Хот хооронд зорчих иргэд юуг анхаарах ёстой вэ?


3 жил

Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хөл хорионы дэглэмд байгаа иргэдийг батлагдсан түр журмын хүрээнд оршин суух газарт нь буцаах зохион байгуулалтын арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас иргэдэд дараах зааварчилгааг өгч байна.

  1. Цахимаар www.119.mn сайт руу хандан Улаанбаатар хотоос орон нутагт, орон нутгаас нийслэл хот руу болон аймаг, сум хооронд зорчих хүсэлтээ бүртгүүлэх, шинжилгээ өгөх газраа сонгож, цаг товлоно.
  2. Товлосон газраа, товлосон цагт очиж шинжилгээгээ өгнө.
  3. Шинжилгээний хариуг www.119.mn-ээс “Шинжилгээний хариу авах” цэснээс регистрийн дугаараар шалгаж авна.
  4. Шинжилгээ өгч хариу авсны дараа 48 цагийн дотор хот хооронд зорчих хөдөлгөөнд оролцох шаардлагатай. Нийтийн тээврийн үйлчилгээгээр зорчих бол тасалбараа www.eticket.transdep.mn рүү орж захиална.
  5. Билетээ захиалж авсны дагуу товлосон өдөр, цагтаа явах газраа очиж нийтийн тээврийн унаанд бүртгэлээ баталгаажуулан сууна.
  6. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримталж явах тул хувийн бэлтгэлээ сайтар хангах шаардлагатай.
  7. Очих газраа очиж гэрийн тусгаарлалтад 14 хоног байх ба хайртай дотны хүмүүстээ халдвар дамжуулж бусдад тараахгүйн тулд заавар журмыг сайтар баримтална.
  8. Очсон газраа эмч, эрүүл мэндийн байгууллагад хандаж Ковид-19-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд дахин хамрагдана.

Хязгаарлалтын дэглэмд байгаа нийт 85 мянган иргэнээс 76 мянган иргэн Улаанбаатараас орон нутагт, орон нутгаас Улаанбаатар хүрэх 14 аймгийн төвийн чиглэлд Автотээврийн үндэсний төвийн гэрээт албан ёсны тээврийн хэрэгслээр зорчихоор хүсэлтээ ирүүлсэн бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан иргэдийг тээвэрлэхээр бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 304 тээврийн хэрэгсэл 427 жолооч, орон нутагт 216 тээврийн хэрэгсэл 384 жолооч ажиллахад бэлэн байгаа талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Иймд шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд тээврийн хэрэгслийг хангалттай байгаа учир дараах зурагт үзүүлсэн схемийн дагуу халдвар, хамгааллын дэглэмийг сахиж үйлчлүүлэхийг мэргэжлийн байгууллагуудаас санууллаа. Тээвэрлэлттэй холбоотой асуудлаар Автотээврийн үндэсний төвийн 1900-1234 тусгай дугаарт залгаж мэдээлэл авах боломжтой юм байна.

Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулахдаа Драгон, Лавай, Тэнгэр төвүүдээс 08:00-16:00 хооронд зохион байгуулна. Тээвэрлэлтийн хуваарийг доор зургаар үзүүлэв. Архангай аймагт халдвар илэрч, УОК-оос хөл хорио тогтоох шийдвэр гарсантай холбогдуулан тус чиглэлд тээвэрлэлт зохион байгуулахгүй гэдгийг албаныхан санууллаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү