Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ


4 жил

Энэ оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр Монголын түүхийн шалгалтаар эхэлж байна. Долоодугаар сарын 2-ны өдөр 10:00 цагаас Монголын түүх, 14 цагт Англи хэл, долоодугаар сарын 3-ны өдөр хими, газарзүй, нийгмийн ухаан, долоодугаар сарын 4-ний өдөр биологи, математик, долоодугаар сарын 5-ны өдөр физик, орос хэл, монгол хэлний шалгалт тус тус явагдана.

2020 онд Улсын хэмжээнд 30902 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд нийт шалгуулагчдын 27999 нь энэ онд ЕБС төгсөж буй, 2903 нь өмнөх онуудад Ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчид байна.

Коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалан энэ жил сургалтын хөтөлбөр, элсэлтийн шалгалтын журманд өөрчлөлт орсон тул 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэлбичгийн шалгалтыг авахгүй. Мөн монгол хэл, англи хэл, орос хэлний хичээлийн сонсоод ойлгох чадвар сорьсон даалгаврыг хасжээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг нийслэлд 43, орон нутагт 42 нийт 85 шалгалтын байранд зохион байгуулна. Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалтын нэг ангид 1.5-2.0 метрийн хоорондын зайтай байрлуулсан ширээ, сандалд суудлын хуваарилалт хийсэн бөгөөд нэг ангид 12 шалгуулагч шалгалт өгнө. Шалгалтын байранд оруулахдаа бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс суудлын хуваарь дээр тухайн шалгалтыг өгөх шалгалтын байр, шалгалтын байранд ирэх цагийн тов, нэвтрэх хэсгийн дугаарыг тусгайлан зааж өгчээ. 

  Шалгалтын байрны “шалган нэвтрэх хэсэг”-т шалгуулагчдын халууныг хэмжих, гарын ариутгал хийх, 1 удаагийн бээлий өгөх, бичиг баримт шалгах, тулгах, зөвлөн туслах үйл ажиллагаа явагдах юм.

 Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо гаргах, засалтын үйл ажиллагааг шууд засалтын шилэн технологи ашиглан шалгалтын байр тус бүрээс www.live.eec.mn цахим хаягаар шууд мэдээлнэ. Шалгалтын шууд засалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй тохиолдолд нөхөж үзэх боломжтой аж.

Үүний дараа шалгалтын дүн оноог www.eec.mn цахим хуудсанд байршуулна.

2020 оны 07 дугаар сарын 06-нд шалгалтын жагсаалт, дүн оноог нийтэд зарлан мэдээлэх ба “Батламж хуудас”-ыг 07 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд:

  • 2020 онд төгсөж буй шалгуулагчдад аймаг/дүүргийн БСУГ/хэлтсээр,
  • өмнөх оны төгсөгчдөд Боловсролын үнэлгээний төвөөр тус тус дамжуулан тараана.      

БСШУСЯ-наас энэ жилийн ерөнхий шалгалтын босго оноог зарласан. Улсын сургуулиудын босго оноо 480, хувийн сургуулиудынх 410, орон нутгийн сургуулиудын босго оноо 400 байхаар тогтож буй. Босго оноо хэвээр мөрдөгдөх ч сургалтын хөтөлбөр, цар тахалтай холбоотойгоор үндэсний босго оноон дээр тулгуурлан их, дээд сургуулиуд өөрсдийнхөө босго оноог зарласан юм. Мөн энэ жил элсэгчид цахимаар сургуульдаа бүртгүүлнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү