Долдугаар сарын 15-ныг дуустал бүх нийтээр амарна


4 жил

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой oндэсний их баяр наадмаар улс даяар тав хоног амарна. Энэ жил долдугаар сарын 11-н буюу үндэсний их баяр наадмын эхний өдөр Бямба гаригт таарч байгаа бөгөөд долдугаар 15-ны Лхагва гаригийг дуустал амрах юм.

Баяр наадмын өдрүүдэд аянга цахилгаантай, үргэлжилсэн бороо орох төлөвтэйг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлж буй. Салхины хурд зарим үед 17-18 м/сек хүрч ширүүсэх аж.  Тиймээс иргэд амралтын өдрүүдээр гол нуурын эргээр аялах, бага насны хүүхдийг голын эрэг дагуу тоглуулахгүй байхыг Нийслэлийн онцгой байдлын газраас анхаарууллаа. Тус газраас НМХГ, НЭМГ-тай хамтран өнөөдөр /2020.07.09/  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

ТУУЛ ГОЛД 17 ХОНОГТ 12 ХҮН ОСОЛДЖЭЭ

НОБГ-ын мэдээлснээр  баярын өдрүүдэд 2046 алба хаагч 56 автомашинтай өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар болжээ. Энэ хүрээнд гол нууруудын эргээр “завьт эргүүл”-ийн алба хаагчид ажиллах юм байна. Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт усанд унасан 10 хүний амь насыг авран хамгаалжээ. Мөн Туул голд 17 хоногийн дотор 12 хүн осолджээ. Тэдний дунд гурван настай хүүхэд эндсэн харамсалтай мэдээлэл байна. Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ хяналт тавьж голын эрэг дагуу тоглуулахгүй байхыг анхаарууллаа.

ЭМНЭЛГҮҮД 09:00-16:00 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА

Нийслэлийн эрүүл мэндийн газраас баяр амралтын өдрүүдэд дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн дотрын, гэмтлийн, мэс заслын  кабинет 09:00-16:00 цаг хүртэл ажиллана гэж мэдээллээ. Мөн дүүргийн эмнэлгүүд 24 цагаар ажиллах Шүд эрүү нүүрний төв ажиллах хуваарьтай байна.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМД ОРОЛЦОГЧДЫН ХООЛ ХҮНСНИЙ ЧАНАРТ АНХААРНА

Энэ жилийн баяр наадам үзэгчгүй болж буйгаар онцлогтой. Үндэсний их баяр наадмаар 13 дугаар зуун, Хүй долоон худагт бөхийн барилдаан, сур харваа, хурдан морины уралдаан болно. Үүнд оролцож буй 1000 орчим хүнийг хоолны хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор  хоол хүнсний чанар, аюулгүй байдалд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт тавин ажиллах юм байна. Тус газрын 110 улсын байцаагч баярын өдрүүдэд хяналт тавьж ажиллахаар болсныг НМХГ-аас мэдээлэв. Тус газраас баярын өдрүүдэд 13 дугаар зуун, Хүй долоон худагт  хийн болон цахилгааны аюулгүй байдалд анхаарал хандуулж байгаа аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү