Нийслэлийн төвлөрлийг сааруулах дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна


7 жил

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд дүүрэг, хороодод хүрч ажиллаж байна. Өнөөдөр хотын даргаар ахлуулсан баг нийслэлийн хамгийн том дүүрэг болох Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа.

Нийслэл Улаанбаатар хот нэг төвтэй гэж болно. Өөрөөр хэлбэл бүх л соёл урлагийн газар, төр захиргааны байгууллага нь хотын төвдөө нэг дор төвлөрсөн байдаг. Хотыг задлаж, төвлөрлийг сааруулахын тулд Улаанбаатар хотыг олон дэд төвтэй болгох учиртай гэж хотын удирдлагууд үзэж байна.

Ерөнхий төлөвлөгөөгөөр нийт 8 дэд төвийг бий болгоно. Үүнээс 4 дэд төвийг нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр бүтээн байгуулах юм. 2018 оны эцэс гэхэд Баянхошуу, Сэлбэ дэд төв ашиглалтад орно гэж тооцоолж байна.  Өнөөдөр хотын даргаар ахлуулсан баг Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Баянхошуу дэд төв нь Сонгинохайрхан дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрийг хамарсан, нийт 165 га газарт төлөвлөлт хийгджээ. Бүтээн байгуулалтын ажил энэ жил эхэлсэн. Дэд төвийн зам, замыг дагасан дэд бүтцийн ажлын тендер зардлагдсан байна. Энэ жилдээ эдгээр ажлыг эхэлнэ гэж төлөвлөж байна. “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч Д.Авирмэд хэлэхдээ “Баянхошуу дэд төвийг бохир усны төв шугамтай холбох ажил 90 хувьтай явж байна. Дулааны төвлөрсөн шугамд холбох ажил эхэлсэн.” гэж хотын даргад танилцууллаа.

Хотын дарга хэлэхдээ “Одоо дэд төвүүдийн далд бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна гэж ойлгож болно. Цэвэр бохирын шугам, дулааны шугам татагдаж, төлөвлөлтүүд хийгдэн, суваг шуудуу, үерийн далан хийгдэнэ. Үүний дараа төлөвлөлтийн дагуу бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Үйлдэрлэл үйлчилгээний төв, сургууль, цэцэрлэг баригдана. Ойрын 5-8 жилд үйлдвэрлэл үйлчилгээ төвлөрсөн орон сууцны томоохон хороолол болно. Энэ зун бүтээн байгуулалтын ажил нь эхэлнэ.” хэмээлээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү