“Хүүхэд, зорчигч аюулгүй байдал, хариуцлага-2017" сургалт, зөвлөгөөн боллоо


7 жил

“Хүүхэд-Зорчигчийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, Хариуцлага-2017” аяны хүрээнд хүүхдийн аюулгүй байдал, эрсдэлгүй ирээдүйн төлөө нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Санитас-50” хөтөлбөрийг 2 дахь жилдээ зохион явуулж байгаа “Монос косметик” ХХК-тай хамтран 05 дугаар сарын 23-ны өдөр “М плаза” төвд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 210 цэцэрлэгийн эрхлэгчийг оролцуулан сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ж.Энхбат “Хүүхэд өртөж буй зам тээврийн осол, гэмтлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал”-ын талаар, Монгол контент ХХК-ны захирал Г.Гантуяа “Маамуу” төслийн талаар, Монос косметик ХХК-ны захирал Э.Дагвабаасансүрэн улсын хэмжээнд хэрэгжүүлж буй “Санитас-50” хөтөлбөрийн талаар тус тус танилцууллаа.

Мөн Сэтгэл зүйч Г.Наранбаатар “Бага насны хүүхдийн сэтгэл зүйг судлах арга зүй”-н талаар эрхлэгч нарт зөвлөгөө өгч, нийт хүрэлцэн ирсэн зочидийн дунд сугалаа явуулж ивээн тэтгэгч байгууллагаас шагнал гардуулан өгсөн юм.

Уг арга хэмжээг “Монос косметик” “Монгол контент ХХК”, “Хүүхэд зорчиж байна ТББ”, Замын цагдаагийн алба хамтран зохион явуулж, нийт цэцэрлэгийн эрхлэгч нарт бага насны хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүдэд хүүхэд хамгааллын зөв дадал суулгах, хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн “Зөвлөмж” хүргэж, гарын бэлэг гардуулан ажиллалаа гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү