Мэдээллээ мэдлэг, мэдлэгээ баялаг болгохыг чухалчлан ярилцлаа


7 жил

-Говийн болон зүүн бүсийн аймгуудын сав газрын захиргаадын "Хамтын оролцоотой менежмент" сэдэвт сургалт боллоо-

Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд Говийн болон Зүүн бүсийн аймгуудын Сав газрын захиргаадын “Хамтын оролцоотой менежмент” сэдэвт сургалт тавдугаар сарын 16-17-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Сургалтад Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр зэрэг аймагт үйл ажиллагаа явуулдаг зургаан сав газрын төлөөлөгчид оролцсон. Эхний өдрийн сургалтыг БОАЖЯ-ны Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Н.Баттулга, Алтайн Өвөр говийн сав газрын захиргааны дарга Д.Чандмань нар удирдан явууллаа. “Усны салбарын бодлого, тулгамдаж байгаа асуудлуудын талаар Н.Баттулга мэдээлэл хийсний дараа Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Д.Дэндэвсамба нутаг орныхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Өмнөговь аймгийн нийт татварын 48 хувь нь ус ашигласны төлбөрөөс бүрдэж байгааг тэрээр онцлон хэлсэн юм. Оюутолгойн бүтээн байгуулалт ид өрнөж байгаа энэ нутаг орны удирдлага уул уурхайгаас ангид хэрхэн яаж аж төрөх вэ гэдэг дээр төвлөрч ажиллаж байгаа талаар дурдсан. Тэд Ханбогдын нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх, улмаар мал махаа уурхайд нийлүүлэх, тэмээнийхээ тоо толгойгоор улсад тэргүүлдэг энэ сум ингэний хуурай сүү үйлдвэрлэх, түүнийгээ гадаад улс оронд ч гаргах төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ сум өнгөрөгч дөрөвдүгээр сард 37 мянган хүнийг хангах усны барилга байгууламж хүлээн авсан аж. Энэ байгууламжийг “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалтаар байгуулсан. Усан хангамжийн дэд бүтэц, цэвэрлэх байгууламж бэлэн болж, цэвэр бохир, халуун усны асуудлыг Ханбогд сумын төвд шийдсэн байна. Манайх 57 гүний худагтай, одоо гүний худгийн зөвшөөрөл өгөхгүй, цэгцэлнэ. Сумын төвөө моджуулах, ногооруулах ажлыг эрчимтэй хийж байгаа. Модондоо бол ус харамлахгүй. Бусад юмнаас бол харамлана” гэж сумын Засаг дарга ярилаа. Энэ сургалтын үеэр ШУТИС-ийн профессор, доктор Д.Басандорж хэд хэдэн сонирхолтой илтгэл тавьсан юм. Тэрбээр “Хотын усны цогц менежмент буюу усны нөөцийн менежмент, спираль тогтолцоо”, “Тогтвортой хөгжлийн зорилт 6 буюу усны тулгамдсан асуудлыг шийдэх олон улсын арга зүй, үнэлгээний арга зүй”, “Ус хэмнэлтийн технологи ба усны нөөцөд хяналт тавих зайн систем. Бохир усыг цэвэршүүлэх технологи, эргүүлэн ашиглах боломж” гэсэн илтгэл тавилаа. Мөн тэрбээр газар дээр усны менежментийг хийж болоод байдаг. Гэтэл Монгол орны усны нөөцийн 90 орчим хувийг бүрдүүлж байдаг Газрын доорх усны менежментийг яаж хийх вэ” гэдэг бол их чухал гэдгийг онцоллоо. “Гэр хорооллын тулгамдсан асуудлыг шийдэх арга зам” илтгэлийг ШУТИС-ийн зөвлөх профессор Чунг Чой тавьсан бөгөөд олон шинэ санаа, боломжуудыг танилцууллаа. Гэр хорооллын 00-ын “бүтээгдэхүүнийг” хэрхэн мөнгө болгож болох талаар энд бас яригдсан юм. Шээснээс био түлш гаргаад нийслэлийн тээврийн хэрэгслийн түлшийг хангах боломж байгааг тэр хэлж байв. Ариун цэврийн байгууламжид 1 долларын хөрөнгө зараад 9 доллар олж болдог. Tухайлбал, бохирдлоос мөнгө босгож болдог жишээг тэр хэллээ. Хүний өтгөн шингэнийг мөнгө болгосоор Энэтхэгт саяхан гурван тэрбумтан төрсөн тухай ярьж байв.  



Монголчууд өөрсдийгөө тоохгүй байдаг нь хөгжлийг ихээхэн удаашруулж байгаа юм. Нэг шинэ юм хийчихээр “За тэр ч юу л бол” гэсэн өнцгөөс хараад, итгэхгүй байдаг. Бид усны бохирдлыг арилган, цэвэршүүлж чаддаг болчихсон. Айлын бохирыг бид иж бүрнээр нь шийдэж, эко орчин бий болгож байгаа хэмээн жишээ баримтаар үзүүлж байлаа. Мөн цэвэрлэх байгууламжуудын дэргэд маш олон “Хөвсгөл” нууруудыг бий болгох боломж байгаа гэж доктор Д.Басандорж ярьж, таниулсан юм.  Алтайн Өвөр говийн сав газрын захиргааны дарга, доктор Д.Чандмангийн тавьсан “Говийн бүсийн усны чанар найрлага, ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх технологи” илтгэл оролцогчдын анхаархлыг ихээхэн татлаа. Тэрбээр “Ус цэвэр байх юм бол цус цэвэр байна гэсэн үг. Хүний бие организмд бодисын солилцоотой холбоогүй, усны оролцоогүй явагдах нэг ч процесс байхгүй. Энэ утгаараа ус үгүй бол амьдрал үгүй. Байгалийн усанд жар орчим химийн элемент байгааг илрүүлээд байна. Сумын худаг дээр 66 элементийг тодруулсан тохиолдол Монгол Улсад өмнө нь огт байхгүй. Үүнийг бид, говийн гурван сав газар анх удаа хэрэгжүүлж байна. Бид усаа хатуулаг ихтэй бол зөөлрүүлж, эрдэс ихтэй байвал цэнгэгжүүлж, бохирдолтой байвал цэвэршүүлэх учиртай. Одоо дийлэнх сумд өөртөө тохироогүй, шаардлага хангахааргүй төхөөрөмж тавьчихаад усаа цэнгэгжүүлж байна гээд сууж байна. Өөр өөрсдийнхөө онцлогт тохирсон төхөөрөмжийг тавих учиртай. Түүнийг бид хийгээд байх боломжтой” гэв.



Усны нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулах аргачилсан зааварт оруулах нэмэлт өөрчлөлт хэлэлцүүлэг, төлөвлөгөөг хэрхэн үнэлэх тухай сургалтыг НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн үндэсний зохиуццлагч Ц.Туяа, мэргэжилтэн Ж.Сумьяасүрэн, БОАЖЯ-ны СГУХ-ийн мэргэжилтэн Т.Давааням нар удирдан явууллаа. Оролцогчид тэндээс хэрэгтэй мэдээллээ хүлээн авч, дутуу ойлгосон зүйлээ лавлан тодруулж, харилцан ярилцлаа. Сургалтад оролцогчид хэд хэдэн обьектийг газар дээр нь очиж үзсэн бөгөөд энэ цагийн аварга том үйлдвэрүүдтэй танилцсандаа сэтгэл нэн өндөр байв. Тухайлбал хээрийн ажлын үеэр “Оюу толгой” ХХК-ий үйл ажиллагаатай танилцан, тэндхийн бохир ус цэвэрлэх байгууламж, гүний хоолой дахь БОАЖЯ, Минис төслийн Газрын доорх усны менежмент, мэдээллийн нэгжтэй хамтран тоноглосон газрын доорх усны хяналт-шинжилгээний сүлжээний цэгтэй танилцсан юм. Мөн Ханбогд сумын унд ахуйн усыг цэвэршүүлэх байгууламжийг үзэж сонирхлоо. Улмаар “Энержи ресурс” ХХК-ийн “Ухаа худаг” нүүрсний уурхайн усан хангамжийн системтэй танилцсан юм. Бид Майга-Уул усан сан дээр очсон. Усан сангийн  байгууламж  нь тус бүр нь 28,000 шоо метр эзэлхүүнтэй хоёр сангаас бүрддэг бөгөөд хоногт 3000 шоо метр усыг үйлдвэр рүүгээ өгч, нүүрсээ угаадаг. Ашигласан усныхаа 80 хувийг эргүүлж ашигладаг ажээ. Мөн түүнээс гадна Наймдайн хөндийн усан сангийн байгууламжаа бэлдээд тавьчихсан, одоогоор ашиглаагүй байгаа гэнэ. Хяналтын өрөөнөөс бүх зүйлээ хянаж байдаг, бүхий л зүйл нь автомат удирдлагатай ажээ. Гүний 12 худгаа нэгэн цэгээс компьютерийн дэлгэцэн дээр харж, хянаж байна. Аль ч худгийн усны түвшин, даралт, тухайн орчинд гарах хөдөлгөөн, хаалганы савалт, утааг хүртэл мэдэрч мэдээлэл өгдөг бөгөөд арваас хорин өдрийн өмнөх мэдээллийг ч удирдлагын дэлгэцэн дээрээ татаж үзүүлж байлаа.



Сургалтад оролцогчид үндэсний компанийн хийсэн бүтээн байгуулалтаас авахууштай зүйл олон байгааг дурдсан.  БОАЖЯ-ны Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Н.Баттулга сургалтыг хааж хэлсэн үгэндээ “Миний хамгийн гол барьж байгаа бодлого бол харилцааны хамтын ажиллагаа. Энэ бол их чухал асуудал. Эндээс бие биеэ ойлгоно, нөхөрлөл үүснэ. Нөхөрлөлөөс үүдээд мэдээлэл солилцоо явагдана. Мэдээллээс мэдлэг үүсэж улмаар үр дүн гарах учиртай. Бид мэдээллээ мэдлэг болгож, мэдлэгээ баялаг болгох учиртай шүү” гэсэн юм.  Энэхүү сургалтад ирсэн Алтайн Өвөр говь, Хэрлэн гол, Онон Улз, Умард говийн гүвээт халхын дундад тал, Галба Өөш, Долоодын гов, Буйр нуур, Мэнэгийн талын сав газрын дарга, ажилтнууд өөр хоорондоо туршлагаа солилцож, тэнд ирсэн эрдэмтэн докторуудтай хамтран ажиллахаар болж, ихээхэн үр дүнтэй чууллаа.

Эх сурвалж: БОАЖЯ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү