“Эко Алтан заамар”-т гарсан осол дахин давтагдахгүй гэх баталгаа байхгүй


6 жил

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сай салбарынхаа үе үеийн дэд сайд нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Маркшейдерийн холбооны хүндэт ерөнхийлөгчийн албыг хашиж буй Д.Дондов “Томоохон уурхай болгон маркшейдертай байх ёстой. Ийм зүйл байхгүйгээс “Эко Алтан заамар” компанид гарсан харамсалтай үйл явдал дахин давтагдахгүй гэх баталгаа байхгүй” гэлээ. Маркшейдерийн мэргэжилтэн хөрсний бүх төрлийн хэмжилт хийн, уулын ажлын чиглэлийг тодорхойлох, хөрс хуулахад заавар зөвлөгөө өгөх үүрэгтэй. Одоогоор дийлэнх уурхай маркшейдерийн мэргэжилтэн тогтмол ажиллуулахын оронд гэрээгээр хэмжилт хийлгэж байгаа юм.    

Мөн Д.Дондов Багануур, Шарын голын уурхайд үүссэн лицензийн давхардсанд шүүмжлэлтэй хандаж байв.

Уулзалтын үеэр ахмадууд цаг гарган сонсож байгаад талархаад салбарын ачааг үүрч байсан хүмүүсийн хувьд уул уурхайг зөв талаас нь олон нийтэд ойлгуулах, өөрсдийн чадах зүйлээр туслах хүсэлтэй байгаагаа тэд илэрхийлсэн юм.

Мөн “Уул уурхайн салбарын бодлогыг тодорхойлж, чухал шийдвэрүүдийг гаргаж явсаны хувьд мэргэжлийн хүмүүсийн нүдээр харахад салбарын ажил сүүлийн жил гаруйн хугацаанд эрчимтэй явж, томоохон төслүүдийг урагшлуулах, сайжруулахаар олон ажил хийж бүтээж байна. Түүнчлэн сайны хажуугаар саар гэгчээр салбарын нэр хүндийг харлуулах олон мэдээлэл гарч байгаад сэтгэл дундуур байна. Иймээс уул уурхайн салбарын үйл ажиллагааг эерэг талаас нь сурталчилан таниулах, уурхайчдын бодит амьдралыг олон түмэнд ойлгуулах чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй.  

Оюутолгойн гэрээний тухайд эргэн харж, засч сайжруулах хэрэгтэй. Харин хааж боох зүйл бий болвол салбар зогсох аюултай” хэмээн захиасаа хэлсэн юм. Ахмадуудын хувьд салбарын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, өмнө нь гарсан алдааг дахин давтахгүй байх, тухайн үед салбарт ажиллаж байхдаа цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан шийдвэрлэх боломжгүй асуудлуудыг өнөөдөр шийдвэрлэх талаар зааж зөвлөх хүсэлтэй байгаагаа хэлж байв.

Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн ерөнхийлөгч Д.Цогбаатар аливаа салбар залуу, дунд, ахмад үе дээрээ тогтож байдгийг уулзалтын үеэр онцлон хэлсэн юм.

Сайд Д.Сумъяабазар салбартаа бодлого гаргах түвшинд ажиллаж байсан ахмадууд зорин ирж, салбарын үйл ажиллагаатай холбоотой өөрсдийн санал бодлоо хэлж байгаад талархснаа илэрхийлэв. Тэрбээр салбартаа хийж байгаа Тавантолгой төсөл, Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явц, салбарын хууль тогтоомж, тулгамдаж буй асуудуулдынхаа талаар танилцуулан, харилцан санал солилцсон юм. Мөн Алт цэвэршүүлэх үйлдвэр, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Тавантолгойг тойрсон нүүрс баяжуулах болон коксын үйлдвэр, Цахилгаан станц байгуулах, нүүрс гүн боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг ажлууд хийхээр төлөвлөсөнөө хэлэв.

Уулзалтын төгсгөлд ахмадуудынхаа зүгээс уламжилсан мэргэшсэн зөвлөх инженерийн зэрэг олгох талаар болон салбарын ахмадуудын санг байгуулах зэрэг саналуудыг дэмжиж ажиллахаа салбарын сайд илэрхийллээ гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэв. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү