Хүн бүрт цор ганц зүйл хийж өгөх нь түүний гол зорилго

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

7 жил 5622

    Найзтайгаа хамтарч хүүхдэд зориулсан эсгий баг хийх санаа гарган хэрэглэгчидээ олж, цаашлаад олон олон гар урлалын бүтээл туурвиж буй нэгэн бүсгүйн урлангийн нэг өдрөөр зочлоод гарсан минь энэ юм. Хүүхэд байхын л зурах дуртай, зураач болно гэж боддог байсан ч өөр мэргэжилээр суралцаж амьдрал хөл тавсан юм. Гэвч хүсэл сонирхолоо даган жижигхэн урлантай болж өөрийн гэсэн бүтээлүүдтэй болсон Батчимэг бүсгүйн чин хүсэл нь хэрэглэгч бүртээ цор ганцийг хийж өгөх билээ.

  

-Чухам юунаас болж хүүхдийн баг хийж эхлэх болсон бэ?

-Хүүдээ баг авахаас л эхэлсэн юмдаа. Манай улсад зарагддаг багнууд бүгд л урд хөршөөс орж ирдэг хуванцар, хүүхдийн нүд хамранд тохиромжгүй, хурц үнэртэй зарим тохиодолд бүр харшил өгч болохоор байдаг. Үүнээс л бодож найзтайгаа хамтран элдэв хурц үнэргүй баг эсгийгээр хийх болсон. Хийсэн багаа тоолоод үзэхэд хоёр жилийн хугацаанд 60 гайруй төрлийн баг хийсэн байна лээ, тоо нь бол тоолж үзсэнгүй. Хэрэглэгч хүссэн амьтан, хүүхэлдэй киноны дүрээр хийлгэх боломжтой зураад эсгүүр хийгээд л хийчихнэ дээ.

- Багны эрэлтийн үе нь өвөл байх бусад улиралд бараг эрэлт хэрэгцээ байхгүйтэй адил байх гэж бодож байна. Тэгвэл өвлөөс бусад үед ямар зүйлс хийж байна.

- Тэгэлгүй яахав өвөл хаврын улиралдаа багаа хийдэг. Эхний хоёр жил найзтайгаа хамтран оффис өрөө түрээслэн хийдэг байлаа, улиралын чанартай байсан учир бусад үедээ хийх юмаа ярилцаад дүүтэйгээ хамтарч энэ урлангаа түрээслэн, гар урлалын зүйлс хийх болсон. Сонин содон зүйлсийг хоорондоо ярилцаж байгаад л санаа аваад тэр дор нь хийдэг, нэг л мэдэхэд үүр цайчихсан байдаг шүү. Сошиалд хувийн фэйсбүүк хуудастай түүгээрээ хэрэглэгчдийн хийлгэхийг хүссэн зүйлсийн захиалгыг авч хийж байна. Одоогийн байдлаар барьмалууд, шор, харандаа, хөзөр, тэмдэглэлийн дэвтэр, эсгий ном гэх мэт зүйлс ар араасаа ундраад л гарч байна. мөн манай дүү бид хоёр зургийн чиглэлээр элсэлтийн шалгалт өгөх хүүхдүүдэд хичээл заадаг. Тэд маань бүгд хүссэн сургуульдаа орж чадсан шүү.

 

 

 

-Энэ олон зүйлсийг хийхэд мэдээж зориулалтын хэрэглэл материалууд их хэрэг болох биз. Тэр бүрийг хаанаас авч хэрэглэж байна даа.

-Манай монголд яг зориулалтын зүйлс нь ховор бараг л байхгүй. Тийм болохоор би юмханыг юмаар орлуулж сэтгэн бодож л хийдэг. Энэ нь ч намайг хөгжүүлдэг их ашигтай шүү. Нэгэн бодлын үйлдвэрлэл, хэрэгсэл байхгүй ч монгол хүмүүс маш их оюуны потенцал өндөр аливааг хийхдээ уран бүтээлч гэдэг нь үүнээс л харагддаг гэж бодож бахархдаг юм.

 -Би энийг л хийнэ энэ миний зорьсон зүйл гэж байдаг. Тэгвэл өөрийн чинь хувьд тийм зүйлс байна уу?

-Энийг л хиймээр байна гээд ярьж суух үе байна шүү. Үүнийг минь мэдсэн юм шиг яг тийм юм хийлгэх гэсэн юм гээд л захиалагч өөрөө ирчихдэг. Жишээ нь би цор ганц мэргийн хөзөр хийхийг хүсч байсан. Гэтэл нэг эгч мэргийн хөзрөө чамаар хийлгэнэ шүү гээд захиалаад байж байна. Өмнө нь багштайгаа нийлж камасутра байрлалтай хөзөр зурж хэвлүүлж байсан. Одоо надад нэг ч алга. Саяхан нэг номын зураачаар ажилласан юм. Зохиолч нь харааны бэрхшээлтэй хүн байсан учраас зураачтай ярилцаж яг таарсан шийдэлд хүрэх нь хэцүү ч, өөрийн чадах чинээгээр туслан шүлгийн номыг нь гаргахад тусалсан удахгүй хоёр дох номны ажил нь орно доо.

  

-Мэргэжлийн сургуульд сураагүй ч гэсэн энэ бүх ур чавдарыг хэрхэн эзэмшсэн бэ?

- Эцэг эхээс ах дүү гурав. Бид гурав гуравуулаа зураг сонирхож зураач болсон хүмүүс. Багаасаа зураг зурах сонирхолтой хүүхдүүд байлаа тиймээс Монген сургуулийг зорьж тэнд сурсан. Хүмүүс ер нь Монгенийг төгссөн хүмүүс Дүрслэх урлаг зураачийн агийн 3-р курсийн оюутны төвшинтэй төгсдөг гэж ярилдаг. Ах дүү хоёр маань мэргэжлийн сургуулийг төгсөөд гарчихсан хүмүүс. Миний хувьд олон тэмцээн уралдаанд орж шагнал авч байсан тэдгээрийн ачаар хүссэн их сургууль, ангид суралцах боломжтой болсон юм. Ингээд гэр бүлийхний ятгалагаар МУИС-ийн эдийн засгийн ангийг төгссөн. Тэгсэн хэдий ч Их сургуулийн хойно Дүрслэх  урлагийн сургуулийн 2-р байр байдаг, түүнд ангийнхан найзууд бүгд байсан. Яагаад ч юм сурдаг сургууль нь өөр ч би хичээл тараад дүрслэхийн оюутан шиг тэнд л байна.

Ингээд бодохоор хүн дуртай юмнаасаа холдож чаддаггүй нь жишээ өөрийгөө юм боловуу л гэж боддог.

  

Тэдний урлан, сонингоор ханын цаас хийсэн нь их сонирхолтой шийдэл байлаа

Дүү Б.Баттөр

-Энэ мутуун цаастай дэвтэр, шор харандаа гэх мэт зүйлсийг харахад яг л Харри поттер санаанд орж байна. Эдгээрийг хийх санаа хэрхэн гарсан бэ?

-Манай дүү Харри Поттерийн шитэн бишрэгч. 1200 удаа үзсэн гэдэг байх шүү. Дуртай киноныхоо эд зүйлсийг өөрийн чадах чинээгээр хийж эхэлсэн нь энэ. Харригийн савааг гадуур 20000-30000 мянган төгрөгөөр зардаг юм байна лээ. Харин бид шор харандаагаа 3000 төгрөгөөр л зардаг. Дэвтэрний хувьд хүнд бэлэглэх гэж ганц л хувилбарыг хийж байсан. Гэхдээ зургыг нь пайж хуудсандаа хийснээр захиалга авч хийх болсон. Захиалагчид цор ганц зүйлийг хийж өгөхийг зорьж, давтагдашгүй хэлбэрээр нэг ч гэсэн зүйлийг өөр болгон деталчилан хийдэг. Энэ дэвтэрийг Харри Поттер-ээс санаа авч хийсэн ч хүмүүс утга санааны хувьд өөр өөр билэгдэлд зориулна. Жишээ нь захиалагчийн хүсэлтээр шуламын билэгдэл дүрсийг хийж өгөх, рок сонирхогчид зориулан хийх гэх мэтээр хийнэ.

  

 

  Монголд гадны урсгал олон төрлийн содон зүйлс дэлгэрэх нь их болсон. Энэ мэт хэрэглэгчидээ мэдрэн зах зээлд өөрийн байр суурийг олох гэж тэмүүлж буй залуус олон байгаад сашаалтай юм. Урлагт хандах хандлага хүн бүрт өөр өөр байх. 

   

  

 

 

 


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү