МУСТА, дуучин Б.Алтанжаргал: Алдарт "Linkin Park"-аас нэмэх цэнэг авдаг


4 долоо хоног 151

 “Дүүриймаа” дуугаар олноо танигдсан дуучин Б.Алтанжаргал өнгөрсөн хугацаанд “Төгөлдөр зургаан маа”, “Идэр жинчин”, “Дөмөн” гэх зэрэг цомгоо гарган, хэд хэдэн бие даасан тоглолт хийсэн. Язгуур урлагийн салбарт амжилттай бүтээн туурвиж яваа ардын дуучин, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Б.Алтанжаргалтай ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна

Таныг поп жааз стилээр дуулдаг байсан гэж сонссон. Ардын болон уртын дуутай анх хэрхэн холбогдсон бэ?

-Оюутан байхдаа Asian shop хамтлагт дуулдаг байсан. Уртын дууг багаасаа дуулсан гэхэд болно. Бага ангийн сурагч байхад манайд Хишигбаяр гэж дуу хөгжмийн багш хичээл заадаг байлаа. Тэр багш маань анх “Хөөрхөн халиун” уртын бэсрэг дууг зааж, уралдаан тэмцээнд оролцуулж, наймдугаар ангид байхдаа Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, МУГЖ Б.Лхамжав гуайн нэрэмжит уралдаанд оролцож, байр эзэлсэн. Тухайн үед Ц.Дэлгэр багш маань шүүгчээр ажиллаж байж л дээ. Намайг хараад “Аравдугаар ангиа төгсөөд над дээр ирээрэй” хэмээн зөвлөснөөр дуучин болох анхны замналаа тавьсан гэхэд болно. Оюутан байхдаа “Asian shop” хамтлагийг үүсгэн байгуулалцаж дуучнаар ажиллахад багш маань ихэд дургүйцэж “Уртын дуучин болох байж поп хамтлагт яагаад дуулж байгаа юм” гэж зэмлүүлээд уртын дуучнаар сэтгэл шулуудан суралцсан. Сургуулиа төгсөөд хэсэг хугацаанд завсарлаад 2012 оноос дахин уртын болон ардын дуугаа дуулж эхэлсэн.

-Багануурын уурхайд эксковаторчиноор ажилладаг гэж сонссон. Уран бүтээлийнхээ хажуугаар ажлаа хэрхэн зохицуулж байна вэӨдрийг ер нь хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Уран бүтээлдээ төвлөрөхийн тулд ажлаасаа гараад жил гаран болж байна. Чөлөөт уран бүтээлч болсон. Одоогоор “Тэнгэрийн салхи” тоглолтоо хийх гээд ойрд их завгүй ажиллаж байна. Тоглолтгүй үед дууны бичлэг, дууны судалгаа гэх мэтчилэн зүйлд цаг заваа зарцуулдаг. Мөн жижиг тоглолтуудад оролцдог. Ер нь бол хийх ажлынхаа төлөвлөгөөг сар сараар нь гаргаад, төлөвлөгөөний дагуу уран бүтээл болон дууны судалгааны ажлуудаа  цэгцлээд явчихдаг. Уул уурхайн салбарт ажиллаж байхдаа цагийн менежментийг сайн баримталж сурсан. Хийх ёстой зүйлээ цаг цагт нь хийгээд, цагийн баримжааг ашиглаж ажилдаг. Ингээд ажиллахаар өөрт их амар байдаг. Гэр бүл хоббиндоо зарцуулах цагаа гаргаж чаддаг.

-Уртын дуучдаас өөрийг чинь салбартаа нэлээд амжилттай яваа уран бүтээлч гэж хардаг. Өөрийнхөө амжилтын нууцыг задлахгүй юу?

-Өндөр үнэлсэнд баярлалаа. Нууц гээд байх зүйлгүй ээ /инээв.сур/. Ер нь бол эхнэртэйгээ маш сайн зөвлөлддөг. Ажлын төлөвлөгөө гаргахад эхнэр маань гол үүрэг гүйцэтгэдэг гэхэд болно. Аливаа уран бүтээлийг зөвхөн өөрийнх гэж харахгүйгээр гэр бүлийнхээ өмнөөс хийдэг “чухал ажил” хэмээн боддог учраас маш хариуцлагатай ханддаг. Зөвхөн өөрийнх байсан бол өнөөдөр танаас шалтгаалаад болохгүй бол, маргааш болъё гээд хойш тавих асуудал үүсэх байх. Миний хувь аливаа төлөвлөсөн ажлаа хойш тавихгүйг хичээдэг.

-Та өөрийнхөө урлагийн карьераа тав, магадгүй 10 жилийн дараа ямар байхаар төсөөлж уран бүтээлээ хийж байгаа вэ. Түүнийхээ төлөө ямар зорилт тавьж ажиллаж байгаа вэ?

-Продюсер Н.Сайханбаяр гэж залуутай хамтран таван жилийн хугацаанд үр дүн нь үзэгчдэд хүрэх ардын урлагийг хөгжүүлэх томоохон “Монгол найр” төсөл эхлүүлсэн. Гэвч дэлхийн нийтийг хамарсан короновирус цар тахлыг яаж ч чадахгүй учир, төслийн ажил маань түр зогсоод байна.Ардын урлагийг залуу үеийнхэнд тайлбарлан таниулахын тулд дууны түүх, домгийг сонирхолтой хэлбэрээр хүргэх контент бэлтгэх, дуулалт жүжиг болсон ардын дуунуудыг үзэгчид олон нийтэд хүргэх, болж өгвөл одоо дуулагдаж байгаа бүх ардын болон уртын дууг контент болгож архивлах, түүнийгээ цувралаар олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа.

Ардын болон уртын дууг судалдаг судлаачид маань нас өндөр болж байна. Жил ирэх тусам тэд маань цөөрч байна. Тэр хүмүүсийнхээ үлдээхийг хүссэн, хэлэхийн хүссэн зүйлийг яриулъя гэж бодож байгаа юм. Энэхүү төслөө өнгөрсөн хавар эхлүүлсэн. Зөвхөн Монголд биш биднийг тойрсон монгол туургатан, нүүдэлчин угсааны улсуудын ёс заншил, ахуй амьдралаа өгүүлж байсан дуунууд нь юуг өгүүлж байсныг судлах, хойч үедээ архивлан өвлүүлэх зорилготой. Энэ төслийн төгсгөлд жилдээ нэг удаа болдог монгол туургатны язгуур урлагийн наадам, фестивалийг уламжлал болгох зохион байгуулахаар төлөвлөж байна. Цар тахал намжаад, бид хурдтай ажиллаж чадвал энэхүү төсөл маань гурван жилийн дараа гэхэд үзэгчдийн хүртээл болж эхэлнэ.Манай улсад аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж байна. Үүнтэй холбоотойгоор нүүдлийн цирк шиг томоохон хэмжээний зуны язгуур урлагийн шоутай болох юмсан гэсэн мөрөөдөлтэй явдаг юм. Энэ мөрөөдлийг маань биелүүлэхэд “Монгол найр” төсөл маань томоохон түлхэц болно гэдэгт итгэдэг.

Түүнээс биш урлагийн карьертаа ийм өсөлт үзүүлж тийм алдартай дуучин болно, багш болно гэж бодсон юм байхгүй.

-Дууны судалгааг нэлээд хийдэг гэж байна. Ном хэр уншиж байна?

-Сүүлийн нэг жил ном унших нь багассан. Өмнө нь бол дууны судалгаа, дэвшүүлсэн санал, онолыг гаргаахгүй уншдаг байлаа. Ардын дуу бичиж үлдээснээс илүү, амнаас ам дамжин бидэнд өвлөгдөн ирж буй учраас олон хувилбар байдаг. Түүнээсээ аль нь яг голч үнэн юм бэ, аль нь засаж шинэчилсэн юм бэ гэдгийг мэдэхийн тулд яахын аргагүй ухаж төнхөж, судлахаас өөр аргагүй. Дээрээс нь нутаг нутгийн аялга, ястнуудын үг хэллэгийн хувилбар өөр өөр болчихсон байдаг. Үг ая дан дээр судлаачид одоог хүртэл зөрөлдсөөр л байгаа, цаашид ч зөрөлдөх байх.

-Дуу болгон өөрийн түүх, домогтой байдаг. Таны дуулсан дуунуудаас хамгийн сэтгэлд хоногшсон домогтой дуу аль нь вэУншигчдад маань сонирхолтой санагдаж байж магадгүй…

-Миний хамгийн анхны уран бүтээл, ардын богино дуу “Дүүриймаа”-гийн домог миний сэтгэлээс гардаггүй.

Нэгэн сайхан үзэсгэлэнт бүсгүй амьдарч байгаад нутгийн залуу хар хүүтэй хайр сэтгэлтэй болж, нэг гэрт орох гэж байтал бүсгүйг уулын савдаг авч яван, бүсгүй ор сураггүй алга болсон байдаг. Хайртай бүсгүйгээ олохын тулд залуу хээрээр хэрэн тэнэж явахдаа “Дүүриймаа” дууг зохиосон гэдэг.

Б.Бадар-Ууган агсны дэвшүүлсэн онолд, зүүн сүмбэр гэдгийг Говьсүмбэрийн Сүмбэр уулыг нэрлээд, баруун сүмбэр гэдгийг Төв аймгийн Батсүмбэрийн Сүмбэр уулыг нэрлэсэн бөгөөд энэ хоёр уулын дунд “Дүүриймаа” дууг үүссэн гэдэг.

…Хар торгон дээлээ, хадган цэнхэр болтол явсан… гэхээр маш урт хугацаа, орон зайг зөвхөн тэр бүсгүйгээ хайхаар зориулжээ. Ингэж бодохоор энэ дуу маш их сонирхол татаж, сэтгэлд уягддаг. Түүнээс гадна энэ үйл явдал яг миний төрсөн нутаг Төв аймагт болсон байгаа юм. Яагаад ч, анхны уран бүтээл маань “чи нутгийнхаа дуунаас эхэл” гэчихсэн  юм шиг тохироо нь бүрдсэн байдаг.

-Авто машиндаа ихэвчлэн ямар уран бүтээл сонсдог вэ?

-Машиндаа Nu metal төрлийн хөгжмийг олон нийтэд алдартай болгосон алдарт Linkin Park хамтлагийн дуунуудыг сонсдог. Яагаад ч юм Linkin Park-аас уйдаж байгаагүй. Бүх альбомоор нь сонсдог, тэднээс нэмэх цэнэг аваад байгаа юм шиг санагддаг.

-Хип хоп үглэх үү?

-Үгүй.

-Та нэлээд хэдэн эмэгтэй дуучидтай хамтран уран бүтээл хийлээ. Тэднээс хоёр жилийн өмнө Өвөрмонголын дуучин Цэвэрцэцэгтэй дуулсан дуунууд өнөөдөр ч хип парадаас буухгүй яваа. Дараагийн хоршин уран бүтээл хийх эмэгтэй дуучин хэн байх бол?

-Олон эмэгтэй дуучидтай дууллаа гэж их зэмлэл хүртсэн шүү дээ /инээв.сур/. Нээрээ тоолоод үзсэн нэлээд хэдэн эмэгтэй дуучидтай дуулжээ. Хүмүүс олон эмэгтэй дуучинтай биш нэг эмэгтэй дуучинтай хоршуулан дуулуулах сонирхолтой байдаг юм билээ. Урлагийнхнаас, үзэгчдээс аль алинаас зэмлэл шүүмж авсан. Зөвхөн Цэвэрцэцэг ч биш хамтран дуулсан бүх эмэгтэй дуучидтайгаа арга эвээ амархан ололцсон учраас уран бүтээлүүд маань хүмүүст хүрсэн байх.

-Үндэсний их баяр наадмын нээлт дээр хэд хэдэн “цээртэй” дуунууд дуулагдах шиг болсон. Та энэ асуудалд тайлбар хийж болох уу?

-Мэдээж бүх уран бүтээлчид дуулахдаа тэрийг ойлгосон. МУГЖ Б.Сарантуяа эгч бид хоёр “Конгурей” дууг наадмын нээлтэд дуулсан. Үүнээс болж шүүмжлэл их ирсэн. Дуучид бид наадмын зохион байгуулагчдаас дуул гэсэн дууг дуулж байгаа. Түүнээс уран бүтээлчид биднээс санал дэвшүүлсэн зүйл үгүй. Уг нь наад асуудлыг чинь тайлбарлах ёстой хүмүүс нь наадмын уран бүтээлийн комисс. Өөрсдөө энэ асуудалд цаг нь болохоор тайлбар өгөх юм гэсэн.Миний хувьд бол энэ дууг олон нийтэд хүргэсэн нь зөв зүйл. Бид нар заавал баяр баясалтай зүйлийг дуулах ёстой гэж. Нөгөөтээгүүр, гунигтай үлдсэн түүх дурсамжийг хэлж байх ёстой гэж бодож байна. Мэдээж наадам дээр дуул гэсэн үг биш л дээ.

-“Конгурей” дууг Монголоос бусад хийлийн цаадах Алтайчууд, Халимаг, Тувачууд өөрсдийн үгээр дуулдаг гэж сонссон.

-Хүмүүсийг бас нэг зүйлийг ойлгоосой гэж хүсдэг. Түүхэнд 1920 оны эхээр Тувагаас хэсэг бүлэг нүүдэлчдийг Монголд авчран Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд суурьшуулан “ Энэ бол танай газар нутгаа” хэмээн нутаг зааж, амьдруулж эхэлсэн. Энэ үйл явдал Урианхай түмний маш том баяр бахдал. Хилийн цаана явсан нүүдэлчдээ буцаан авчирсан том үйл явдал гэсэн үг. Тэнд улсаа алдсан хаан гашуудан дуулж байгаа дуу шүү дээ. Энийг бид сайн ойлгон шүүмжлэх хэрэгтэй.

Түүнээс биш Манжууд орж ирээд хядаад, улс орныг маань булаагаад байгаа зүйл биш. Энд бас нэг зүйл яримаар санагдаад байна. Ямар нэгэн судалгаа хийгээд явж байгаа хүн, эцэстээ бичвэргүй болоод өөрийн логикоороо бичээд үлдээсэн зүйлийг “Үнэн” гэж бат итгэх албагүй л байхгүй юу.

“Конгурей” гэдэг нь Тагна Урианхайн газрын нэр гэдэг. Манайхан “хонгор үрээ” гэж буруу орчуулж, буруу дууллаа гэсэн шүүмжүүд тухайн үед нэлээд харагдаж байсан. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Бид “Хонгор үрээ” гэж хэлж дуулаагүй “Конгурей” гэдгээр нь л дуулсан. Тэр шүүмжийн дараа нэгэн Тува залуу өөрийн байр сууриа илэрхийлж, ийм утга учиртай дуу  хэмээн тайлбарлан, Тува хэл дээр нь дуулсанд баярлалаа гэж байсан. Харин хөрвүүлэх тал дээр “хонгор үрээ” гэсэн нь буруу байсан гэдгийг хэлсэн.

Миний хувьд олон ястны дууг дуулахдаа санамсаргүйгээр үг хэллэгийн алдаа заримдаа гаргасан байдаг. Аль болох засаж залруулж нутгийн аялга, үг дангаар нь олонд хүргэхийг хичээдэг.

-Манай ардын болон уртын дууны утга хэр гүн гүнзгий утга агуулдаг вэ?

-Нутаг нутгийн үг хэллэг, аялга, ахуйн соёлоос хамаарч нэг дууг а, б, с гэх мэт олон хувилбартай байдаг. Манай 13-р зуунаас хойш дуулагдсан богино дуу болон бэсрэг уртын дуунууд хэтэрхий их гашуудлыг үгтэй байдаг.

Жишээлбэл, “Гоолингоо” дуун дээр …Амраг жаахан Гоолингоогын минь, Алтан хүүр арын жалганд цайраад байна аа…гэж хэлэгддэг үг бий. Уран бүтээлчид бид хүүр гэж дуулах нь хэр зохимжтой байх вэ, үүнийг хүрээ гэж өөрчилж дуулдаг.

1950,  1960-аад оны үед дуунуудын үгнүүд дээр нэлээд өөрчлөлт хийгдсэн байдаг. Ер нь бол олон жил манжийн дарлалд олон жил дарлагдаж, гашуун зовлон туулсан учраас үгний хувьд гунигтай, үгийг ёгтолж хэлэхдээ хэтэрхий хэрцгийгээр хэлдэг үгнүүд дуунууд дээр байдаг. Тэдгээр дууг сүүлд цаг нийгмийн байдалд тохируулан өөрчилсөн байдаг юм билээ.

Бас нэг зүйлийг уншигчид сонсогчид маань ойлгоосой гэж хүсдэг. Гоолингоо дууг өөрийн гэсэн сүнстэй, дуулсан эмэгтэй хүн бүр бэлэвсэрч хоцордог гэх “мухар сүсэг” олны дунд газар авсан байдаг. Тийм зүйл огт байхгүй.

Үнэн хэрэг дээрээ, Таван замын байлдаад оролцохоор хүрээнээс хөдөлсөн нэгэн Цахар баатар хар хүү дурлалт бүсгүйгээ үймээн самуунд алдаад гашуудан дуулдаг дуу. Эрийг дайн тулаанд оролцоод хүрээнд ирэхэд хайртай бүсгүй нь амиа алдсан байсан гэсэн үг. Манай улс хэзээнээс улсын бодлогоор цахар эрчүүдийг хот суурин, хошуу сумдад байлгадаг байсан.Учир нь цахрууд хэзээнээсээ тулаанч хүмүүс. Ингээд бодохоор, яагаад Гоолингоо дууны үгийг төвлөрч сонсоод ойлгодоггүй юм бол гэсэн бодлууд надад төрдөг.

Энэ дууны тухайд нэрт зохиолч М.Ядамсүрэн гуай хань ижлээ хэлмэгдүүлэлтэд алдсан Ардын жүжигчин Д.Ичинхорлоо гуайд зориулан зохиож өгсөн юм шиг нийгэм ойлгодог. Мөн энэхүү дууг дуулсан дуучин бүр нь ганц бие байна гэх мэтээр ойлгох нь утгагүй.

-Одоогоос гурван жилийн өмнө “Төгөлдөр зургаан Маа” нэртэй цомгоо гаргаж байсан. Энэ цомогт орсон зургаан маагынхаа түүхийг нэг бүрчлэн тайлбарлаж байсан удаагүй. Тэдгээрийг ямар хувилбараар нь дуулсан бэ?

-Нээрээ өмнө нь зургаан маагаа тайлбарлаж байгаагүй юм байна шүү. Маа гэдэг бол эхийн эх. Төгөлдөр гэдэг үг нь сайн сайхан, гоё, төгс гэдэг үгний дээд талд байршдаг юм байна л даа. Олон маа дундаас онцолж зургааг нь сонгож “ТӨГӨЛДӨР зургаан МАА” гэж нэрлэн төсөл болгож, хэрэгжүүлсэн. Зүүн Монголоос Алгэрмаа, төв халхаас Дүүриймаа, Сүнжидмаа, урианхайгаас Хоожоомаа, хүрээ хүүхнүүдээс Хандармаа, баруун монголын Гавалмаа гэх мэт.

Дүүриймаа дуу бол угаасаа трэнд /инээв.сур/. Хандармаа дуу нь яг одоогийн поп дуу гэж ойлгож болно. Энэ дууг бүтээгдэх тэр цаг хугацаанд хятадын хөгжмийн соёл орж ирсэн. Энэ дуунд “ваая, хаая, наая” гэх мэт орчуулагдах боломжгүй урд зүгийн соёл шингэсэн байдаг. Урд зүгийн соёл хүрээнд ид эрчээ авч байхад төрсөн дуу.

Сүнжидмаа дууг анхны хувилбараар нь дуулаагүй, Ж.Бадраа гуайн шинэчилж хийсэн үгний хувилбараар дуулсан. Энэ дуунд Алтай хязгаараас хүрээний хүүхэнтэй ирж суусан залуу ханилж сууж чадаагүйгээсээ болоод буцаж явдаг. Эх хувилбар дээрээ, маш их харууслын болон хэрцгий үгтэй.

Тухайлбал?

-Сүнжидмаа дууны анхны хувилбарт …Хаалга үүдээ нээгээд өгсөн ч, Харж үзэх хүнгүй болно…гэсэн өгүүлбэр бий. Энэ нь “За чи ойлго. Одоо сайхан байгаа ч хөгшрөөд ирэхийн цагт чамайг гуйсан ч хаалгаараа оруулах хүн олдохгүй шүү” гэсэн утгатай. Иймэрхүү шүүмж ч юм шиг, ёгтлол ч юм шиг үгнүүд байдаг. Дууны хувьд мэргэжлийн түвшингийн том дуу. Монгол ардын богино дуунуудын охь дуунуудын нэг.

Хоршиж дуулдаг хэсэгт “Амрагийн чиг сэтгэл нь

Амин мөнхийн рашаан юм аа хө, айн хө

Аав л ээжийн үгийг залгах

Арга билгийн сурвалж яваа хө

Алтан хумх шиг зүрхэн тольдоо

Ариун булгаас ундрах юм аа хө,

Айн замбуулин хорвоо минь ээ хө, айн хө

Рашаан болсон амрагийнхаа шимийг

Амталж хоёулаа хүртэн жаргая аа хө

Ай хөөрхий, заяа зураг минь ээ хө…” хэмээн дуулдаг. Энэ бол засагдсан үг. Мэддэг хүмүүс нь “Сүнжидмаа” харууслын дууг яагаад найран дээр дуулаад байгаа юм бэ гэдэг. Үнэндээ засагдсан үгэнд сайн сайхныг бэлгэдэж хэлсэн байдаг. Болохгүй зүйл биш найр наадам дээр дуулж болно.

Алгэрмаа дуулалт жүжиг эхээрээ байдаг. Зүүн хилийн цаана дуулагдаж байгаа Хулгармаа гэдэг дууны эх хувилбар нь Алгэрмаа юм. Утга санааны хувьд яг ижилхэн.

Хоожоомаа бол урианхайчуудын хосгүй үзэсгэлэнт бүсгүй. Цаашаа Шинжаань Уйгар луу дүрвэсэн хэдэн урианхайчуудын дунд яваад өгсөн хүн. Олон эрчүүд араас нь гуйж гүйдэг байсан боловч хэнтэй нь ч суугаагүй явсан. Хоожоомаа бүсгүйн түүхийг өгүүлсэн энэ дуу одоогоос 100 орчим жилийн өмнө бүтсэн, саяхны үйл явдлыг харуулдаг.

-Уртын дууг монголын сонгодог урлаг гэдэг. Хоолойн гамыг хэрхэн барьж байна?

-Манай багш дэлхийн сонгодог урлаг опра бол миний хувьд монголын сонгодог урлаг уртын дуу юм гэдэг. Надад багшийн маань хэлсэн үг үнэн санагддаг. БНМАУ-ын гавьяат дуучин Ж.Дорждавга агсан, Хөдөлмөрийн баатар Н.Норовбанзад агсан нарын хийж бүтээснийг, дуулалтыг сонсоход үнэхээрийн гайхамшигтай байдаг. Бид нар хаана ч хүрэхгүй. Тэдний хоолойны цараа, дуулах техникийг харахад монголын уртын дуу 19, 20-р зуунд төгс оргилдоо хүрсэн байх гэж би хувьдаа боддог.

-Сүүлийн үед дуучин бүр л техникээр хоолойн засвар хийдэг болжээ. Та юу гэж боддог вэ. Та хийдэг үү?

-Хурдацтай хөгжиж байгаа техникийн гай. Бурууг өгдөггүй. Хүн бүр сайхнаар сонсох ёстой. Цомог СД дээрээ шаардлагатай бол хийлгэнэ. Тайзан дээр дуулж байгаа дуун дээр бол ямар ч тийм асуудал байхгүй.

-Ам барихыг юу гэж боддог вэ?

-Айхтар эсэргүүцээд байдаггүй. Уран бүтээлчийнх нь өөрийнх нь сонсогч, үзэгчиддээ хандаж байгаа хандлага нь ам барих. Чин сэтгэлээсээ дуулвал хамтдаа дуулах ёстой.

-Чөлөөт уран бүтээлч болчихсон учраас хурим найр, тэмдэглэлт арга хэмжээнүүдийн урилга хэр их ирж байна вэ?

-Би ер нь бага. Хувийн уран бүтээлчид нь өөрийнхөө уран бүтээлийг борлуулахын тулд “өөрийгөө худалдана”. Хүмүүс ихэнхдээ ардынхаа язгуур урлагийг зохиолын дуутай хольж ойлгодог.

Ардын болон уртын дуу дуулдаг хүмүүс энүүгээрээ хүмүүжиж байгаа. Энд тэндэхийн олон улсын фестивальд зохиолын дуучид биш уртын дуучид оролцдог. Тэгэхээр бид өөрсдөө үүнийг заагтай байлгах хэрэгтэй.

Би яагаад тоглолтоо Бөхийн өргөөнд биш Корпорейтийн тайзан дээр тоглоод байна гэхээр хөшгөө нээж эхлээд, хөшгөө хааж дуусгах соёлтой байх хэрэгтэй. Манай Бөмбөгөр ногоон театр тийм л байсан, язгуур урлагийнхан бид ч тийм байх ёстой. Дундуур нь хэн нэгэн цэцэг барьж, ах дүүгээ танилцуулан сэтгэгдлээ хэлээд зогсдоггүй биз дээ. Энэ бол цэвэр тайзны соёл. Миний хувьд тайзны соёлоор нь байлгах гээд байдаг учраас тэр бүр урилгаар энд тэнд очоод байдаггүй.

 

-Хандивын тоглолтод хэр оролцдог вэ?

-Чадлынхаа хэрээр оролцоод явдаг. Өнгөрсөн баасан гаригт гэхэд Бөхийн өргөөн дээр хандивын тоглолт дээр очиж дуулах байснаа тэрхэн үедээ андууран UB palace руу очсон. Тэгсэн тэнд бас хандивын тоглолт болж байсан, андуурсан хэвээр тайзан дээрээ дуулж дуусаар буугаад ирсэн чинь Бөхийн өргөөнд болж буй хандивын тоглолтын зохион байгуулагчид утастаад, андуурсан, эндүүрснээ ухаараад тэр чигээрээ давхин Бөхийн өргөөнд дахь тоглолтод дуулж тоглолтыг хаасан. Нэг өдөр санамсаргүйгээр хоёр ч хандивын тоглолтод оролцсон.

-“Тэнгэрийн салхи” тоглолтоо удахгүй хийх гэж байна. Тоглолтын нэр их сонирхолтой санагдаж байна. Яагаад ингэж нэрлэх болов?

– Хубилай хааны их цэргийн дууг Тэнгэрийн салхи гэдэг. Манайд нэг их дуулагдахгүй хэрнээ Өвөрмонголд нэлээд дуулагддаг. Дуучны ур чадвар шаардсан хүнд дуу гэдэг. Үгний хувьд тодорхой энгийн утга санаатай биш юм билээ.

Цаашид тоглолтын эхлэл болон төгсгөлийг 13-р зууны үед төрийн дуулал байсан гэгддэг Эртний сайхан дууг хүндэтгэж дуулах бодолтой яваа. Дэлхийд тамгалагдсан эзэн Чингис хаанаа бид л магтаж дуулахгүй бол хэн дуулах билээ.

Аль эртний 13-р зуунаас дуулагдан 21-р зуунтай золгож яваа уртын дуунууд 19-р зууныг хүртэл зохиогч нь тодорхойгүй байжээ. Олон арван, олон жараныг туулсаар тэнгэрийн салхиар дамжиж өнөөгийн бидэнд ирсэн аялгуу эгшиг, ая дангаар энэхүү тоглолтоо нэрлэсэн гэхэд болно.

-Өмнөх тоглолтуудаас юугаараа онцлогтой вэ?

-Өмнөх тоглолтуудаараа морин хуурийн чуулгатай хамтран тоглож байсан бол одоо “Жонон” хамтлагтай хамтарсан тоглолт хийнэ. “Жонон”-гийнхон саяхан chill out цомог гаргасан. Тэдний цомогт багтсан “Аавуудын дуулах бүүвэйн дуу”-г бүтээсэн. Хүүхдийг ээжүүд л бүүвэйлдэг гэсэн ойлголт ард хоцорсон /инээв.сур/.

“Жонон” хамтлагийн өөрийн стиль жанр нь зөөлөн талдаа. Тиймээс тоглолтын уур амьсгал зөөлөн, чихэнд наалдацтай, уянгын урсгалаараа хэв маягтай байна. Ардын богино дуунууд ихэнхдээ утга уянгын, халилтай байдаг гэдгийг сонсогчид маань мэддэг. Яг Б.Алтанжаргалыг сонсъё гэсэн хүмүүст сайхан байх, миний уран бүтээлтэй танилцах гэж орж ирсэн хүмүүст жаахан уйтгартай сэтгэгдэл төрж магадгүй.

Би энэ удаад ерөөсөө тайзнаас буухгүй, 1цаг 40 минутын турш үзэгчдийнхээ сонорыг мялаана.

1920, 1930, 1940 онд зохиогдсон дуунууд өдгөө бидэнд ардын дуу шиг болон үлджээ. Жишээлбэл, ард түмнийхээ дунд ардын дуу шиг болчихсон Төрийн шагналт Н.Жанцанноров гуайн “Сэвтээ нь үгүй сэтгэл” дууг би тоглолтынхоо үеэр дуулна.  Мөн баяр наадмын чимэг болсон Зандан шоо дууг үзэгчдийнхээ хүртээл болгоно.

Түүнчлэн, Н.Жанцанноров гуай “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ичинхорлоо нар хамтран надад зориулж ардын хэв маягийг шингээсэн дуу хийсэн. Хамгийн гол нь би тэр дууг гоё сайхан бүтээж, ардын дуу шиг болгон мөнхрүүлж чадах болов уу гэсэн айдас, эмээлтэй байгаа.

Алдарт уртын дууч МУУГЗ Солийн Цоодол гуайн нэрэмжит тэмцээн оны дараа Өвөрхангай аймагт болно. Тоглолт дээрээ түүнд хүндэтгэл үзүүлэхийн сацуу түүний дуулж байсан “Хүү минь хаана дуулж яваа” бол гэдэг дууг ганцхан хөгжимтэй дуулна.

-Таны тоглолтуудыг угталт айрагтай, монгол дээлтэй гэх мэт уламжлал өв соёлыг өвөрмөцөөр шингээсэн байдаг. Энэ удаагийн тоглолтын угталт яг хэвээрээ байх уу?

-Мэдээж үзэгч олноо айргаар угтана. Үзэгчид маань үндэсний хувцсаараа гоёод ирвэл бүр сайн байна. Би тоглолтдоо хөтөлбөр бэлддэг. Дэлхийн сонгодог концертууд хөтөлбөртэй байдаг шүү дээ. Яг түүн шиг оролцож байгаа уран бүтээлчид бүгд танилцуулгатайгаа байна.

Сонсогч үзэгчид маань ижий аав, эмээ өвөөгийнхөө дуулж байсан дууг сонсох гэж ирдэг. Ямар хувилбараар дуулж байгааг үзэх гэж ирдэг.

Тоглолтын хувцаснуудынхаа санааг хаанаас авдаг вэ?

-“Сүхбаатар” кинон дээр тоглодог МУГЖ Р.Дамдинбазар агснаас үлгэр жишээ авдаг. 1920-оод оны эхэн үед монгол дээл нь сонгодог хэлбэртэй байсан юм байна гэж боддог.

Монгол дээл нь хүйсэн дээгүүрээ урт, ханцуй нь том нударгатай, нурууг их цэх харагдуулдаг учраас их таалагддаг. Бид тайзан дээрээс үзэгчдэд гоё сайхныг л харуулах ёстой учраас маш цэгцтэй, дэгтэй хувцаслахыг хичээдэг.

Ер нь бол нэрт зохиолч М.Ядамсүрэн гуайн гаргасан номоор багцаалддаг. Тэр дээр малгай, дээл, гутал, бүсийг бүх ястныхаар оруулсан байдаг.

Тоглолтод нийт 20 гаруй дуу дуулагдана. Тав таваар нь багцалж, он цагийн хэлхээсээр хойш нь хөөж дуулна. Тэгэхээр ястан үндэстнүүдийн онцлог, дэг жаягийг шингээсэн хувцсыг дуунууд дээрээ солихоос өөр аргагүй.

-Цаг гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. 

Эх сурвалж: Тас.мн


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү