Д.Эрдэнэсувд :Улс төрийн намууд бодлогоор өрсөлдөх хэрэгтэй , энэ бол " ШИНЭ ДАВАЛГАА "


5 жил 2124

Ардчилсан нам  дотоод шинэчлэлийнхээ хүрээнд гишүүн төвтэй бодлогын нам болох зорилтыг тавин ажиллаж буй. Тиймээс ч энэ оныг  “Залуусын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үзэл баримтлал, үнэт зүйлээрээ нэгдсэн Ардчиллын залуус хандлага, үзэл санаагаараа шинээр давалгаалж бүсийн чуулгануудыг зохион байгуулж байна. Энэ талаар Ардчилсан намын Гадаад харилцаа, сургалт, хөгжлийн газрын дарга, Төв аймгийн “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн  Д.Эрдэнэсувдтай ярилцлаа. Тэрбээр өнгөрөгч амралтын өдрүүдэд Төв аймгийн Батсүмбэр суманд зохион байгуулагдсан “Шинэ давалгаа” төвийн бүсийн чуулга уулзалтын ерөнхий зохион байгуулагчаар ажилласан бөгөөд дараагийн томоохон ажлаа эхлүүлэх гээд зав хомсхон байгаа тухайгаа хэлснээр бидний ярилцлага эхэллээ.

-Ардчилсан намын залуус “Шинэ давалгаа” нэртэй чуулга уулзалтуудыг бүсчлэн зохион байгуулж байгаа. Саяхан Төв аймагт чуулганаа зохион байгуулсан юм байна. Энэ тухай ярилцлагаа эхэлье?

- Төвийн бүсийн Ардчилсан залуучуудын “Шинэ давалгаа” чуулган Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт орших Түшээт гүний аманд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн чуулганд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Төв, аймаг болон нийслэлийн Сүхбаатар дүүргийн ардчилсан залуусын төлөөлөл бүхий нийт 800 гаруй төлөөлөгч оролцлоо. Ардчилсан нам энэ оныг “Залуусын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Тиймээс ч  “Шинэ давалгаа” чуулганд оролцогчдын талаас илүү хувь нь залуус байсныг онцлох хэрэгтэй. Энэ арга хэмжээнд зөвхөн Ардчилсан намын гишүүд төдийгүй дэмжигчид оролцсон. Нийт оролцогчдын дийлэнх нь Үзэл баримтлал, итгэл үнэмшилдээ хөтлөгдөж ирсэн залуус байлаа. Бид “Шинэ давалгаа” чуулганаараа дамжуулан  улс төрийн намуудын Үзэл баримтлал, бодлогын ялгааг  гишүүд, дэмжигчиддээ таниулахыг зорьсон. Тиймээс ч чуулганыхаа хоёр өдөр сургалт зохион байгуулсан. Сургалтыг шинэлэг арга хэлбэрээр залуусынхаа оролцоонд тулгуурлан, өртөөчилсөн байдлаар явууллаа. “Улс төрийн эрх чөлөө”, “Үндэсний эрх чөлөө”, “Шударга ёсны эрх чөлөө”, “Эдийн засгийн эрх чөлөө”, “Хувь хүний эрх чөлөө” сэдвээр таван бүлэг болгож, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд, залуус маань сургалтаа  зохион байгуулж, улс төрийн намуудын бодлогын ялгааг гишүүддээ таниулав. Ингэснээр тухайн гишүүний үзэл  бодол Ардчилсан намын Үзэл баримтлалтай нийцэж байна уу, энэ намыг цаашид дэмжих үндсэн зарчим нь юу байна гэдгийг ойлгох нь чухал. Монголын улс төрийн намууд бодлогоор өрсөлдөх цаг нь болсон. Энэ бол “Шинэ давалгаа” юм. Тиймээс ч бид залуусын чуулганаа “Шинэ давалгаа” гэж нэрлэсэн. Үзэл баримтлалаараа нэгдсэн залуус орон нутгийн хөгжил, ядуурал, хөдөлмөр эрхлэлт зэрэг өнөөгийн нийгэмд тулгамдаад буй олон сэдвийн хүрээнд ярилцаж, туршлагаа хуваалцаж, бие биенээсээ суралцсан  үр дүнтэй арга хэмжээ боллоо.

-Ардчилсан намын шинэчлэлийн нэгээхэн хэсэг  эмэгтэйчүүд, залуусынхаа оролцоог нэмэгдүүлэх....Тэдэнд ямар боломж олгож байна вэ?

-Ардчилсан намын шинэчлэл 2017 оноос эрчимтэй үргэлжилж байна. Шинэчлэлийн хүрээнд залуучууд, эмэгтэйчүүдийнхээ оролцоог нэмэгдүүлэх зорилт тавьсан. Ардчилсан намын бодлого боловсруулдаг ҮБХ (Үндэсний бодлогын хороо) гэж бий. ҮБХ нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжилтийг хангах, Ардчилсан намын бодлого, зарчим, суурийг төлөвлөдөг бүтэц байдаг. УИХ-ын 76 тойрог бүрт таван ҮБХ-ны гишүүн байхаар төлөвлөсөн. Тухайлбал, Төв аймгийн 30 дугаар тойрогт таван ҮБХ байдаг. Энэ таван гишүүний нэг нь залуучуудын төлөөлөл, нөгөө нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байгаа. Өөрөөр хэлбэл, бодлого боловсруулах түвшинд залуучуудын оролцоог хангахын тулд ҮБХ-ны гишүүдийн 20 хувь нь 39-өөс доош насны залуучууд, 20-иос доошгүй хувь нь эмэгтэйчүүд  байна гэж дүрмэндээ заасан байдаг. Үр дүнд нь Ардчилсан намын нийт 400 гаруй  ҮБХ-ны гишүүдийн 100 гаруй нь эмэгтэйчүүд, 44 хувь нь залуучууд байна. Орон нутагт  эмэгтэйчүүдийн  оролцоог нэмэгдүүлэхийн тулд аймгийн болон дүүргийн намын хорооны гишүүдийн оролцоонд мөн квот тогтоосон байгаа. Ийнхүү нийт сонгуульт гишүүдийн 44 хувь нь залуучууд байгаа нь намын шинэчлэлийн бодит үр дүн гэж харж байна. Мэдээж аливаа зүйл хоёр талтай байдгийн нэгэн адилаар улс төрд дан эрчүүд оролцож, шийдвэр гаргаад байвал өрөөсгөл. Түүний нэгэн адилаар дан эмэгтэйчүүд оролцоод байвал мөн л өрөөсгөл шийдвэр гарна. Өнөөгийн монголын улс төрд эрчүүдийн оролцоо давамгайлж байгаа нь өрөөсгөл байна л даа. 2012-2016 оны парламентад бид 11 эмэгтэй гишүүнтэй байлаа.Ингэснээр эмэгтэйчүүдийн оролцоог хангах үзүүлэлтээр дэлхийд 95-д жагссан.  Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо их байх нь иргэдийн АМЬДРАЛД ОЙР ШИЙДВЭР гаргахад голлон нөлөөлдөг гэж судлаачид тайлбарладаг. Эмэгтэйчүүд төрийн үйлчилгээний буюу боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү ажилладаг бол эрчүүд бизнесийн салбарт давамгайлдаг байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын эмэгтэй гишүүд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тухай зэрэг гэр бүл, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажилласан.

-Улс төр, нийгмийн амьдралд идэвх, оролцоотой байхыг хүсдэг залуус олон. Гэвч “цүнх баригч”, “бөгс долоогч” болж харагдахаас эмээж байна.....

- Улс төрийн намууд бодлогоороор өрсөлдөх хэрэгтэй. Энэ бол “Шинэ давалгаа” юм. Нийгэмд тогтсон энэ мэт буруу ойлголтыг халах цаг болсон. Хэн нэгэн даргыг дагаснаараа амжилтанд хүрдэг ойлголт үеэ өнгөрүүлж байгаа гэж би хардаг. Залуусыг муу муухайгаар цоллодог энэ бурангуй ойлголт улирч байна. Залуус аливаа нэг улс төрийн намыг сонгохдоо тухайн намын Үзэл баримтлал, үнэт зүйлийг нь таньж, мэдээд орж байна. Нөгөөтэйгүүр Ардчилсан намын бодлого нээлттэй байгаа. Ардчилсан нам баруун төвийн Үзэл баримтлалтай улс төрийн хүчин гэдгээ зарласан. Бид юу хийх гэж байгаагаа тодорхойлчихсон, хэн хийх нь ойлгомжтой болчихлоо. Тэгэхээр хийх зүйл нь тодорхой, арга нь ойлгомжтой байхад залуучууд зорилгодоо хүрэх нь гарцаагүй. Үүний зэрэгцээ бид залуусынхаа хөгжлийг дэмжиж байна. Энэ бол зүгээр тунхаглаад өнгөрөх төдий зүйл биш. Илүү бодит зорилт байхын төлөө ажиллаж байгаа. Залуучуудын хувь хүний хөгжлийг дэмжихийн тулд системтэй сургалт зохион байгуулж байна.  Тухайлбал, Ардчилсан нам БНСУ-ын Күүкмины их сургуультай хамтраад улс  төр дэх залуучуудын оролцоог нэмэгдүүлэх манлайллын сургалтыг одоогоор дөрвөн удаа зохион байгуулаад байна. Тус сургалтад Ардчилсан намын сонгуульт болон идэвхтэн гишүүд хамрагдсан. Мөн сонгуульт гишүүдээ АНУ-д суралцуулж байна. Өөрөөр хэлбэл, “цүнх барьснаараа” биш өөрийгөө бэлдсэнээрээ амжилтад хүрнэ гэдгийг залуус ойлгох хэрэгтэй. Ардчилсан намын хөгжлийн нэг тулгуур багана нь хөгжсөн залуус, хөгжсөн залуусын тодорхойлсон бодлого юм. Тиймээс ч бид гишүүд, дэмжигчдээ хөгжүүлэхэд  ихээхэн анхаарч байна.

-Ардчилсан нам шинэчлэгдэж байна гэдэг. Гэхдээ яг өнөөгийн улс төрийн тавцанд бодлогоороо ялгаран зогсоход бэлэн үү?

-Бид энэ хөрсийг тавьж байна. Ардчилсан нам бодлогын нам болох зорилтын хүрээнд тасралтгүй ажиллаж байгаа. 200 гаруй мянган гишүүнтэй Монголын хоёр том улс төрийн хүчний нэгний  хувьд шинэчлэл нь зүгээр нэг субботник хийж байгаа юм шиг “туушиндаад” өнгөрөх боломжгүй л дээ. Энэ бол үе шаттайгаар, тодорхой системийн дагуу үргэлжлэх процесс. Нам гэдэг өөрөө улс төрийн институци гэдэг утгаараа түүнийгээ бий болгочихсон. Институциэ бий болгохын тулд Ардчилсан нам Үндсэн дүрмээ шинэчилсэн. Шинэчилсэн дүрмийн хүрээнд гишүүн, сонгуульт гишүүн, дэмжигч гишүүн гэсэн гурван статустай болсон. Сонгуульт гишүүний бүтцийг бид өөрчилж чадсан. Энэ асуудал дүрмийн хүрээнд зохицуулагдаж байна. Институцийн хувьд гадаад, дотоод орчноо бүрдүүлж байна. Бодлогын нам болох зорилтын хүрээнд ҮБХ-ны гишүүдээ дэмжихийн зэрэгцээ үүрэг, хариуцлагыг нь ч мөн тодорхой болгосон.

-Энэ сарын 13-нд “Олон улсын ардчиллын өдөр”-ийг Монголд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх вэ, ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?

-Жил бүрийн есдүгээр сарын 13-ныг НҮБ-аас “Олон улсын Ардчиллын өдөр” хэмээн зарласан. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд Монгол Улс энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ хүрээнд “Монгол Улс ардчиллын замаар 30 жил” сэдэвт онол, практикийн бага хурлыг зохион байгуулна. Ардчилсан хувьсгалаас хойшхи 30 жилийн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засагт ямар өөрчлөлт авчирсан бэ, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эрх зүйн орчинд ямар шинэчлэлийг бий болгож чадсанаа эрдэмтэн, судлаачид, улс төрийн намууд, оюутан залуустайгаа хамтраад ярилцана. Мөн тухайн өдөр Сүхбаатарын талбайд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ардчилсан хувьсгал Монголчуудад маш олон зүйлийг өгсөн. Гэвч Ардчилсан намыг муухай харагдуулахын тулд Монголын ардчиллыг гутаан, доромжлох үзэгдэл гаарч байна. Хэдийгээр ардчиллын үнэ цэнийг зарим иргэд ойлгож байгаа боловч өнөөгийн нийгмийн болж, бүтэхгүй байгаа бүхнийг ардчиллын буруу мэтээр ойлгуулахыг хичээж байна. Ялангуяа өмнөх нийгмийн талаар ойлголтгүй өнөөгийн залууст Ардчилсан хувьсгал, ардчилсан нийгэм буруутай мэтээр ойлгуулахыг хичээж байгаа. Энэ бүхэн Монголын ардчилалд тулгамдаад буй бодит аюул. Тиймээс ч бид энэ удаагийн “Олон улсын Ардчиллын өдөр”-ийг  “Ардчиллаа хайрлая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Орчин цагийн залуус маш их үнэ цэнээр бий болсон Ардчилсан нийгмээ, ардчиллаа хайрлаж, хамгаалах томоохон үүрэг, хариуцлага хүлээж,  эгзэгтэй цаг үед амьдарч байгаагаа ойлгож, ухамсарлах нь чухал.

 


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү