Хятад улстай хамтарсан сансрын нислэг хийвэл манай улсад хамгийн тохиромжтой бас хямд өртөгтэй


3 жил

Хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, Зөвлөлт-Монголын хамтарсан сансрын нислэгийн 40 жилийн ойг тохиож тохиолдуулж “Cансар судлал ба сансрын технологи” нэртэй эрдэм шинжилгээний хурал болж өнгөрлөө.

Уг үйл ажиллагаа нь сансрын технологийн хөгжлийн асуудлаар манай улсад болж буй анхны томоохон арга хэмжээ юм. 

Хурлаар сансрын мэдээллийг хэрхэн ашиглах, хэрэглээг нь өргөжүүлэх, Монгол Улсын сансрын технологийн хөгжил ба цаашдын чиг хандлага, манай улсад бүтээгдэж буй анхны хиймэл дагуулын төслийн хөгжүүлэлтийн явц зэрэг сэдвээр илтгэл тавилаа.

Өнөөдөр сансрын технологийг хэрэглэдэггүй, түүний үр ашгийг хүртдэггүй улс орон гэж үгүй. Энэ хэрэглээ гол төлөв хиймэл дагуулын мэдээллээр дамжин хэрэглэгчдэд хэд хэдэн янзаар хүрч байна. Тиймээс ч өнөөдөр энэ салбар өөрөө баялгийн нэг эх үүсвэр болоод байгаа юм. 

Манай улс сансарт өөрийн гэсэн хиймэл дагуулгүй, гэсэн хэдий ч өндөр хэрэглээтэй орон. Тиймээс цаашид өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээгээ гаднаас хангасаар байх уу, сансрын технологийн салбарт аль нэг чиглэлд бүтээгч байх боломж бий юу гэсэн асуулт яах аргагүй энэ түүхэнд цаг үед гарч ирж байна. Нөгөө талд “1000 инженер” хөтөлбөрийн үр дүнд сансрын технологийн инженерүүдийн багаа бэлтгэсэнг, одоо нэгдсэн бодлого дэмжлэг л дутаж байгааг салбарын эрдэмтэн судлаачид онцолж байлаа.

Өнөөдрийн хуралд БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков ОХУ-ын нийслэл Москва хотоос цахимаар холбогдож оролцсон юм. Тэрээр 40 жилийн өмнөх Орос-Монголын сансрын хамтарсан 8 хоногийн сансрын нислэгээ дурсан санаж, монгол түмэнд мэндчилгээ дэвшүүлсэн юм.

 

Ж.ГҮРРАГЧАА МААНЬ ЭХ ОРОН, НУТГИЙНХАА ДЭЭГҮҮР НИСЭЖ БАЙХДАА СЭТГЭЛ НЬ ИХ ДОГДОЛЖ БАЙЖ БИЛЭЭ

/ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибеков/

"Бид Монгол хүн анх сансрын уудамд дүүлэн гарсан тэр нислэгээр ашигт малтмал, амьтан судлалын гээд газарзүйн төлөвлөгөөт олон зургийг авч байсан. Амжилттай авсан нь ч бий, амжилтгүй болсон зургууд ч байсан. Сансрын уудмаас тандан судалсан бидний ажил хожмын сансар судлал болон  олон улс орны, олон салбарт ихээхэн хувь нэмэр оруулсан. Сансрын мандлаас авч байсан зургууд маань газрын мэдээлэлд маш хэрэг болж байв. Тухайлбал, бид загасны нүүдэл, орон зайн зургийг авч байсан нь дэлхийн олон улс орны загас агнуурын аж ахуй хөгжихөд их хэрэг болсон. Ж.Гүррагчаа бид хоёр Атлантын далай, Латин Америк, Арабын хойг гээд олон тив газар, Канад, АНУ, Куба, Мексик гээд олон орны газар нутгийн зургийг авч байсан. Монгол орны дээгүүр нисэж байхад цаг агаар тогтуун, үүлгүй онгорхой цэлмэг, тод харагдаж. Ж.Гүррагчаа маань эх орон, нутгийнхаа дээгүүр нисэж байхдаа сэтгэл нь их догдолж байж билээ.

Сансрын нисэгч, бидний их анд М.Ганзориг маань бидний авсан зургуудаар сэдэвчилсэн карт бүхий судалгааны ажил хийж, түүний удирдаж буй Монгол Улсын ШУА-ийн Информатикийн хүрээ­лэнд боловсруулан судалж байна.

 

ХЯТАД УЛСТАЙ ХАМТАРЧ ХОЁР ДАХЬ МОНГОЛ ХҮНЭЭ САНСАРТ ИЛГЭЭХ БОЛОМЖ БИДЭНД БИЙ

/БНМАУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа/

Сансрын хамтарсан нислэгээс хойш 40 жил өнгөрчээ. Эргээд харахад бидний хийсэн судалгаа өнөөдрийг хүртэл үнэ цэнтэй хэвээр байна. Сансрын судалгаа гэдэг ерөөсөө л хамтарч хийх талбар юм. 

Сансар судлалд холбооны болон тандан судалгааны хоёр хиймэл дагуул байдаг. Өнөөдрийн манай төр засаг голдуу холбооны хиймэл дагуулын талаар яригддаг. Бид цаашид тандан судлалын хиймэл дагуултай болох ёстой.  Өөрийн гэсэн хиймэл дагуултай болж, сансар судлалын салбарт хамтын ажиллагаа явуулж цаашлаад хамтарсан нислэг хийх ч боломж байна. Монгол хүн дахиад сансар руу тэмүүлэх цаг нь болсон. Бид сансар судлалд нөлөөтэй хоёр гүрний дунд амьдарч байгаа. Энэ тал дээр Хятад улстай хамтрах ажиллаж боломж бий. Хятад улсын техник технологи дэвшил асар хурдацтай хөгжиж байна. Цаашид хамтарч ажиллаж,үр дүнтэй гэрээ хэлцэл байгуулж, хамтарч ажиллан магадгүй Хятад улстай хамтарсан нислэг хийхэд хамгийн тохиромжтой нь ч байж болох юм. Үнэ өртгийн хувьд АНУ, ОХУ-аас хамгийг бага. Саяхан гэхэд Хятад улс АНУ, ЗХУ-ын дараа сарны хөрсний дээжийг дэлхий рүү авчирсан дэлхийн гурав дахь улс боллоо. Сарны бидэнд харагддаггүй гадаргуу дээр судалгаа явуулж байгаа гээд Хятад улсын сансар судлал дахь амжилт асар их.  Цаашид манай улс хэдэн онд сансар судлалын бүрэн тодорхой зорилго, алсын хараа хэрэгтэй байна. 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү