Хөгшрөлт хөлөөс эхэлдэг


6 жил 12247

     Олон хүний хөлийн судас бүдүүрч, нүдэнд ил харагдахуйц тод төвгөр болсон байдаг. Мөн хүмүүсийн хөлөөр идээт үрэвсэл гарч, яр шархлах, хөл харлах, хавагнах,  зэрэг шинж тэмдэг илэрсэн байсан. Гэвч эдгээр шинж тэмдэг нь хөлийн судас бүдүүрэх өвчин гэдгийг хүмүүс мэддэггүй. Иймээс энэ талаар Монголдоо энэ чиглэлээр дагнасан Ивэн эмнэлгийн их эмч, Клиникийн профессор Д.Оюунтай ярилцлаа.

-Ихэнх хүмүүсийн хөлийн судас бүдүүрч, нааш товойсон байдаг. Гэвч үүнийг хүмүүс өвчин гэж мэддэггүй. Тэгвэл хөлийн судасны бүдүүрэл гэж юу вэ бидэнд тайлбарлаач.

-Хөлийн судас бүдүүрэл нь цусыг хөлөөс зүрх өөд нь явуулах үүрэгтэй венийн судасны доторх хавхлага муудсанаас үүддэг өвчин. Энэ өвчин хөлийн арын эрээ булчинд голдуу үүсдэг. Венийн судасны гэмтсэн хавхлагыг эмчлүүлэхгүй удаан хугацаанд явбал доод мөчдөөр цусны эргэлт сайн явагдахгүй цус тогтуун байдалд байснаар судас товойн гараад зогсохгүй арьс дотроосоо идээлж яр шарх үүсэх аюултай. 

-Судасны бүдүүрэл нь хүндэрсэн тохиолдолд цаашид гарч болох сөрөг нөлөөллүүд нь юу вэ?

- Венийн судас цусыг зүрхэнд хүргэх үүрэгтэй бөгөөд зүрхэнд хүрсэн цус шим тэжээлээр баяжиж биеийн бусад хэсгүүдэд хүрдэг. Гэтэл энэ үйл ажиллагаа алдагдан судасны тэжээлийн дутагдлаас болж яр, шарх үүсэх, судасны бөглөрөл үүсэн улмаар харвалт өгдөг, хөл харлаж үхжилт өгөх, хавдах , хөл бүдүүрдэг. Эдгээр хүндэрсэн тохиолдолд илэрдэг шинж тэмдэг.

  Эхэн үед өвдөлт, зовиур мэддэггүй. Тийм болохоор хүмүүс эхэнд үед нь биш хожуу, хүндэрсэн хойно ирж эмчлүүлэх, эмчилгээ үйлчилгээ авах тохиолдол элбэг байна. Хөлөө тайруулахаар болсон хүмүүс ирдэг ч европын шинжлэх ухаан тэр тусмаа Герман , Англи улсад эмчилгээний маш үр дүнтэй аргууд бий болсноор хүмүүс хөлтэй, эрүүл болж үлдэж чадсаар байна.

 Хэрэв таны хөлийн судас ямар нэг хэмжээгээр бүдүүрсэн, өвддөг, хавддаг, загатнадаг, яр шарх үүссэн бол яаралтай судасны эмчид хандах хэрэгтэй. Мөн чихрийн шижинтэй хүмүүсийн эмчилгээ өөр учир эмчид заавал хандаарай. Хамгийн зөв найдвартай, баталгаатай оношилгоо нь хэт авиа буюу эхо оношилгоо.  

 

-Эмчилгээг хожуу хийлгэсэн ч бүрэн эмчлэгдэх боломжтой юу?

-Ер нь бол энэ өвчин маань нэгээс дөрөвдүгээр үе гэсэн хүндрэлийн шатлалтай. Гэхдээ шинжлэх ухаан хөгжиж дэвшихийн хэрээр маш сайн аргууд бий болсон. Иймээс аль ч түвшинд байсан эмчилж, хэвийн амьдралдаа орж сайхан амьдрах боломжтой болсон юм. Харин манай улсын хувьд азийн улс орнуудад судасны бүдүүрлийн өвчинтэй тэмцэх тал дээр эрчимтэй ажиллаж, туршлага судалж байгаа. Энэ жил хоёр дахь удаагаа болсон эмч нарын хурал семннарт оролцож, манай илтгэл эмчилгээний арга маань хоёрдугаар байрын шагналыг хүртсэн юм шүү.

-Энэ өвчинд ямар хүмүүс өртөмтгий байх вэ? Ямар хүчин зүйлс нөлөөлөх бол.

-Маш олон хүчин зүйлтэй. Үүнээс дурдвал: Хэт их таргалалт, суудлын ажилтай болон босоо ажилтай хүмүүс, халуун орчинд байх /саун/ олон удаа төрсөн болон жирэмсэн ээжүүд, өндөр өсгийтэй гутал өмсөх, том аваар осолд орж эмчилгээ хийлгэсэн хүмүүс, тамхи татах, жирэмснээс хамгаалах эм буюу дааврын эм хэрэглэх зэрэг хүчин зүйлс нь судасны бүдүүрлийн өвчинтэй болох шалтгаанууд юм.

Манай улсын үзлэг шинжилгээ хийлгэсэн ард иргэдийн 84,1 хувь нь эмэгтэй бөгөөд дийлэнх нь 26-45 насны идэр залуу насны хүмүүс байгаа аж. Харин олон улсын судалгааны шинжилгээнээс харахад эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдээс илүү энэ өвчинд өртөмтгий байгаа юм.

-Тэгвэл энэ өвчин удамшдаг уу?

- Хөлийн судас бүдүүрэх өвчин удамшдаг. Эцэг, эх хоёр нь хөлийн судас бүдүүрэх өвчнөөр өвчилж байсан бол үр хүүхдэд нь 77-80 хувь удамшдаг. Харин эцэг, эхийн аль нэг нь хөлийн судас бүдүүрэх өвчнөөр өвчилж байсан бол 65-68 хувь удамшдаг гэсэн тооцоо судалгаа байдаг.

-Урьдчилан сэргийлэх арга болон эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн барих дэглэмийн талаар зөвлөөч?

- Венийн цус бөглөрөх өвчнөөс урьдчилан сэргийлэх тусгай даралттай эмчилгээний оймс байдаг. Тиймээс нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авч зааврын дагуу зөв тааруулж өмсөнө.Иргэд өөрсдөө хөлөө сайтар ажиллаж байх нь чухал. Жилдээ нэг удаа үзлэг, шинжилгээнд орж байх хэрэгтэй. Харин эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн хувьд хэт их жин нэмэхгүй байх, хэт халуун болон хүйтэн усанд хөлөө дүрэх, халуун орчин буюу саунд суухаас татгалзах ёстой.

 


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү