Д. Сүхбаатар: Амьдралын төлөө зүтгэж л явна, байнга ийм байсан биш дээ. Автын осол, тамхи, цаг хугацаа гурав л залуу сайхан насыг минь надаас аваад явж дээ

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

7 жил 4641

  Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Хүн болгоны өглөө нас, хүйс, ажил мэргэжлийн  онцлогоос хамааран өөр өөр байдаг. Иймээс таны нэг өдрийг бид бусадтай  хуваалцах, таниулах зорилгоор  энэхүү булангаа нээсэн юм. Энгийн нэгэн цэвэрлэгчээс эхлээд эрдэмтэн багш, оюутан, сурагч, оёдолчин, жолооч, тамирчин, бизнесмэн, алдар цуутай олны танил гээд янз бүрийн ажил мэргэжлийн, энэ дэлхийд дахин давтагдашгүй, цорын ганц таны өглөөг уншигч олондоо хүргэхийг зорьж байна, бид.

    Анхны дугаарын зочноороо нэгэн албан байгууллагын гадна цэвэрлэгээ хийдэг, аль хэдийнэ тэтгэвэрт гарах нас нь болсон ч сэтгэл зүрхээрээ мөнхийн залуу нэгэн өвөөгийн шинэхэн өглөөг хамт угтахаар болсон юм.

Түүнийг Дулмаагийн Сүхбаатар гэдэг. Өдгөө 66 насыг зооглон яваа өвөө. Хүмүүс түүнийг гаднаас нь хараад л жийрхэж холддог. Гэвч энэ өвөө өөрийгөө хэзээ ч голж байгаагүй. Амьдралын төлөө зүтгэж л явна, байнга ийм байсан биш дээ. Автын осол, тамхи, цаг хугацаа гурав л залуу сайхан насыг минь надаас аваад явж дээ хэмээсээр биднийг угтсан юм. 

                                                                                                                         УБ хот, ХУД 10–р хороо Яармаг өглөөний 05:30 цаг     

 

 

    Д.Сүхбаатар ахын маань буюу Сүхээ өвөөгийн өглөө үүрийн 05:30 цагт эхэлнэ. Угаас нойр муутай, дээр нь бараг унтаж чаддаггүй болохоор ч тэр үү шөнө 2-3 удаа босох нь хэвийн үзэгдэл болсон гэнэ. Өглөө эртлэн босч гадаа салхилангаа ойр орчмын газраасаа хуванцар сав байвал түүгээд л авна. Ингэж л түүний ажил эхэлнэ дээ.  

                                                                                                                                                                                                                                                                       

                                                                                                             УБ хот Үйлдвэр камбинат өглөөний 07:30 цаг

    Эхний автобусаар яаравчлан ирсэн Сүхээ гуайн ажил долоо хоногийн таван өдөр 8-17 цаг хүртэл үргэлжилдэг. Гэсэн хэдий ч Сүхээ гуай ажлын цаг тарахыг хүлээж бус харин уралдаж ажилладаг нэгэн. Ямар сайндаа амралтын өдрөөр хүртэл ирж ажилладаг гэх. Харин байгууллагын удирдлагууд нь түүний сэтгэл, зүтгэл, хөдөлмөрийг үнэлж илүү цагийн цалинг нь олгодогт нь баярлаж явдаг тухайгаа ч бидэнд хуучилсан юм. Түүний хэлснээр хүн ажилгүй, зүгээр сууна гэдэг маш хэцүү зүйл. Гар хөдөлж байж л  ам хөдөлнө гэдгийг сайн санаж явах хэрэгтэй шүү хэмээн биднээс дамжуулан залуустаа хэлэхийг хүссэн юм.

   Тэрбээр, тус байгууллагат ажиллаад зургаан жилийн нүүрийг үзэх гэж байгаа гэсэн. Анх “Б.Лхагвасүрэн захирал намайг цагдаагийн баазад цэвэрлэгээ хийдэг байхад манайд ажиллаач гэсэн санал тавьсан юм. Өвөө нь энд 2011 оны 8 сарын 1-нээс ажиллах болсон. Өдрийн хоол цаанаасаа үнэгүй өгдөг, би цуглуулсан хэдэн хуванцараа тушаагаад ундаа аваад уучихдаг. Өмнө нь  бол хэдэн төгрөгөөрөө хоол авч иддэг байсан одоо дүү нарынхаа багачуулд сайхан амттан авч өгдөг болсон. Ахыг нь манай дарга таны бие гайгүй бол эндээ ажиллаж бай л гэдэг юм. Угаасаа миний бие өөр юм хийж дийлэхгүй ээ, энэ ажлыг насаараа хийж байгаа болохоор чадахгүйсээд байх зүйлгүй. Нээрээ би чинь цалингаа заавал банк орж, эсвэл картнаас авна гэсэн зовлонг мэдэхгүй. Санхүү маань бэлнээр өгчихдөг юм. Орчин цагт юм хөгжөөд сайхан болжээ. Гэхдээ хөгшин намайг ийш тийш нь явуулж чирэгдүүлдэггүй юм аа, манай дарга нар” хэмээсээр тэрбээр хогоо шүүрдэж, ажлаа үргэлжлүүсээр байсан юм. 

 

 Сүхээ гуай одоогийн Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд 4 дүгээр анги хүртлээ сурсан бөгөөд 17 настайгаасаа ажил хийж эхэлжээ. Анх цэргийн хэвлэх үйлдвэрт хэвлэх машины ажилчнаар орж зургаан жил ажиллаж байж. Түүнээс хойш 30 гаруй жил цэвэрлэгээний ажил хийж байгаа нэгэн.

    1994 онд авто машины осолд орж тархиндаа гэмтэл аван гурван сар эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Гэвч энэ ослоос түүний чих хатуу болж толгой нь өвддөг болсон байна. Тухайн үед том машинтай мөргөлдснөөс болж багагүй хэмжээний төлбөрт унасан гэсэн. Ажил хийж олсон хэдэн төгрөгөө нөгөө хүндээ өгч, харин өөрөө зөвхөн хоол унданд хэрэглэх цөөн хэдэн төгрөгтэй үлддэг байсан үе цөөнгүй байлаа хэмээн санаа алдан өгүүлэх үед энэ амьдралд хүн юу эсийг үзэх туулах билээ гэсэн зурвасхан бодол төрж л байлаа.

Харин өдгөө Яармагт дүү нартайгаа наймуулаа амьдардаг. Сүхээ гуай болон өөр нэг дүү нь л ажил хийж амьдралаа залгуулдаг гэсэн. Бусад нь харин яагаад ажил хийдэггүй тухай тодруулахад, нэг нь группт байдаг зарим нь нялх нойтон хүүхэдтэй гэх. Тэрбээр, уг нь 20-иод жилийн өмнө аав ээжээс үлдсэн 3 өрөө сайхан байртай байсан юм аа. Дүү нар маань Польшид ажиллаж, амьдарна гээд зарсан ч бүтэлгүйтсэн. Тиймээс л Яармагийн нийтийн цагаан байранд гурван өрх хамтраад амьдарч байна даа гэсэн юм. 

    Тэрбээр маш аж ахуйч нэгэн мэт санагдсан. Бусдын хэрэглэхгүй, ашиглахгүй болсон зүйлс хэн нэгэнд хог хаягдал мэт харагдах боловч хэрэгтэй нэгэнд нь бас нэгэн баялаг хэмээн Сүхээ гуай ярина. Учир нь тэрбээр зөвхөн хуванцар сав гэлтгүй байгууллагаас гарсан зарим хаягдал модыг цуглуулж гэрийнхээ түлээний хэрэгцээг заримдаа хангадаг тухайгаа ч биднээс нуугаагүй юм.   

        

  

 ...Сүхээ гуай хурааж хуримтлуулсан зүйл байхгүй ч сэтгэлдээ бол асар баян хүн юм билээ. Сарын цалин, тэтгэврийн хэдээрээ дүү нартаа хоол унд авч өгөөд л дуусдаг гэсэн. Гэсэн ч тэрбээр “Хараагүйчүүдийн үндэсний нийгэмлэг”-ээс гэр аваад өрх тусгаарлах мөрөөдөлтэй юм билээ. Группт байдаг нэгийгээ бас дагуулаад сайхан амьдарнаа гэж ярих мөчид нүүрэнд нь инээмсэглэл тодорч, нүдэнд нь итгэлийн гэрэл асч байхыг харахад сайхан санагдаж байсныг нуух юун. Амьдралынхаа 30 гаруй жилийг хог шүүрдэж өнгөрүүлсэн ч Д.Сүхбаатар гуай хүн ажлыг хэзээ ч голж болохгүй. Харин ажил л биднийг голдог учраас ямар ч ажлыг чин сэтгэлээ хийх хэрэгтэй. Сэтгэл зүрхээ гаргаад хийсэн зүйл эргээд бидэнд өгөөж буянаа заавал өгдөг. Би өдий хүртэл хоёр идэхгүй ч хоосон хонохгүй, бусдаас гуйхгүй амьдраад болоод л байна. Цаашдаа ч өөрийн гэсэн гэртэй болно гэсэн сайхан хүсэл мөрөөдөлтэй амьдарч явна. Амьд явна гэдэг алдар гавьяа олохын нэр бус харин хүн байхын нэр юм шүү гэсээр биднийг үдсэн юм.                        

                                                    2015 онд байгууллагын Хөдөлмөрийн аварга ажилтан                                                                                                                                                                                                                                                            

  


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [202.9.41.xxx] 7 жил
Амьд явна гэдэг алдар гавьяа олохын нэр бус харин хүн байхын нэр юм