Чиний хувьд энд багтсан гэж сонссон

-Миний хувьд энэ тэтгэлгийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хамрагдсан. Мөн манай холбооноос урамшуулж хоёр өрөө байр өгсөн. Үүнд маш их баярлаж байгаа.Ар гэрийнхэн минь намайг бэлтгэл сургуулилтаа сана зоволтгүй хийх бүрэн боломжийг нээж өгсөн шүү.

-Цанын спортоос гадна хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан. Одоо хичээллэж байна уу?

-Тэгэлгүй яахав. Хөнгөн атлетик бол бүх спортын суурь болдог спорт шүү дээ. Миний хувьд би хөнгөн атлетикийн ойрын зайд уралддаг байсан. Одоо бол зундаа хөнгөнөөр хичээллэж бэлтгэлээ базааж байгаа. Өнгөрсөн жил ОУ-ын Улаанбаатар марафоноос хоёрдугаар байр эзэлсэн.

-Цанын бэлтгэлээ өдөр хэдэн цаг хийж байна.

- Өдөрт үндсэн бэлтгэлийн цаг бол хоёроос гурван цаг байдаг. Өглөөний гүйлт болон бусад  бэлтгэлүүд ороод өдөрт зургаагаас долоон цагийн бэлтгэл хийж байна.

-Тамирчин бүр өөрийгөө энэ хэмжээнд оролцох болов уу гэж бодсон байдаг. Чиний хувьд өөртөө ямар хэмжээнд зорилго тавьсан байна вэ?

-Мэдээж тамирчин бүр өөрийн хувийн амжилтыг эвдэж, ахиулахыг хүсдэг. Миний хувьд ч мөн адил. Ямартай ч 15 км зайд эхний 50 тамирчинд багтаж ирэхийг хичээж зорих болно.

-Өвлийн спортын төрөлд Дэлхийн хэмжээний анхны медалийг хүртсэн шүү дээ. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Тухайн үед өөртөө итгэхгүй шахуу л байсан. Барианд орж ирээд л цагаа хараад маш их баярласан. Тэр үе бол миний хамгийн нандин мартагдашгүй мөчүүдийн нэг. Мөн дараа дараагийн тэмцээнүүддээ наадамд амжилттай оролцож, медаль авч шилдгүүдийн нэг болохыг зорьж байна.

-Өнгөрсөн жилийн ДАШТ-нд оролцоход бэлтгэсэн дасгалжуулагч өөртөө чинь үе тэнгэ бөгөөд бас адилхан тамирчин байсан гэж сонссон? Мөн олимпын наадмаар явах дасгалжуулагчдын талаар дурдвал?

-Өнгөрсөн жилийн ДАШТ-ний цанын тамирчдыг үндэсний шигшээ багийн туслах дасгалжуулагч Ж.Халиун сойсон байгаа. Бид Ж.Дашдондог болон Ж.Халиун гэх хоёр дасгалжуулагчийн удирдлага доор оролцсон. Ж.Халиуны хувьд оюутан ахуй үеэс хамтдаа хамтдаа бэлтгэл сургуулилт хийж, тэмцээн уралдаанд оролцдог байсан. Өнгөрсөн жилээс эхлэн Халиун маань үндэсний шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллах болсон. Харин олимпын наадамд н.Хаш-Эрдэнэ дасгалжуулагч биднийг дасгалжуулна. Параолимпын тамирчныг Ж.Дашдондог дасгалжуулахаар болсон.

-Хэзээнээс эхлэн цанын спортоор хичээллэх болсон бэ? Шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаад хэдий хугацаа өнгөрч байна?

- Анх хажуу айлынхаа ахтай хамт гуйлгаж сурч байлаа. 2007 оноос эхлэн хичээллэсэн гэж болно. Харин шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаад дөрвөн жил болох гэж байна.  

-Ингээд бидний ярилцлага дуусаж байна. Тиймээс чамд ярилцлагын төгсгөлийг чамд үлдээе.

-Баярлалаа. Өдий болтол төрүүлж өсгөсөн ээж аав болон элгэн садан , Өвөрхангай аймгийн Бат- Өлзий сумын удирдлагууд, сумынхан болон тусалж дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Та бүхэндээ хайртай шүү. Мөн спортын анагаах ухааны эрдэм шинжилгээний албаны эмч Ш.Болормаа , О.Цэрэнжав ах хоёр баярласан талархсанаа илэрхийлж байна.

Ингээд бидэнтэй ярилцсан ОУХМ Б.Ачбадрахад баярлалаа. Тэмцээнд нь амжилт хүсье. Мөн сонирхуулахад хоёр дугаар сарын 09-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд спортын 15 төрлөөр 92 орны 3000 гаруй тамирчид өрсөлдөх юм. Харин манай тамирчдын хувьд 15, 16-ны өдрүүдэд уралдах юм.


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү