Зах, худалдааны төвүүдийг хаах шийдвэр гаргаагүй


4 жил

Томоохон зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг түр хаах шийдвэрийг гаргаагүй гэдгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Иймд Нийслэлийн ЗДТГ-аас иргэд, олон нийт цахим орчноор тархаад буй зах, худалдааны төвүүдийг хаана гэсэн худал мэдээлэлд итгэн, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцөлж, “үнийн хөөрөгдөл” үүсгэх шаардлагагүй. Ташаа мэдээлэлд автахгүй байхыг иргэд, олон нийт анхааруулж байна.

Амралтын өдрүүдэд хуралдсан Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан болон Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд ирэх гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх, Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн үйл ажиллагааг мөн энэ хугацаанд хориглох шийдвэрийг гаргасан.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааны талаар тодорхой байр сууриа амралтын өдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр илэрхийлээд "Зах, худалдааны төвүүдэд аль болох эрсдэл гаргахгүй байхаар зохион байгуулна. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд Засгийн газрын хуралдаан болон нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ" гэсэн.

Харин зах, худалдааны төвүүдэд чийгтэй цэвэрлэгээ хийж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэхийг холбогдох албаны хүмүүст Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар Хотын Захирагч С.Амарсайхан үүрэг болгожээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү