Дэлхийд бүртгэлтэй хоньч нохой


6 жил 6546

Хүн төрөлхтний хамгийн дотны анд нөхөр болох нохой нь эрт дээр үеэс  хүмүүстэй адил хэдэн мянган жилийн өөрийн гэсэн түүхтэй билээ. Өмнө нь нохойг гэртээ тэжээж эд хөрөнгөө мануулдаг байсан бол өнөө үед нохойг тэмцээн уралдаан мөн хүний хэл ойлгохуйц ухаантай болгож сургах болжээ.

Түүнчлэн манай улсад ч нохой тэжээх хоббитой хүмүүс хурдацтай олширсоор байна. Та бүхэндээ энэхүү ажилдаа амьдарлынхаа алтан цагаасаа зарцуулж яваа “Арга Билэг” нохой үржүүлгийн газрыг үүсгэн байгуулагч Х. Ууганбаяртай уулзуулъя.

 

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе

-Баярлалаа чамд ч бас энэ өдрийн мэнд

Таны нохой  байгаа нь нилээд сүрлэг харагдах юм аа?

-Би дандаа хүнд жингийн нохой тэжээдэг. Харагдах байдлаасаа том биетэй боловч маш тайван амьтан.

Ер нь хэр ууртай амьтан бэ?

-Манай нохой жижиг үүлдрийн нохойг бодвол харагдаж байгаагаасаа хамаагүй дөлгөөхөн амьтан.

Зан төрхийн хувьд ямар вэ?

-Гадны хүн байхгүй тохиолдолд өөрийнхөө гэр  болон  хашаан дотроо амгалан байдаг. Эзэндээ их зөөлхөн учраас харьцахад хүндрэл гардаггүй. Мөн хэдий тайван мэт харагддаг ч хашаан дотроо юм уу хамгаалж буй зүйл рүүгээ маш шаламгай түргэн хөдөлдөг. Ер нь зан төрх нь надад таадагдаж л тэжээдэг дээ.

Хэр их ухаантай нохой вэ?

-Маш ухаантай нохой гэж боддог. Бас эзнээсээ хамаараад, тэжээгээд сайн сургавал харагдаж байгаагаасаа илүү ухаалаг. Би хөгшин нохой нартайгаа бараг харцаараа ойлголцдог шүү./инээв/

Та ямар учраас энэ нохойг тэжээх болсон юм бэ?

-Би өсвөр насанд байхаасаа эхлээд л нохойнд маш сонирхолтой хүүхэд байсан. Эхлээд тэр сонирхол маань хобби маягаар өрнөж байгаад олон төрлийн нохой тэжээж  сүүлдээ цэвэр үүлдрийн гэсэн тодотголтойг нь сонирхож явсаар хобби маань гүнзгийрээд ажил болчоод л байж байна./инээв/

Ямар үүлдрийн нохой вэ?

-Манайх дундад Азийн хоньч нохойг давамгайлан тэжээдэг. Дэлхийд бүртгэгдсэн нэр нь бол “Central Asian Shepherd Dog” . Дундад Азид хөгжиж эхэлсэн. Бүс нутаг нь өнөөдөр дэлхий дээр эрчимтэй хүчээ аваад зогсохгүй ОХУ-ын нэрийн өмнөөс “FCI”-гээд дэлхийн нохой судлалын холбоонд өөрийгөө бүртгүүлсэн ийм нохой байгаа.

 

Арга Билэг үржүүлгийн газар

Ихэвчлэн юугаар хооллодог вэ?

-Монголын нөхцөлд малын дайвар бүтээгдэхүүнийг боловсруулаад чанаж бэлтгэдэг. Гэхдээ байнга нэг төрлийн хоолоор дагнадаггүй. Сольж хольж өөр өөр төрлийн хоол өгөхийг хичээдэг л дээ.

Ямар нэгэн вакцинд хамрагддаг уу?

-Энэ нохойг  гөлөг байхад нь гурван удаагын давтажтай вакцин хийдэг. Монголд хамгийн их давамгайлсан парвовирус вирус, гудрага гэх өвчний эсрэг гөлөг байхад нь хийдэг байгаа. Туулганд улиралд нэг удаа хамрагдаж мөн жил болгон галзуугийн вакцинд хамрагдуулдаг.

 Орчиндоо дасан зохицох чадвар хэр сайн бэ?

-Дундад Азийн хоньч нохой гэдэг нь тухайн байгаа орчиндоо дасан зохицох чадвар маш өндөр. Ерөнхийдөө уугуул нохой ямарч селекц янз бүрийн үүлдрийг хольж хутгаагүй манай монгол ноход шиг өөрийн гэсэн хэдэн жилийн түүхтэй байгаль дээр хүний оролцоогүйгээр амьдарч чадахуйц чадвартай. Мөн манай орны -30 градус хүйтэнг ерөөсөө тоохгүй эсэргээрээ зуны улирлын +30 градусыг ч бас л ажирахгүй. Дэлхийд их дархлагдаж байгаа нохой юм .

Та энэ нохойгоо  ямар чиглэлээр ашиглаж тэжээдэг вэ?

-Эхлээд гэвэл би энэ ажилдаа маш дуртай. Ерөнхийдөө үзэсгэлэнгийн нохой тэжээдэг бас үржил селекц байнга хийнэ. Үржил хийнэ гэдэг нь төгс нохой гэж байдаггүй, янз бүрийн сайн цустай, удам сайтай нохойг  хооронд нь хольж сэлбэж үржүүлээд яг өөрийнхөө зорьж хайсан тэр төгс нохойг гаргаж авахын төлөө л ажиллаж байна.

 

Трайпл Траст Зангар

Дэлхийд бүртгэгдсэн нэр; Central asian shepherd dog

Ямар хэлбэрээр нохойгоо худалдаалдаг вэ?

-Бид энэ нохойгоо гөлөг байхад нь гаднаас дөрөв, таван саяаар худалдаж авдаг. Түүнчлэн зардлаа нөхөхийн тулд түүнээсээ гарсан гөлөгөө зардаг. Сонирхсон хүмүүс ирж авахаас гадна гадны зах зээл рүү ч мөн гаргадаг.

Хэр их арчилгаа шаарддаг мөн ямар үнээр  зардаг вэ?

-Манайх тийм тодорхой үнэ гэж байхгүй. Жижиг гөлөг тэжээнэ гэдэг нь  нялх хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг л арчилгаа шаарддаг. Маш сайн анхаарч тэжээх хэрэгтэй, тухайн гөлгөндөө зарцуулсан өсөлт бойжилт, зардал мөнгө, мөн эх нохойг хээлтэй байхад нь маш их уураг, илчлэг ихтэй хоол, витамин зэрэг өгч гөлгөө гармагц бас хоёр сар түүндээ анхаарал тавьж байдаг учраас гаргасан зардлаа тооцож  байж л үнээ тогтоодог.

Тэжээх явцад хүндрэлтэй асуудал гарч байсан уу?

-Нохой тэжээнэ гэдэг асар их тэвчээр шаарддаг. Тухайн эзэн  үүндээ дуртай бас хөдөлмөрч байх хэрэгтэй. Байнга тор  дотор нь байлгаад байж болохгүй, гаргаж салхилуулна, тэмцээн уралдаанд оролцдог нохойг бол байнга бэлтгэл хийлгэдэг. Угаана цэвэрлэнэ, өнгө зүсийг нь алдагдуулахгүй байж, биеийн хэлбэр хийц, хоол тэжээл, болон хүчний бэлтгэл гэх зүйлүүдийг тогтмол хийлгэдэг учраас тийм амар асуудал биш  байдаг.

Тэмцээний төрлүүдийн хувьд ямар төрлөөр оролцдог вэ?

-Манай Монголд нохойны үзэсгэлэнт тэмцээнүүд болдог. Бас зодооны төрлийнх мэргэжлийн түвшинд зохиогддог болсон. Үүнд бооцоот тулаанууд байдаг . Нохдыг заавал  цус нөжтэй нь хольж үхтэл нь зодолдуулдаг дүрэм бол байхгүй, энэ нь хүмүүсийн бодож байгаа шиг харгислал биш юм. Тухайн нохой зодолдох сонирхолгүй болох, бууж өгсөн тохиолдолд тэмцээнийг шууд зогсоодог. Мэдээж тухайн дүүргээсээ зөвшөөрөл авч байж шийдэгддэг.

-Харин үзэсгэлэнгийн тэмцээний хүрээнд ‘’FCI’’-ийн Дэлхийн нохой судлалын холбоо гэж байдаг. Уг тэмцээнүүдийг шүүдэг шүүгч нарыг урьж авчирдаг. Тэгээд нохойнуудын бие, антом, хэлбэр хийц, болоод биеийх нь хэмжээ, өөрийнх нь үзүүлэх чадварыг харж байж аваргыг шалгаруулдаг.

 

 

Дундад Азийн хоньч нохой

Таны төрлийн нохой тэжээдэг хүмүүс Монголд хэр их байдаг вэ?

-Дундад Азийн хоньч нохойг сонирхож байгаа хүмүүс маш эрчимтэй өсөж байгаа. Энэ нохой анх Монголд 2000 оны эхэн үеэс хөгжиж эхэлсээр 2013 онд  Дундад Азийн хоньч нохойн клуб гэж байгуулагдсан. Тэр үеэс хойш энэ нохойг сонирхогчид нэг клуб доор нэгдээд өнөөдрийг хүрч байна.

Та энэхүү ажлаа үргэлжлүүлсээр байх бодолтой байна уу?

-Энэ нохойнд би маш их цаг зав, багагүй хөрөнгө мөнгө зарцуулсаар ирсэн, тийм болохоор хаяна гэж боддоггүй.

Цаашдын зорилгоосоо  хуваалцаач?

-Би энэ ажлаа үргэлжлүүлж дэлхийн тавцанд өрсөлдөх ‘’World Champion’’ гэх тэмцээнд ороод нохойгоо аварга болохыг нь хараад зогсож байхыг  зорилгоо болгон ажиллаж байна.

Танд баярлалаа ажилын амжилт хүсье.

 

Сэтгүүлч; М.Бат-Эрдэнэ 


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү