Цаг уурчид болон байгаль хамгаалагчдын ажлын нөхцөлийг сайжруулах шаардлагатай гэв


7 жил

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 онд хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулав. Энэ үеэр Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Х.Батжаргал “Хоёр тал ирэх гурван жилд хамтран ажиллах хэлэлцээрийг эхлүүлэхийн өмнө 2013-2016 онд хэрэгжүүлсэн ажил, хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэдэг уламжлалтай.

Бид өнгөрсөн гурван жилийн хугацаанд 35 заалт бүхий ажлыг хэрэгжүүлснээс “Усыг хэмнэх, хайрлах, ашиглая” сэдэвт хөдөлгөөнийг өрнүүлж, “Нийгмийн түншлэлийг хөгжүүлж, хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх нь” зөвлөгөөнийг амжилттай хэрэгжүүлсэн гэдгийг дурдах хэрэгтэй. Тухайлбал, “Усыг хэмнэх, хайрлах, ашиглая” сэдвийн хүрээнд 3 сар сарын турш хамтран ажиллаж, 20 гаруй томоохон үйлдвэрт сургалт явуулж 4000 гаруй ажилтан албан хаагчдад хүргэсэн  бол “Нийгмийн түншлэлийг хөгжүүлж, хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх нь” зөвлөгөөнөөр байгаль орчны салбар дахь хөдөлмөрийн зохицуулалтын талаар оновчтой саналыг тодорхойлж чадсан” гэлээ.

Мөн тэрбээр “Зохист хөдөлмөр-ногоон хөгжил” уриан дор хэрэгжих 2017-2020 оны хугацаанд хэрэгжих хэлэлцээрийн байгаль орчин, аялал жуулчлалын салбарт ажлын байрны эрүүл, аюулгүй, тогтвортой байдлыг бий болгохын төлөө ажиллана гэдгээ хэлсэн юм. Тиймээс ирэх гурван жилийн хугацаанд  байгаль орчин, аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, салбарын ажиллагсдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  тогтоож, цаг уурчид болон байгаль хамгаалагчдын ажлын нөхцөлийг сайжруулах шаардлагатай гэдгийг ч онцолсон юм. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагуудын зүгээс салбарын яамтай байр суурь нэг буйгаа илэрхийлсэн бөгөөд төрийн залгамж халаа, тогтвортой байдлыг эрхэмлэхийг хэлж байлаа. Улмаар хоёр тал хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлж, хамтран ажиллана гэдгээ тодотгож, санамж бичиг солилцсон юм.



Санамж бичиг солилцох арга хэмжээнд Байгаль орчин, жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, Хуулийн хэлтсийн дарга Ч.Раднаабазар, Монголын хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга О.Гантуяа, Жижиг дунд үйлдвэрлэл, Худалдаа Ахуйн үйлчилгээ, Аялал жуулчлалын салбарын ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Г.Дүгэрээ тэргүүтэй албаныхан оролцлоо гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү