Франц, Германд үндэсний хэмжээний хөл хорионы дэглэм зарлалаа


3 жил

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон иргэдийн хөдөлгөөнийг хориглох тухай үндэсний хэмжээний хөл хорионы дэглэм зарлалаа.  

Аваннэгдүгээр сарыг дуустал үргэлжлэх уг хорионы үеэр иргэд зөвхөн ажилдаа явах, эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд л гадагш гарах боломжтой юм байна.

Ерөнхийлөгч Макрон мэдэгдэлдээ "Энэ Баасан гарагаас эхлэн вирусийн тархалтыг зогсоох зорилгоор тусгаарлах арга хэмжээ авахаар шийдлээ" гээд коронавирусийн хоёрдугаар давлагаанаас үүдсэн ноцтой үр дагавар гаргахгүйн тулд ийнхүү шинэ журам мөрдөх болсноо хэлжээ. 

Иргэд гадагш гарахдаа тусгай маягт бөглөх шаардлагатай юм байна. Мөн нэг дор олноор цуглахыг хорьж, баар, зоогийн газар болон нэн шаардлагатай бус үйл ажиллагааг зогсоохоор болжээ.

Тус улсад өнгөрөгч нэг хоногийн дотор 523 хүн амиа алдсан бөгөөд тэдгээрийн 235 нь эмнэлэгт бус гэртээ нас барсан байна.

Германы канцлер Ангела Меркель мөн хөл хорионы дэглэм тогтоож буйгаа зарласан. Тус улсад арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэх энэхүү дэглэм хэрэгжиж эхлэх бөгөөд дөрвөн долоо хоногийн турш үргэлжлэх төлөвтэй байна.

Эрх баригчид хоёр долоо хоногийн дараа халдварын тархалтын нөхцөл байдлаас шалтгаалж хязгаарлах арга хэмжээгээ зогсоох эсэхээ шийдэх гэнэ. 

Германд баар, зочид буудал, кино театрууд, спорт танхимуудыг хаасан байна. Дэлгүүрүүд болон боловсролын байгууллагууд ажилласан хэвээр байгаа аж. Иргэд нэгнийхээ гэрт зочилж болох ч 10 ба түүнээс олон хүн цуглах, хоёроос дээш тооны айл өрх нэг дор цуглахыг хорьсон байна. Тус улсад хоногийн дотор 15 мянган хүнээс коронавирус илрүүлжээ.

Дэлхий даяар хоногт дунджаар 450 мянган хүнээс вирус илрүүлж байгаа бөгөөд нийт халдвар авагсдын тоо 45 саяд дөхөж байна. Нийт 1 сая 171 мянган хүн нас барж, 32,5 сая хүн эдгэрчээ. 

Эх сурвалж: ВВС

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү