Т.Энхцацарал: Эрдэмтэн эмэгтэйчүүд гэхээр ширээний ард суусан том шилтэй даруухан хүмүүс гэж төсөөлдөг

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

2 жил 2680

   Хүмүүс ихэвчлэн эмэгтэй эрдэмтэд гэхээр ширээний ардаас босдоггүй ном шагайсан том нүдний шилтэй хүмүүс гэх ойлголт байдаг. Тйимээс энэ удаагийн ярилцлагаараа эмэгтэй эрдэмтдийн төлөөлөл болсон ШУТИС-ийн ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга , Монголын Шинжлэх Ухааны салбарын Эмэгтэй Эрдэмтдийн холбооны тэргүүн доктор , дэд профессор Т.Энхцацаралтай ярилцаж сонирхолтой яриа өрнүүллээ.  

- Сайн байна уу бага үдийн мэнд. Таны нэг өдөр хэрхэн үргэлжилж ямар ажлуудыг хийж байна.

-Бага үдийн мэнд. Миний өглөө ихэвчлэн 6 цагт эхэлдэг. Долоо хоногийн гурван өдөр 30 минутын өмнө босч иогийн дасгал хийнэ. Мөн хоол ундаа хийдэг гэрийнхнийгээ сэрээж явуулчихаад л есөн цагтай уралдаад л ажил дээрээ ирнэ шүү дээ. Ингээд л төлөвлөсөн ажилуудаа хийж эхэлнэ дээ. Миний хувьд яс ажлын найман цаг суугаад ажил дуусгаж амжилгүй үргэлж л илүү суучихсан байдаг. Би аливаа зүйлийг хийж эхэлсэн л бол дуусгаж ард нь гарч байж дуусгадаг. Тэгэхгүй л бол санаа амрахгүй төлөвлөсөн юмаа цагт нь хийхийг зорьдог. Гэхдээ би ингэж суухдаа төвөгшөөдөггүй ажилдаа дуртай. Өөрийн үндсэн ажилаас гадна сайн дурын ажил, холбооны ажил гээд л амралтын цаг тун ховор олдоно. Гэхдээ л амралт ажлаа зохицуулаад үр хүүхдүүдээ өсгөөд зээ нартай болчихсон байна сайхан байна. /инээв/

- Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Өглөөгүүр ном унших их дуртай, бусдын адил сошиал хуудсуудаар орж сонин хачин судална. Ер нь тэгээд чөлөөт цаг гэхээсээ илүү надад цаг зав маш бага байдаг. Ажлын өдрүүдэд үндсэн ажлаа хийсэн бол амралтын өдрүүдэд төрийн бус байгууллагын ажил, сайн дурын ажил, иог, бясалгал, зээ нартайгаа уулзах гээд л долоо хоног маш хурдан өнгөрчихдөг. Хүмүүс оройд гэртээ тарж ирээд нээх гоё тайвшираад л амардаг бол би яагаад ч юм гэртээ ирээд хэдэн номнуудынхаа байрыг өөрчилж байнга эмхлэх дуртай. Телевизээр мэдээ үзээд л унтраачихдаг. Нөхрийгөө ч гэсэн эртхэн амрасан дээр гээд л телевизийг аль болох үзэх дургүй шүү. Зээ нартаа ч утас өгдөггүй, тэд маань ч ашигладаггүй шүү.

 

 

 

- Хүн бүрт хобби байдаг шүү дээ таны хобби

-Харин хобби гэвэл би ном унших дуртай, ажил гэр, зуслан гээд 400 гаруй ном бий. Ихэвчлэн дайчин эмэгтэйчүүд, зорилт тавьсан , тэмүүлэл зорилготой , бас өөрийн мэргэжлийн дагуу  физик математикийн чиглэлийн дагуу ном хэвлэл байгаа. Сүүлийн үед уран зохиолын ном сонирхон уншиж байгаа шүү. Үүнээс гадна цэцэг цуглуулах дуртай, нөхөр маань бас их юм цуглуулах дуртай хүн ийшээ тийшээ явахдаа сонин содон зүйлс авчрахаас гадна тавагнууд дийлэнх нь. Би ч мөн адил таваг цуглуулна нөхөртөө ч их захидаг. Өөрөө гадаад улсаар явах бол сонин содон байдал болон өв соёл харуулсан олон янзын таваг авчирдаг. 60 гаруй орны 400 гаруй тавагнууд  бий. Нэг метрийн диаметртэйгээс эхлээд жижиг гангар шаазан тавагнууд байгаа.

           

 

-Ямарч хүн мэргэжилдээ хайртай ажилаа хийх дуртай байх нь аз жаргалтай сэтгэл хангалуун амьдрахын нэг хэсэг байдаг шүү дээ. Бидэнд мэргэжил ажлынхаа талаар яриач

-Оёдлын инженер технологич хүн мэргэжилтэй , харин ахисан шат буюу доктороо математик физикийн чиглэлээр хамгаалсан. Заримдаа би их олон мэргэжилтэй гэж ярих дуртай л даа. Яагаад гэхээр би Ахисан түвшиний албанд ажиллаж байна. энэ маань ШУТИС-ийн магистерийн 145, докторын чиглэлийн 75 мэргэжлээр бэлтгэдэг. Ер нь бол ихэвчлэн докторын ажилын хүмүүстэй уулзаж судалгааны ажил бүх зүйлстэй танилцаж мэдлэгтэй болдог. Үүнээс л хамаарч би ажилдаа дуртай байдгаас гадна, олон мэргэжилтэй гэж хэлэх дуртай.

- Ажил хийдэг, олон нийтийн ажилд идэвхитэй эмэгтэйчүүд тэр бүр ар гэртээ ихээхэн анхаарал хандуулж, үр хүүхдээ тэр бүр анхаарч чаддаггүй юм шиг санагддаг. Харин та хэрхэн болгож ирсэн бэ?

-  Эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ маш их анхаарал тавьж, алхам бүрийг нь хянаж цагдаад байх шиг байдаг. Харин манай гэр бүлийн хувьд их ардчилсан гэр бүл.  Бие биендээ зааж сургахаасаа илүү чөлөөтэй байдаг. Миний хувьд хүү охин хоёртой, хоёр зээтэй. Хүүхдүүддээ багаас нь их үлгэр уншиж өгдөг байсан. Гэхдээ үг бүрчлэн уншилгүй товчхон гол утга санааг нь ойлгуулаад ярьчихдаг. Тэд өөрсдөө номнуудаа үргэлжүүлээд уншиж, номноос юу болох болохгүй л ойлгож өөрөө бие даан шийдвэр гаргаж чаддаг болсон. Аливаа зүйлсийг хийхдээ ажиглалт, IQ хөгжүүлэх зүйлс их хийлгэдэг байсан. Одоо ч би хүүхдүүдийнхээ асуудалд оролцдоггүй, тэд маань ч өөрсдөө болгочихсон байдаг. Хичээлийг нь хийлгэхдээ ч гэсэн хичээл хий гэж тулган шаардалгүй, бусадтай харьцуулдаггүй байсан. Миний хүү унтмаар байвал унтаж болно, харин унтаад болсон бол хоёулаа жаахан юм яръя гэх мэтээр

Энгийн яриагаар хичээлтэй холбогдолтой сэдлийг өгч өөрөө хичээлээ хиймээр байна гэх хүртэл нь сонирхолтой байдлаар ярилцдаг байсан. Энэ нь магадгүй онож манай хүүхдүүд их биеэ даасан болж өссөн байх гэж боддог. 

-Энэ их ажил амьдралыг болгоход хүн болгоны ард хань ижил түшиг тулгуурууд байдаг шүү дээ. Таны хувьд?

-Мэдээж тэгэлгүй яахав миний нөхөр намайг их дэмжиж ойлгож тусалдаг. Ханьдаа их баярлаж явдаг шүү. Миний хань надаас тэс өөр мэргэжлийн буюу хуульч хүн. Ажлын хувьд бол чөлөөт бизнес эрхлэгч. Гэхдээ бид хоёр солигдчихсон юм шиг.  Би улсын ажил, ажил ажил гээд л байдаг. Гэтэл нөхөр минь хүүхдүүдтэйгээ байнга байж цаг зав гаргаж хамт цагийг өнгөрүүлдэг. Ер нь хоол хийх хувцас угаахаас бусад зүйлс дээр надад маш сайн тусалдаг. Мэдээж би айл гэрийн эзэгтэй хүн ханиараа хоол хийлгэх ч дургүй шүү.

   Магадгүй уншигчид маань надтай санал нийлэхгүй ч байх. Гэхдээ эмэгтэйчүүд гэртээ үр хүүхдээ хараад гэрт байх хүмүүс биш. Эмэгтэй хүнээс шинэ сэдэл санаа төрдөг, оюуны потенциал өндөр, чиглүүлэгч хүмүүс байдаг. Бид аливаа зүйлийг туршиж үзэх дуртай. Иймээс л эмэгтэй эрдэмтэд, алдартай бүсгүйчүүд олноор төрж гарч ирдэг. Ер нь эмэгтэй хүнийг өнгөлж байх хэрэгтэй л гэж боддог. Харин эрчүүдийг бол хүндэлж, түшиж тулах шүү дээ. Бид чинь аливаа зүйлсийг эхлүүлсэн л бол дуусгадаг, зарим тал дээр их хатуу хүмүүс байдаг.  Ажил мэргэжил дээр ч үр дүнд хүргэх,  үр хүүдээ хүмүүжүүлэн гэртээ байхдаа ч тэр. Эндээс л би эмэгтэй хүнийг хоёр янз байдаг гэж боддог.

-Та Шинжлэх ухааны салбарын эмэгтэй эрдэмтдийн холбоо болон бусад ажлуудынхаа талаар бидэнд танилцуулаач.

- Хүмүүс эрдэмтэд л гэхээр ширээний ард сууж эрдмийн ажил, туршилт судалгаа хийдэг хүмүүс байдаг гэж боддог. Гэвч бид үүнээс гадна чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхийг зорьж хоббигоороо эвлэлдэн нэгдэж холбоогоо үүсгэн байгуулсан. Дан ганц чиглэл, төрлийн эрдэмтэд гэлтгүй бүх төрлийн хүмүүсийг хамрахын тулд 2011 оны 11 сарын 16 нд Шинжлэх ухааны салбарын эмэгтэй эрдэмтэд гэж нэрлэн салбарын 100 гаруй гишүүдтэй байгуулсан. Хөдөө аж ахуй, Эрүүл мэнд, Хөнгөн үйлдвэр гэх мэт таван салбартай. Хүмүүс зөвхөн эмэгтэй эрдэмтэд л гэж ойлгодог. Гэтэл энэ нь зөвхөн эмэгтэй эрдэмтэд нийлж бий болгосноос биш бусад бүх эмэгтэйчүүд, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн, мөн ажилдаг байгаа. Эмэгтэйчүүд ээжүүд маань их даруу хүмүүс. Тэр бүр зав гардаггүй болохоор өөрсдийн бүтээл ямарваа нэгэн оюуны бүтээлээ үргэлж цааш хийж хадгалж байдаг. Иймээс л бид холбооны гол зорилгоо эмэгтэйчүүдийн хийж бүтээсэн зүйлс, оюуны бүтээлийг олонд таниулах , мэдлэг олгох, чөлөөт цаг заваа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чиглүүлсэн юм.

- Саяхан танай холбоо хоёр дах үзэсгэлэн гаргасан шүү дээ. Энэ мэт зарим ажиллуудынхаа талаар дурдвал.

-Бидэнд маш олон төрлийн хобби сонирхолтой хүмүүс байдаг. Үүний нэгээхэн хэсэг таваг байсан юм. Үүнээс гадна хатгамал, чихрийн цаас, цүнх, цэцэг гээд маш олон төрөл байгаа. Эдгээрийн ховор нандин цуглуулгуудыг олонд түгээхийн сацуу бусдад эдгээр эд зүйлсийн соёл хэрэглээ гээд бүх талын мэдлэг олгох зөвлөмж лекцийн давхар зохион байгуулж байгаа юм. Дан ганц цуглуулга гэлтгүй сайн үйлсийн аян, мод тарих, урлаг спортын тэмцээн гээд олон үйл ажиллагаа явуулдаг. Мөн удахгүй 99 эрдэмтэн эмэгтэйн иновацийн үзэсгэлэн зохион байгуулах гэж байгаа.

-Дан эмэгтэй эрдэмтэд спортын өдөрлөг гэхээр их сонирхолтой санагдаж байна. Спортын тэмцээн уралдааны талаар яриач

- Тэгэлгүй яахав маш гоё асуулт байлаа. Бид ч мөн адил дан ганц эмэгтэйчүүд гэлтгүй өөр хүмүүстэй өрсөлдөж илүү сонирхолтой байлгах үүднээс Хууль сахиулахын их сургуулийнхантай холбогдож санал тавьсан. Тэд ч  биднийг дэмжин, хамтарч тэмцээн зохион байгуулж шижгэнэсэн сайхан 20 офицер ирсэн. Гэвч тэд биднийг өөрөөр төсөөлж байсан гэдгээ хэлсэн л дээ /инээв/. Тэд бодохдоо эрдэмтэд эмэгтэйчүүд юм чинь ёстой л намба суусан эмэгтэйчүүд байх, яаанаа ширээний ардаас босолгүй суудаг юм чинь гүйж харайхдаа муу байх, бид л чирээд дагуулаад орох байх гэж бодсон. Гэхдээ үгүй байжээ бид чинь эхэндээ буруу хүмүүстэй тэмцээнд ороод байна уу ч гэж бодсон буруу байж.

Бид чинь эрдэмтэн эмэгтэйчүүд гэдэг хүмүүсийг шал өөр өнцөгөөс харж байсан юм байна. Хамгийн сайхан эмэгтэйчүүд нь та нар байдаг юм байна

гээд ярьж байсан юм. Тэр тэмцээнээс бид бараг л бүх төрөлд шагнал авсан. Олс, теннис, сагс, волейвол гэх мэт төрлүүд болсон юм.  

-Та ямар нэгэн спортоор хичээллэж байсан уу? Эмэгтэйчүүд таргалалтанд өртөх нь их элбэг байдаг шүү дээ та үүнтэй хэрхэн тэмцэж байна.

- Одоо бол теннис их тоглох дуртай. Багадаа ахтайгаа их тоглодог байсан одоо ч хааяа тоглоно. Бас иог бясалгалаа хийдэг.  Спортын төрлүүдээс волейвол үзэх их дуртай. Харин арван жилдээ байхдаа гимнастикаар хичээллэж байсан. Тэр үед 1980 оны олимп болох гээд сонгон шалгаруулалт болж байсан. Их хичээж билээ, тэнцээгүй ч гэсэн би цирк рүү орж байсан. Орос руу гэрийнхэнээсээ нууж циркээс явах гэж оролдож байсан удаатай /инээв/. Спорт хүнийг маш ихээр тэвчээртэй болгож, хатуужуулдаг их сайхан шүү. Бусаддаа зөвлөхөд тэвчээр хүлээц хоёр хүнд маш их ухаарлыг хайрладаг. Хүлээцтэй байж аливаа зүйлийн сайн мууг ялгадаг болоод сайн талаар л явдаг. Аливаа юманд түрүүлж дугарвал хүн хохирдог. Түрүүлж  уурлах нь дараа нь ам барьж гэмшихэд хүргэдэг учир хүлээцтэй тайван л байх хэрэгтэй. Харин адилхан уурлавал таны эд эс үхжиж байгаа. Хүн уурлаж байвал хүлээ тэр хүн уурласан хэдий ч та тайван хүлээцтэй байхад сүүлдээ тэр хүн маань тайвшраад амраад гардаг юм.

    Энэ удаагийн ярилцлагаараа монголын олон сайхан ээж, эмэгтэй эрдэмтдийн нэгэн төлөөлөлтэй ярилцаж бусдад туршлага судлуулах солилцох, ажилдаа хайртай сэтгэл хангалуун байх ямар сайхан байдаг талаар багахан ч гэсэн сэдэл өгөхийг зорьлоо. Бидэнтэй хамт байж ярилцлагуудыг маань уншдаг та бүхэндээ баярлалаа. Удахгүй дараагийн дугаараараа дахин уулзъя.


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү